Италийн Ром хотод болсон АНУ, БНХАУ-ын төлөөлөгчдийн уулзалт долоон цаг үргэлжилж, ОХУ-тай харилцах асуудал, мөн Украины байдал болон тус улсыг тойрсон хямралыг хэлэлцлээ гэж Америкийн засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгч мэдээлэв.
“Тэд АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлыг илэрхийлсэн олон асуудлыг хөндсөн. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт цаг үеийн ноцтой байдлыг, мөн харилцаа холбоо тогтоох шугамыг нээлттэй байлгах бидний амлалтыг тусгасан эрчимтэй уулзалт байлаа” гэж АНУ-ын гүйцэтгэх засаглалын төлөөлөгч хэлжээ.
“Уулзалтын үеэр АНУ-Хятадын харилцааны асуудлыг бүхэлд нь хэлэлцсэн. Тэд Орос, Украины талаар нэлээд удаан ярилцсан” гэж тэрбээр цохон тэмдэглээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчийн хэлснээр, Италид хийсэн энэ удаагийн уулзалтыг “эртнээс төлөвлөсөн байсан” бөгөөд яаран эсвэл Оростой холбоотой цаг үеийн байдалтай уялдуулан зохион байгуулаагүй байна.
Эх сурвалж: TASS