А24:"ТОЙРОГ" ДЭЛГҮҮР 2 ТОНН ХУУЧИН ХУВЦСЫГ ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ЗАРЖ БОРЛУУЛЖЭЭ

2022-03-15  

Үйл ажиллагаагаа явуулаад хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд тэд 2 тонн гаруй хуучин хувцсыг борлуулснаас гадна загвар нь хуучирсан хувцаснуудыг ангилан ялгаж, залуу дизайнеруудтай хамтран загварыг нь дахин шинэчилж, цор ганц “Upcycled second hand” загваруудыг гаргадаг болжээ.

Тус дэлгүүрийн үнэнч хэрэглэгчид нь Gen-Z үеийнхэн буюу залуу үйлчлүүлэгчид тэр дундаа дунд сургуулийн сурагчид байдаг тухай “Тойрог” дэлгүүрийнхэн онцоллоо. Тэд өмсөхгүй хувцсаа өгөхөөс гадна худалдан авч цаашлаад өөрсдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнээ ч зарж борлуулдаг байна.  

Дэлгүүрийг үүсгэн байгуулагчдын нэг гэрэл зурагчин Агнууш хэлэхдээ “Дэлгүүрээ нээхэд маш олон залуус энэ төрлийн соёлыг ойлгодог, ийм дэлгүүр нээгдэхийг хүлээж байсныг мэдээгүй. Нэг ёсондоо үйлчлүүлэгчид нь бэлэн байсан. Гэвч бид яг архи зарж байгаа хүмүүстэй адилхан татварыг улсдаа төлж байна. Ямар ч хуулийн орон зайн байхгүй тул энэ салбартаа анхдагчийн хувьд хариуцлагаа үүрээд татварын таатай орчныг нь сайжруулах  хуулийн төсөл санаачлан, батлуулахаар ажиллаж байна” гэлээ.

Байгаль ээлтэй хэрэглээний соёлыг түгээж буй тус дэлгүүрийнхэн цаашдаа энэ бизнесээ фрайнчайз байдлаар хөгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрд нээхийг хүсэж байгаа аж.

  • Гэрэлмаа, Юникорн

Манай дэлгүүр хайрыг түгээдэг. Яг дэлгүүр гэж хэлж болохгүй ч соёл, хайрыг түгээж байгаа хамт олон гэж хэлж болно. Учир нь байгаль ээлтэй шинэ бүтээгдэхүүнүүд, хуучин бүтээгдэхүүнүүдийг дахин эргэлтэд оруулах чиглэлээр хувь нэмрээ оруулдаг. Манайхаар үйлчлүүлж байгаа ихэнх үйлчлүүлэгчид маань Gen-Z үеийнхэн буюу залуу үйлчлүүлэгчид тэр дундаа дунд сургуулийн сурагчид байдаг. Бас манайх дээр өөрийн хийсэн гар урлал, аксисурын бүтээгдэхүүнүүдээ тавьж заруулдаг хүүхдүүд маань мөн л дунд сургуулийн сурагчид. Харин тойрогт хувцсаа хандивлаж байгаа хүмүүс нас насны хүмүүс байдаг. Өмнө нь хуучин хувцас нь зөвхөн гадаадаас импортолж оруулж ирдэг комиссын муухай үнэртэй хувцаснууд байдаг гэсэн ойлголт байсан. Гэтэл одоо бол хүмүүс илүү эерэг ойлголттой болж, хүмүүс зөв хандлагаар хүлээж авч хувцсыг хэрэглээ талаас нь харж байгаа нь таатай байгаа.

  • Агнууш, Тoirog, Shkaf дэлгүүрүүдийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин

Яагаад Тойрог дэлгүүрийг нээх болсон бэ гэхээр. Хуучин хувцасны соёл, ойлголт нь бүх хөгжингүй орны нийгмийн нэг хэсэг нь эд эс нь байсаар ирсэн. Гэтэл манайд энэ соёлыг түгээж байгаа газар огт байхгүй байгааг олж мэдээд, ийм дэлгүүрийг заавал нээх ёстой гэдэг дээр манай хамтрагч бид хоёр санал нэгдээд, хийхээр шийдсэн. Бидэнд анхандаа ямар ч хүлээлт байгаагүй. Бүтэн жилийн хугацаанд ямар ч ашиггүй ажилласан ч хамаагүй. Энэ бол заавал нийгэмдээ байх ёстой зүйл гэж үзэн дэлгүүрээ нээсэн. Гэвч дэлгүүр нээгдэхэд маш олон залуус энэ төрлийн соёлыг ойлгодог, ийм дэлгүүр нээгдэхийг хүлээж байсныг мэдээгүй. Нэг ёсондоо үйлчлүүлэгчид нь бэлэн байсан. Анх нээгдсэн цагаасаа хойш ямар ч асуудалгүй, маш тогтвортой явж ирсэн. Яг одоогийн байдлаар 1 жил гаруйн хугацаанд 2 тонн хувцсыг дахин эргэлтэд оруулсан амжилттай явж байна. Тиймээс бид ирэх зунаас Эрдэнэт хотод өөрийн франчайз дэлгүүрээ нээхээр төлөвлөж байна. Тойргоо фрайнчайз болгоод алс хэтдээ Монгол улсын өнцөг булан бүрт “Тойрог”-ийн дэлгүүртэй болох зорилт тавьж ажиллана. Харин “shkaf” платформ бол зөвхөн онлайн технологи дээр суурилсан. Гол зорилт нь зөвхөн монголчуудаасаа хуучин хувцас татан төвлөрүүлээд эргээд монголчуудад нь хүргэх экосистемийг бүтээх зорилготой.  Ажиллаад өнөөдөр 2 сар болж байна.

Өнөөдрийн бид нар яг архи зарж байгаа хүмүүстэй адилхан татварыг улсдаа төлж байна. Энэ нь зүгээр л хуучин хувцсыг монголчуудаас татаж аваад, буцаагаад зарж байгаа тохиолдолд ямар ч хуулийн орон зайн байдаггүй. Ийм үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй хуулийн нөхцөлтэй. Би маш их судалсан. Бид хүний гар дээрээс худалдан авалт хийж байгаа. Гэтэл улсад компаниараа тайлан өгөхийн тулд бүх бараа е-баримттай байх ёстой.  Гэтэл та надад нэг фудболкоо зарья гэхэд би таниас е-баримт нэхээд суух ямар ч боломжгүй учраас үүн дээр ямар нэгэн шийдэл гаргах ёстой. Үүнд өнөөдрийг хүртэл хэн ч санаа зовж, анхаарал хандуулахгүй байгаа учир салбартаа анхдагч болоод, хариуцлагаа үүрээд явж байгаа хүний хувьд ойрын 2-3 жилийн хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл санаачилж, бичээд хүмүүстэй хамтран батлуулна гэж бодож байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?