УЛААНБААТАР НАЙМАН ЖИЛИЙН ДАРАА 120 САЯ МОДТОЙ ХОТ БОЛНО

2022-03-29  

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхий нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлснээ зарласан. Ийн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах төсөл, төлөвлөгөөг танилцуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, нэгдсэн бодлого, шийдэлд хүрэх зорилготой байв. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол орны нийт газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртсөнийг дурьдаад, усны нөөцийг хамгаалах, эко системийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн гэдгийг тодотгосон. Хувийн хэвшлийнхэн тус хөдөлгөөнд идэвх санаачилгатай байгаагийн дотор уул уурхайн компаниуд 680 сая мод тарих амлалт өгчээ.

Д.Сумъяабазар: ЖИМС ЖИМСГЭНИЙН МОД ҮРЖҮҮЛЭХ ГАЗРЫГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛНЭ

Зөвлөгөөнийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлсэн юм. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл ойжуулалт, нөхөн сэргээлтийг хийх 12948 га газарт 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га газарт 4.5 сая мод, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га газарт 65 сая мод, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая мод, нийт 120 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хот төрөөс гаргасан аливаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхдээ бодитой тооцоолол хийж,  сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг үр дүнтэй ашиглан, үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж, туршлагыг бусдад түгээж манлайлан ажиллах болно. Ингэхдээ ой мод, жимс жимсгэнийн мод, ургамал, хүнсний ногоо, эмийн ургамал, мод үржүүлэх газрыг шийдвэрлэж, иргэнд эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгох зэрэг ажлыг нийслэлийн бодлого, шийдвэрт тусган, мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчид, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог дэмжин ажиллаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ажиллана. Мөн мод ургуулсан сайн туршлагыг түгээх, соён гэгээрүүлэх ажлыг хийх болно. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна” гэсэн юм.

П.Баттөр: МОД ТАРИХЫГ ЗААХ СУРГАГЧ БАГШААР ИРГЭДИЙГ БЭЛТГЭНЭ

Улаанбаатар хотын нийт газар нутгийн дөрөвний нэг хувийг ой сан бүхий газар эзэлдэг  буюу нэг хүнд 5.1 ам.метр ногоон байгууламж ногдож байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Дэлхийн хөгжилтэй хотуудад нэг хүнд 16-24 ам.метр талбай ногддог бол ДЭМБ-аас энэ тоог багадаа есөн ам.метрт хүргэхийг зөвлөж байна. Тиймээс манай хотын хувьд дэлхийн улс орнуудын туршлагаас суралцан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийж,  2030 он гэхэд нийслэлийн нэг иргэнд 15 метр квадрат буюу дэлхийн дунджаас нэг дахин их ногоон байгууламж оногдохоор тооцоолсон гэж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр ярилаа.

Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн хоёр жилд 100 орчим га талбайд 135 мянган ширхэг мод тарьж суулгасан байна.  Энэ нөөц боломж, хөрөнгө оруулалтынхаа хэмжээг 100 дахин нэмэгдүүлснээр 17 мянган га талбайг 2030 онд бүрэн ойжуулах тооцоолол гарч байна. Өөрөөр хэлбэл, одоогийн хүн хүчний нөөц, хөрөнгө оруулалтынхаа түвшнийг хамгийн багадаа 100 дахин нэмэх хэрэгтэй гэсэн үг. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний хорооноос мод тарих технологи, ургуулах арга ухааныг заах сургагч багш хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд нийслэл хотын хороо бүрээс иргэдийг оролцуулж сургагч багш бэлтгэхээр төлөвлөж байгаа. Мод тарих нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр болох  төдийгүй ажлын байр бий болгох, цаашлаад бизнес болгон өргөжүүлэх бүрэн боломжтой” гэв.

МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗРУУДЫН УС, ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛӨХИЙГ ХҮСЛЭЭ

Нийслэлийн байгаль орчны газраас гаргасан тоо баримтанд Улаанбаатар хотод ой мод үржүүлгийн чиглэлээр 100 гаруй ААН үйл ажиллагаа явуулдаг гэж дурджээ. Эдгээр аж ахуй нэгж өнөөдрийн байдлаар 4.6 сая тарьц, суулгацын нөөцтэй юм. Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  компаниудыг төрөөс хэрхэн дэмжвэл зохистой болоод хувийн хэвшилд тулгарч байгаа асуудлын талаар “Ногоон харш” компанийн захирал Ц.Баяр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Хувийн хэвшлийн мод үржүүлгийн газруудад газар олголт буюу газрын татвар өндөр, үрийн нөөц хангалттай биш, тоног төхөөрөмж хүрэлцээгүй, ажиллах хүчний эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалддаг, нэмэгдсэн өртгийн албан татвар гэсэн таван асуудал одоогийн байдлаар тулгарч байна. Мод үржүүлгийн газрын ажилтнуудын эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг  төрөөс даавал ажиллах хүчнээ тогтвортой байлгах боломжтой. Учир нь мод үржүүлгийн газрын ажилтнууд жилийн зургаан сард нь ажиллаад үлдсэн зургаан сард нь ажилгүй суудаг. Тиймээс мэргэжилтнээ алдах эрсдэлтэй тулгардаг. Мөн тарьц, суулгацыг НӨАТ-аас хугацаагүйгээр чөлөөлж өгөх, ус, цахилгааны төлбөрийг хөнгөлж өгөхийг хүсч байна. Өдрийн цагаар модыг усалдаггүй. Нар буурах үед усалгааны системээ ажиллуулж эхэлдэг. Энэ нь оройн оргил цагаар буюу цахилгааны тариф гурав дахин нэмэгдсэн үетэй давхцдаг юм. Мод үржүүлгийн газруудад хэрэгтэй тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, хөнгөлөлттэй зээлээр олговол хувийн хэвшлүүд “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэн, хамтдаа зорилтдоо хүрэх  боломж нь бидэнд бий. Мөн тарьц, суулгацын үнэлгээг гаргаад, төрийн байгууллагууд тогтвортой байдлын гэрээ байгуулж, худалдаж авах боломжоор хангаж өгөхийг хүсч байна” гэж ярив.

Салбар яамны зүгээс мод үржүүлгийн компаниудыг бодлогоор дэмжих нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний суурь гэдгийг онцолсон юм. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Ногоон хотыг бий болгохын тулд иргэдийн оролцоо, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг бий болгох ёстой. Төр иргэдийн оролцоог хангах, аж ахуйн нэгжүүд, мод үржүүлгийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний суурь юм. Иймд ойн стратегийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран эхлүүлээд байна. Ойрын хугацаанд энэ стратеги тодорхой болно. Нийслэлд мод тарих газрыг чөлөөлөх, газрын төлбөрийг зохицуулах, мод тарьж буй иргэддээ урамшуулал олгох, эсвэл татварын бодлоготой холбох зэрэг системийг бий болгох хэрэгтэй" гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?