УКРАИНД ХИЙСЭН “ЕВРОПЫН ТОМЧУУД”-ЫН АЙЛЧЛАЛ

2022-04-12  

Бучын хэрэг явдал”-аас үүдэн бодит байдалтай биечлэн танилцахаар Европын Холбооны тэргүүн Урсула фон дер Ляйен, тус холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелиас гадна Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн амралтын өдрүүдэд Украинд хүрэлцэн ирсэн юм. Айлчлалын үеэр Украины зүүн бүсийн Краматорск хотын төмөр замын буудалд Оросын зэвсэгт хүчин пуужингийн цохилт өгсний улмаас 57 энгийн иргэн амиа алдаж 100 гаруй хүн шархдан хотын эмнэлгүүд шархадсан хүмүүсээр дүүрснийг хотын захирагч Олександр Гончаренко орон нутгийн телевизээр ярьжээ. Тухайн үед төмөр замын буудалд Украины баруун хэсэг рүү нүүх 5000 орчим иргэн бөөгнөрөөд байсан аж. Тэдний ихэнх нь өндөр настнууд, эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Зүүн Украины хотуудаас Краматорск нь харьцангуй бага хохирол амссан, тайван хотод тооцогдож байв. Краматорскын төмөр замын буудлын гадна талбайд цус гол горхи мэт урсаж, уутанд хийсэн хүмүүсийн цогцсыг эгнүүлэн тавьсан байгааг олон улсын сэтгүүлчид тэр дор нь дэлхий нийтэд газар дээрээс нь шууд мэдээлсэн юм.

“Оросын цэргийн халдлага довтолгоо идэвхжиж буй бүс нутгаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байсан төмөр замын гол буудалд пуужингийн цохилт өгснийг харах үнэхээр аймшигтай байна. Өнөө өглөө Оросын талаас хийсэн цохилтыг би эрс буруушааж байна” гэж Укрианд ирээд байсан Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жосеп Боррел өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Урсула фон дер Ляйен “Украинд үзсэн бүхэн надад хар дарж зүүдлэгдэх болно. Миний энд үзсэн бүхэн Путины эсрэг тэмцэхэд хүч зориг нэмж байна” гэж мэдэгдсэн бөгөөд буцаж очоод Польшийн ерөнхийлөгчтэй хамтран Варшав хотод урлаг, спортын одууд оролцсон дэлхий нийтийн “Stand up for Ukraine” цахим буяны аян зохион байгуулж Украиныг дэмжих санд 10 тэрбум давсан евро цуглуулсан байна. Мөн Урсула фон дер Ляйен Европын Холбоо Украины эдийн засгийг дэмжих зорилгоор 1.2 тэрбум евро тусламж болгон өгөх шийдвэр гаргасныг мэдэгдсэн юм. Харин Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамт Киевийн гудамжаар чөлөөтэй алхан жирийн иргэдтэй уулзаж байдалтай танилцсан байна. Тэрээр Украины Краматорск хотын төмөр замын буудалд Оросын зэвсэгт хүчин пуужингийн цохилт өгсний хариу болгож Украинд 120 хуягт тээвэрлэгч болон танк, нисдэг тэрэг, нисэх онгоц, хөлөг онгоц сөнөөх зориулалттай 100 сая фунт стерлингийн пуужин, камикадзе-дрон бэлэглэх болсноо зарласан юм.


ТОВЧХОН

Өнгөрсөн амралтын сүүлийн өдөр Францад ерөнхийлөгчийн сонгууль явагдаж энэ улсад уламжлал болоод буй хоёр дахь шатны сонгууль дөрөвдүгээр сарын 24-нд явагдахаар болов. Энэ сонгуульд Францын том намууд болох Бүгд найрамдах намын төлөөлөгч 4.75, харин Социалист намын өрсөлдөгч 1.7 хувийн санал авсан нь шуугиан тарьсан явдал болоод байна. Уг сонгуульд ерөнхийлөгч Эмманюэль Макрон 27.41, түүний гол өрсөлдөгч Марин Ле Пен 24.03, “Чөлөөт францчууд” намын дарга 21.57 хувийн санал авч эхний гурван байрт оржээ. Уг сонгуульд нийт 12 хүн оролцсон бөгөөд дараагийн шатны сонгуульд Эмманюэль Макрон, Марин Ле Пен нар өрсөлдөх юм. Урд нь мөн л энэ хоёр хүн үлдэж дараагийн шатны сонгуульд өрсөлдөж байсан билээ.

 

Кремлийн эрх баригчид Украинд явуулж буй дайны ажиллагааг удирдуулахаар харгис хэрцгий тактик хэрэглэдгээр алдаршсан, 60 настай Александр Дворников генералыг томилсон тухай Вашингтон мэдээлэв. Дворников Чечений хоёрдугаар дайнд оролцож, 2015 онд Сири дэх Оросын цэргийн командлагчаар ажиллаж байжээ. Түүнийг командлагч байх үед Оросын агаарын хүчин Сирийн хотуудыг жирийн иргэдтэй нь хамт газрын хөрстэй тэгшилж байсан юм.Үүнийх нь төлөө түүнд 2016 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнд Улсын Баатар цол олгож байв. “Дайны гэмт хэрэгтэн орос генерал Сирийн хотуудыг газрын хөрстэй тэгшилж байсан тактикаа Украинд хэрэглэнэ. Тэр үүндээ маш сайн” гэж олон судлаачид бичиж байна. Өнөөдрийг хүртэл Оросын зэвсэгт хүчин Украинд бие даасан ерөнхий командлагчгүйгээр тулалдаж байсан бөгөөд Киев болон Украины бусад томоохон хотуудыг эзэлж чадаагүй Оросын арми одоо Донбассын бүс нутагт хүчээ хуримтлуулж, шийдвэрлэх тулаанд бэлдэж байгаа юм.

 

АНУ-ын Төрийн департмент Тайваньд агаарын довтолгооноос хамгаалах “Pa­triot” систем болон уг төхөөрөмжийн тоног төхөөрөмж, сургалтын болон бусад хэрэгслийг 95 сая ам.доллараар худалдахаар болсон. Үүнд зөвхөн зэвсэг хэрэгслээр зогсохгүй, тэдгээрийг байршуулах, ажиллуулах, сургах, засвар үйлчилгээ хийх зэрэг ч багтах юм. Тэгвэл Тайваньд зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Пентагоны саналыг Хятадын эрх баригчид эрс эсэргүүцэж байна гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь мэдэгдэв. “АНУ”-ын энэ үйлдэл нь хоёр улсын харилцааг сүйтгэж, Тайванийн хоолойн энх тайван байдлыг алдагдуулж байна. АНУ Тайбэйд зэвсэг нийлүүлж байгаа

нь хоёр талын хэлэлцээр болон Хятадын үндэсний эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Пентагон зэвсгийн нийлүүлэлтээ цуцалж, Тайванийн оролцоотой цэргийн сургуулилт хийхээ зогсоох ёстой” гэж тэрбээр мэдэгдэв. Тайбэйн зэвсэгт хүчнийг шинэчлэх, найдвартай хамгаалалтын чадавхийг хадгалах замаар АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхлыг хангана гэж Пентагон мэдэгдсэн. Жо.Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ийнхүү гурав дахь удаагаа Тайваньд зэвсэг худалдаж байгаа юм.

 

ОХУ-ын эсрэг Европын холбооны тав дахь багц хориг арга хэмжээнд заасан хугацаа болох Оросоос нүүрсний импортыг хориглох дөрвөн сарын шилжилтийн үеийг Герман улс бүрэн ашиглана гэж Канцлер Олаф Шольц холбооны улсынх нь бүрдэл болох 16 муж улсын ерөнхий сайд нартай уулзсаны дараа мэдэгджээ. Тэрээр энэхүү тав дахь удаагийн хориг арга хэмжээг “дараагийн том, шийдэмгий алхам” гэж тодорхойлов. Хориг арга хэмжээний багцад хувь хүмүүс болон санхүүгийн байгууллагуудад хязгаарлалт тавих, ОХУ-аас нүүрс импортлох, өндөр технологийн бараа нийлүүлэхийг хориглох зэрэг арга хэмжээ багтсан юм. Хоригт өртсөн экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээг 10 тэрбум евро гэж тооцож байгаа бол “түүхий эд, чухал материал”-ын импортын хязгаарлалт нь 5.5 тэрбум еврогийн үнэ бүхий бараанд нөлөөлнө. Түүнчлэн ОХУ-ын хөлөг онгоцуудыг Европын улсуудын боомтоор нэвтрүүлэхийг хориглож, ОХУ, Беларусийн тээврийн компаниуд Европын холбооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломжгүй болох юм.

 

БНХАУ-ын импортлогчид ОХУ-ын нүүрсийг үндэсний валютаараа төлж, импортолж эхэлсэн тухай “Tencent” мэдээллийн портал “Fenwei Energy Information Service” зөвлөх компанийн мэдээллээс эш татан бичжээ. Тус цахим хуудсанд мэдээлснээр, өнгөрсөн сард Хятадын хэд хэдэн компани Оросоос нүүрс худалдан авахдаа юань ашиглажээ. “Эхний худалдан авсан багц энэ сард ирнэ” гэж “Fenwei Energy Information Service” компани мэдээлсэн байна. Үүнээс гадна “Tencent”-ийн мэдээгээр, Оросоос газрын тос нийлүүлэгч зарим компани мөн юаниар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрчээ. Оросын компаниуд Хятад руу тус улсын валютаар экспортлох гэж байгаа гэх түүхий эдүүдийн дунд төмрийн хүдэр ч бас байгаа аж.

BBC.CNN. REUTERS. NHK. UKRIN­FORM.TASS.Global Times.Xinhua. Yonhap-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА, Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?