НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙГ ХОРИГЛОХ НЬ ЗӨВ БАЙНА

2022-04-19  

“Өдрийн сонин” нүүдлийн мал аж ахуйг хориглоё гэдэг энэ сэдвээр олон бичиж байна. Монголын нүүдлийн мал аж ахуйг дур зоргын аж ахуй гэдэг. Яагаад дур зоргын аж ахуй хэмээвэл хэдэн мал бараадаад хаа дуртай газраа нүүгээд, байгаль орчин бохирдуулчихаад ямар ч татвар, түрээс төлдөггүй, хариуцлагын ямар ч ойлголтгүй, хөгжил дэвшил, технологийн ололтгүй, зөвхөн өдөр аргацаасан аж ахуй юм. Харин нэг л давуу тал байдаг нь мал дагасан хүн өлсдөггүй. Ийм л хөшингө аж ахуйг болиулъя гэж “Өдрийн сонин” олон жилийн өмнөөс энэ сэдвийг хөндөж нийтлэл бичиж санал дэвшүүлсээр байгаа.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа энэ чигийн мэдээ, нэвтрүүлэг, нийтлэлийг харж байхад манай сонины дээрх дэвшүүлсэн санаа, хөндөж буй сэдэв зөв байжээ, үүнийг ажил хэрэг болгох цаг нь иржээ гэдэг нь улам батлагдаад байна. Нүүдлийн мал аж ахуйг хориглох нь зөв юм байна гэдэгт улам итгэх боллоо. Саяхан зурагтаар настай малчин ярьж байна лээ, “Нийт малчдын 0.5 хүрэхтэй үгүйтэй хувь нь эмэгтэй малчин байна. Харин эрэгтэй малчид бол байна аа байна. Ийм байдлаар цааш явах нөхцөл алга. Хөдөө, малын захад малчдын хүйсийн харьцаа алдагдсан, яваандаа мал дээр хүн байхгүй болох нь ээ. Эмэгтэйчүүд байхгүй бол эрчүүд яалаа гэж ганцаараа мал дагах билээ. Эмэгтэйчүүдийгээ л бараадаж таарна. Малтай байя гэвэл эрэгтэйчүүд нь малаа дагаг. Эрчүүд нь малаа дагая гэвэл эмэгтэйчүүд нь харчуулынхаа дэргэд нь байх ёстой. Тиймээс хот руу зугтаад байгаа, эргэж хөдөөдөө очихгүй байгаа эмэгтэйчүүдийг хөдөө рүү аваачъя” гэж. Энэ малчны ярьснаар хотод байгаа нэг эмэгтэй хөдөө рүү малчин болохоор аль нэг аймгийн алс сумын нэгэн уулын өвөр юм уу, хөндийд очлоо гэж бодъё. Тэнд байнгын тог цахилгаан бий билүү, хүссэн үедээ халуун ус гоожуулаад усанд орж ариун цэврээ сахиж чадах билүү, амьдрах эрүүл ахуйн нөхцөл нь хэр бүрдсэн байдаг билээ дээ, эзгүй хээр хэдэн хонио дагаад явж байгаа ганц бүсгүй юу бодож, яажшуухан өдрийг барах билээ. Эзгүй хөдөөд эр эмийн асуудал юусан билээ. Боловсон бие засахаас эхлүүлээд тэнд хүний наад захын хэрэгцээ шаардлага хангагддаг бил үү?

Ариун цэврийн асуудал нь тэг заачихсан байхад мал маллахын хажуугаар гоё сайхан хувцаслах, нүүр, үсээ арчилж тордохын тухай эмэгтэй хүн бодох ч сөхөөгүй учир юун боловсрол эзэмшиж, англи хэл сурч, үеийн залуустайгаа нийгэмд хөл зэрэгцэн алхах вэ, тэр талаар ярилтгүй. Эмэгтэй хүнийг хөдөө аваачаад малчин болгох нь битгий хэл очоод ая тухтай хэд хоног амрах нөхцөл байдаггүйг бүгд мэднэ. Долоо ч хонолгүй зутраад буцчихдаг. Ийм байхад эмэгтэй хүнийг уулын мухарт аваачаад өнөө нүүдлийн мал аж ахуйгаа эрхлүүлэх гээд байгаа юм. Хөдөөд нөхөртэй болвол дээдийн заяа. Нөхөр нь гэртээ үзэгдэхгүй. Үүрээр шахуу гараад шөнө дөлөөр орж ирнэ. Эрэл суралд явбал хэзээ ирэх нь тодорхойгүй, хэл бараагүй таг болно. Хүүхэд төрүүлнэ. Зургаан нас хүрэхээр нь ганцааранг нь сумын төв рүү явуулалтай биш гээд залуу хосын нэг нь уулын мухартаа, нөгөө нь хүүхдээ дагуулаад сургууль бараадна. Ингээд гэр бүл тусдаа амьдарч эхэлдэг. Үүнээс болж ар өврөөр тавих гэдэг асуудлыг дагасан хэрүүл маргаан айл гэрийг тойрохгүй. Уулын мухарт гэртээ эхнэр нь ганцаараа байхад хаанаас ч юм нэг хар юм орж ирээд нөхрийг нь эзгүйчлээд элэг бариад хэвтчихээд гарахгүй. Хөдөөд эмэгтэй хүн байхын аргагүй ээ.

Ингэхээр нүүдлийн мал аж ахуй гэдэг салбар Монголд явахаа байчихсан, ирээдүйгүй гэдэг нь энэ мэт нийгмийн асуудлаас харагдаж байна. Нэг үгээр нүүдлийн мал аж ахуйн салбар ажилчидгүй

болчихсон. Тэнд хүн амьдрах нөхцөл үнэндээ алга. Үнэхээр амьдаръя гэвэл эр, эм гэлтгүй бүгд хагас адгуус маягаар л аж төрнө л дөө. Ийм байхад дээр ярьсан настай малчны урилгаар ямар ч эмэгтэй хөдөө рүү явахгүй шүү. Нүүдлийн мал аж ахуй мөхөх зам руугаа орж байгаа учир одооноос болиулах хэрэгтэй. Сайн дураар нүүдлийн малаа дагаад хөдөөдөө байя гэсэн нь малладаг л юм байгаа биз. Гэхдээ үүнд нэг юмыг зөв ойлгох хэрэгтэй. Мал аж ахуйг больё оо гээд байгаа юм биш. Нүүдлийн мал аж ахуйгаас суурин мал аж ахуй руу шилжье, энэ салбараа хөгжүүлье гээд байгаа юм л даа.

Малчид, залуус маань сүү, ноос, мах, ноолуур гээд чиглэл салбараараа нэгдэж нэг бүтэц, загварт орсон ухаалаг, суурин соёлтой, хоршоолсон, нэгдсэн, фермерийн аж ахуйгаар амьдрах хэрэгтэй. Үгүй ядаж байнгын халуун устай, бөөнөөрөө цуглаад ярилцчихдаг танхимтай болоод эхлэхэд л хөдөөд амьдрах урам зориг ороод эхэлнэ. Байг гэхэд ажлын заваараа нэгнийдээ ороод дэмий яриад суучихдаг айл хөрштэй болчихно. Малаасаа авч байгаа бүтээгдэхүүний хэмжээ нь ч дорвитой нэмэгдэнэ. Монголд суурин мал аж ахуйг иймзагвараар хөгжүүлье. Олон фермерүүдтэй больё. Мал дагаж хөдөө хөхөрч, гадаа ганддагаа болъё оо.

Олуулаа хоршоод малаа фермерийн загвараар тэжээгээд хажуугаар нь өөрсдөө соёлтойгоо, ахуйтайгаа ойр соёлт хүн төрөлхтөн шиг амьдарцгааг. XXI зуунд хэдэн мал дагаад хөдөө хээр ганцаараа тэнээд явж байдаг эрэгтэй, эмэгтэй хүн гэж хаа байх вэ дээ.

МАН бол малчдыг яг одооныхоор нь байлгаад байх дуртай. Бүдүүлэг харанхуй байлгах нь тэдэнд ашигтай. Учир нь сонгуулиар саналыг нь салгаж авахад хамгийн амархан хүмүүс гэж хардаг. МАН малчдыг хөдөөд нь хөхрүүлэх гээд бариад байдаг энэ бусармаг бодлогоо одоо зогсоо. Бодлогоо өөрчилж суурин мал аж ахуйтай болгоход анхаар. Гэхдээ суурин мал аж ахуй руу шилжиж буй эхний алхмуудаа хийгээд эхэлчихлээ. Ер нь суурин мал аж ахуй шахагдаж эхэлж буйн эхний шинж бол тариалангийн бүс нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлбэл нэг малаас 10 мянган төгрөгийн татвар авах зохицуулалт хэрэгжих нь. Энэ бол цагийн аясаа дагаад нүүдлийн мал аж ахуйгаас суурин мал аж ахуй руу дөхөж буй хэлбэр. Хөдөөнөөс хотод ирсэн эмэгтэй битгий хэл эрэгтэй хүн ч буцаж нутаг руугаа явдаггүй. Баруун Европын хөгжилтэй орнууд руу явсан монголчууд эргэж ирдэггүй. Энэ ямар учиртай юм гэхээр хүн аль болох эвтэй, аятай, олуулаа байгаа газарт амьдрах дуртай. Хүн хүнээ барааддаг болохоос мал бараадах нь хүний жам биш. Сумдад жижиг жижиг фермерүүд, сумын төвөө тойроод хоршоонууд байгуулагдчихаар олуулаа амьдраад тэр хэрээр тэнд хүн тогтоно биз дээ. Гэртээ халуун устай, байнгын тогтой, боловсон жорлонтой тийм хоршиж байгаа газарт бүр ч олуулаа хөгжилтэй, тохилог сайхан амьдарна.

Хэрэвзээ хөдөөд хүн тогтохоор ийм нөхцөл орчин нь бүрдчихвэл хотоос хөдөө рүү хүн татах боломжтой ч болчихно. Фермер, хоршоонуудаа хооронд нь засвал замаар холбож, цахилгааны өндөр хүчдэлийг нь босгох замаар дэд бүтцийг нь шийдээд өгөх хэрэгтэй. Жишиг ийм фермер, хоршоонуудыг аймаг, сумдад олноор байгуулж, үүнийг ажил хэрэг болгохын тулд бодлого боловсруулж, нүүдлийн мал аж ахуй гэдэг зүйлээс хурдхан татгалзаж, суурин мал аж ахуйг хөгжүүлэхгүй бол мал ч үгүй, малчин ч үгүй болох нь ээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:Өдрийн сонин нэг бус удаа энэ асуудлаар бичиж байна. Гэхдээ сонины байр суурь, ярилц**** гэдэг нь тодорхойгүй, эзэнгүй текст гаргадаг. Захиалагч нь хэн бэ 2022-04-19
Ч. Алтахнуяг:дэмий л юм яриад байна уу даа. дэмчиг минь гэдэг үгээр эхэлмээр. Өөрөө мал маллаж үзсэн үү дээ. Эрчимжсэн, Төрөлжсөн МАА-гаа салгаж мэдэхгүй ийм хөгийн амьтад төрд шургалчихаар \цүнх баригч, НУа гээд цааш нь\ Монгол улсын МАА явахгүй болчихоод байгаа юм аа. өөрөө цб юм уу нуа юм уу, тшм гэдгээ эхлээд хэл. 2022-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?