НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 10 ХУВЬД ХҮРГЭ, 10 БИШ ЮМ АА ГЭХЭД ХОЁР ХУВИАСАА ӨСГӨ ГЭВ

2022-04-20  

“Ажлаа хий” жагсаалын хариу нэхэх суулт өчигдөр өглөөний 10:00 цагаас эхэллээ. Энэ үеэр иргэдтэй уулзаж, үзэл бодлыг нь сонссон юм.


Иргэн Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

-Та өнөөдөр хэдэн цагт ирэв. Ямар нэгэн хариу ирсэн үү?

-Бид өглөө 10:00 цагт цугласан. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.

-Яг ямар шаардлагуудынхаа хариуг нэхэж байна вэ?

-Нийгмийн даатгалын одоо төлж байгаа шимтгэлийг 50 хувь хүртэлх хувиар бууруулах, түүнийгээ буцааж тэтгэмж маягаар олгох хэлбэрээр биш өөр байдлаар шийдэх, НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувьд хүргэх, 10 хувь биш юм аа гэхэд 2 хувиасаа өсгөх, НӨАТ-ын сугалааг болиулах гэсэн гурван ерөнхий шаардлагын дагуу хүмүүсээс гарын үсэг цуглуулж, өргөн барихаар бэлтгэн ажиллаж байна.

-Одоогоор хэдэн хүний гарын үсэг цуглаад байна вэ?

-11:00 цаг өнгөрөөд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогоор 200 гаруй хүн гарын үсэг зураад байна. Ер нь 1000 гарын үсэг цуглуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Залуучуудын идэвх оролцоо хэр байна вэ?

-Залуус ирж асуугаад саналаа хэлээд гарын үсгээ зурж байна. Цайны цагаараа, ажлынхаа дундуур амжуулаад ирэх, орой ирж цуг сууя гэсэн залуус их байна. Орой ажил тарах цагаар хүмүүс нэмэгдэх байх.

-Орой хэдэн цагт тарах вэ?

-Үймээн самуун гарах вий гэдэг үүднээс бид орой 20:00 цаг гэхэд тарна гэдгээ албан ёсоор ирсэн хүмүүстээ хэлж байгаа. Тэрнээс өмнө тарна. Энэ цагаасаа хойш суухгүй гэдгээ хэлж байгаа.

Иргэн Ж.Энхжаргал ярихдаа “15 шаардлагаас эхний хоёрт бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь хүртэл бууруулах, НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь хүртэл нэмэгдүүлэх, НӨАТ-ын сугалааг болиулах зэрэг шаардлагууд дээр бизнес эрхлэгчид нэгдэж байгаа. Энэ хоёр шаардлагад тодорхой хэмжээнд үр дүн гаргаад шийдүүлж чадвал ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийт ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх боломжтой гэж харж байгаа. НӨАТ-ын сугалааны шаардлагыг ирсэн бүх хүмүүс дэмжиж байгаа. Би сөрөг байр суурьтай хүн олж хараагүй. 100 хувь НӨАТ-ын сугалааг больё гэж байгаа. Сугалааны эх орон боллоо. Ард иргэдийн шүүмжлэл гэдэг хоосон зүйл биш. Яагаад энэ сугалааг явуулаад байгаа юм бэ. Энэ бол үнэхээр буруу. Болих ёстой. Аливаа юм хэмжээ хязгаараасаа даваад ирэхээр утгаа алддаг. Телевиз болгоноор сугалаа явдаг боллоо. Болиулаач. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувь дэндүү хангалтгүй байна. 6-8 хувь болгох юм бол хүмүүсийн баримтаа уншуулах хувь асар их нэмэгдэнэ. Эргээд НӨАТ-аар дамжуулж ямар далд эдийн засгийг илрүүлэх гэж байсан нь дарагдаад өнгөрөх магадлалтай” гэв.

Иргэн Х.Мөнхбаяр “Нийгмийн даатгалын шимтгэл ажилтны гар дээр 1 сая төгрөг тавих юм бол ажил олгогч ажилтан хоёр нийлээд 34 хувь буюу 400 мянган төгрөг төлж байна. Ажилтандаа 1 сая төгрөгийн цалин олгохын тулд 1 сая 400 мянган төгрөг ажил олгогч баталж байна. Үлдсэн 1 сая төгрөгөөр зургаан хүүхэдтэй гэр бүл яаж амьдрах вэ. Эргээд 1 сая төгрөгөөс татвар шимтгэл төлчихөөр үлдсэн мөнгөөр нь яаж тэр гэр бүл амьдрах юм бэ. Яаж тэр хэдхэн 100 мянган төгрөгөөр хүмүүсийг амьдралаа болго гээд байгаа юм бэ. Магадгүй нийгмийн даатгалын шимтгэл 30-40 хувиар буурах юм бол хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цалин өснө л гэсэн үг” хэмээв.

Иргэн Н.Сарангэрэл ярихдаа “Одоогийн байгаа тэтгэврийн тогтолцоо буруу байна. Урт хугацаандаа одоо байгаа нийгмийн даатгалын сан бүтэхгүй. Үүнийгээ өөрчлөх цаг нь болсон. Системийн хувьд реформ хийх ёстой. Нийгмийн даатгалд хуримтлуулж байгаа шимтгэлээс 3-4 хувийг хувийн тэтгэврийн данс нээж, хуримтлуулах хэрэгтэй. Энэ нь олон нийтийн хараа хяналт дор байх ёстой. Үүнийгээ өөрт хэрэгтэй үед авч хэрэглэж болдог, үр хүүхдүүдэд нь өвлөгддөг байх ёстой. Ингэвэл нийгмийн даатгалын шимтгэл маш зөв голдиролдоо орно гэж бодож байна. Одоо байгаа системээр УИХ-ын гишүүд нь өөрсдөө 360-370 тэрбумаар нь идэж ууж байна. Түүнийгээ эргүүлж төлж байгаа хүн алга. Нийгмийн даатгалын сан хэдэн тэрбумын алдагдалтай байна гэнэ үү. Энэ бидний асуудал биш. Өөрсдийнх нь тарьсан хэрэг. Залуучууд энэ хэрэгт ямар ч хамаагүй. Өөрсдөө түүнийгээ авч идэж уусан хүмүүсээр нь нөхөж төлүүл” гэв.

Иргэн С.Батбаатар “Төрийнхөн том том жийпнүүдээ унахгүй жижиг тэргээр явж байна гээд байгаа. Түүнийг би зүгээр л өнгөц гал дарах гэсэн үйлдэл гэж харж байна. Гараждаа хадгалаад байх биш үнийг нь буулгаад зар. Өөрсдөө автобус, нийтийн тээврээр яв. Дугуй уна. Хөрсөн дээрээ бууж ард иргэдийн амьдралын зах зухаас үз. Тэгэхгүй бизнес классаар нисээд, үнэтэй ресторанд хоол идээд, хамгийн үнэтэй хотхонуудад амьдраад, хамгийн ашигтай гэсэн бизнес дээр очиж шигдэж байна. Тэгэхээр залуучууд юу хийх юм. Яагаад өнөөдөр залуучууд ийм бухимдалтай байгаа юм. Бидний боломжийг тэд хулгайлаад байна” хэмээв.

Иргэн Л.Цэрэнлхам ярихдаа “Сая нэг шинэ хууль батлагдаж байх шиг байна. 100 саяас дээш төгрөгний татварын өртэй бол шоронд хийнэ гэнэ. Ихэнх залуучууд нь шоронд явах юм байна л даа. Зарим нь улс эх орноосоо дүрвээд цөөхөн хэд нь нөгөө хэдийнхээ боолыг хийгээд амьдрах юм байна л даа. Ийм эмгэнэлтэй дүр зурагтай боллоо” гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?