Л.ОЮУН-ЭРДЭНЭ УХАРВАЛ УЛС ТӨРӨӨС ЯВАХ ХЭРЭГТЭЙ

2022-04-29  

Оноор яривал одоогоос хоёр жилийн өмнө Монголын улс төрд том сэлгээ явжээ. Тэр нь ерээд оноос хойшх анхны сэлгээ болж байгаа юм. Түүгээр гарч ирсэн дөчөөд насны улстөрч бол Л.Оюун-Эрдэнэ байдаг. Уг нь дөчин нас гэдэг улс төрд тийм ч залуудаа орохгүй. Гэхдээ ах нар нь улс төрд идэвхтэй байгаа учраас зарим талаасаа тэгж харагдаж мэдэх юм.

Ямартай ч эрх баригч Ардын намын хувьд толгойдоо наяад оныхныг залчихаад тавь, жар, далаад оныхон нь хамт “амьдарсаар” л байна. Харин тэд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, намын даргаараа сонгоод оносон уу, алдсан уу. Энэ талаар сүүлийн үед ном хаялцаж байгаа хүн олон болоод байна.

Учир нь Л.Оюун-Эрдэнэ зарим хүн, хүчний “үнэт зүйл” рүү халдаад эхэлжээ.

Тэрбээр 2016 онд гишүүн болсноосоо хойш “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөгжлийн банк, үргэлжлүүлээд Тавантолгойн нүүрсний асуудлыг хөндлөө. Энэ нь МАНАН-гийнхан, Хөгжлийн банкныхан, Нүүрснийхэн гээд том том бүлэг хүнийг “сэрээж” орхижээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, эдгээр эрх ашгаа хөндүүлсэн нөхдүүд нийлж нэгдэж буй сураг чимээ гараад эхэллээ. Л.Оюун-Эрдэнээс салах гэж тэр. Гэхдээ Афины хууль тогтоогч Солоны  “...Том хэрэг гүйцэлдүүлэх гэж байгаа бол хүн бүхэнд таалагдаж болохгүй” гэсэн үг байдаг л даа. Энэ учиртай үг.

Яг одоо Хөгжлийн банкны асуудал ид дундаа явж байна. Ядахад Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудалд холбогдсон намынхандаа “...Хамгаалахгүй” гэж хэлсэн байгаа юм. Хэвлэлүүд тэгж мэдээлсэн байна. Тэр ч байтугай, намаасаа гарахыг ч “санал болгосон” гэх мэдээллүүд яригдаж байна. Тиймээс “...Амьд үлдэх” боломж нь Л.Оюун-Эрдэнийг зайлуулах хэмээн сэтгэж буй бололтой.

Маш товчоор хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ ингэснээрээ маш олон дайсантай болов. Хүний, өөрийн намд харьяатай олон дайсан бий болжээ.

Зэрэгцээд, Хөгжлийн банкны хэргээр Ерөнхий прокурор зарим гишүүнийг түдгэлзүүлэх санал оруулснаар Их хурлын гишүүд намаа, найзаа бодох уу, шударгын талд зогсох уу гэдэг ацан шалаанд орлоо. Гэтэл удахгүй Тавантолгойн нүүрснээс арвин ашиг олдог байсан бүлэг хүний асуудал яригдах нь тодорхой болж байна. Түүнд оролцсон гишүүдийн нэр Ерөнхий прокуророос ирнэ. Эрхэм гишүүд бас л хэрхэхээ шийдэх гэж толгойгоо өвтгөнө. Их хурал энэ тал дээр цаашдаа яах бол гэдэг бас л эргэлзээтэй.

Ер нь бол Ерөнхий сайд, Ардын намын даргын энэ үйл ажиллагаанд МАНАН-гийнхан, Хөгжлийн банкныхан, Нүүрснийхэн зэрэг бүлэгт багтдаг Ардын намынхан олноороо өртөхөөр болж байгаа юм. Чухам тиймээс л Л.Оюун-Эрдэнийг дээрээ гаргасан нь алдаа юу, оноо юу гэдэг яриа хөөрөө гараад байгаа аж.

Эндээс бас нэг зүйл анзаарагдаад байгаа юм. Л.Оюун-Эрдэнэд “хөндүүлээд” байгаа хүмүүс нийлбэл маш том хүч хуралдана. Тэднийг зогсоох хэцүү. Бод л доо, Монголын улс төр, нийгмийг олон жилийн турш барьж ирсэн нөхдүүд “өндөрлөг”-өөсөө тийм хурдан буухыг бодох уу. Тэд хүчтэй. Мөнгөтэй. Улс төрд байр суурьтай хүмүүстэй. Шүүх хуулийн байгууллагад одоо ч нөлөөтэй.

Явж явж Л.Оюун-Эрдэнэд бууж өгөх л ганц гарц үлдэж мэдэх юм. Гэхдээ тэр ингэвэл 2016 оноос хойш ярьснаасаа ухарна л гэсэн үг. Ингэж ухарна гэдэг өдий хүртэл ярьсан шударга ёсноосоо урвасантай адил. Тэгэх юм бол Л.Оюун-Эрдэнэ улс төрөөс явах хэрэгтэй болно. Яагаад гэвэл, тэрбээр Их хурлын гишүүн болсноосоо хойш, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, Ардын намын даргаар ажиллах хүртлээ нэгэнт тогтчихсон олон асуудлыг гаргаж ирсэн, хөндсөн, бужигнуулсан, заримыг нь нураасан. Ер нь бол Монголын улс төр дэх 30 жилийн тогтолцоог хөдөлгөчихөөд байгаа юм.

Харин “...Хэлсэндээ эзэн, идсэндээ сав болно оо” гэвэл угийн муйхар, зуумтгай зангаараа зүтгээд л байх хэрэгтэй. Яахав, одоо хууль хяналтынхан араас нь ороод Хөгжлийн банк, Тавантолгой, өөр юу байдаг юм, томоохон асуудлуудыг будилуулж явсан эрхмүүдийг суга татаад гаргаад ирж байна.

Гэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо авчирсан эрхмийн тухайд асуудал өөр байна. Учир юу гэвэл Д.Эрдэнэбилэг гэдэг бизнесмэнийг “...Өөрөө төр байсан” гээд бариад авсан. Тэгчихээд түүнд төрийг “зарсан” хүмүүсээ зүгээр үлдээх үү. Тэгвэл жинхэнэ шударга бус болно.

Тэгээд ч энэ бизнесмэн Хөгжлийн банкийг ухаад зээл авчихаагүй. Төрийг ч дээрэмдээд эрх мэдэл эдэлчихээгүй.  Тиймээс л мултарч үлдчих гээд байгаа том том албан тушаал хэссэн нөхдүүд хариуцлагаа хүлээх ёстой юм. Тэр дундаа энэ хүнээр гул барьдаг, жинхэнэ “эзэн” нь өөр хүн байдаг бололтой. Авлигатай тэмцэгчдийн хэлдэгчлэн “акул”-ыг нь чадах нь уу гээд ард түмэн харж байна. Тэр “акул” нь хэн бэ гэж үү. Шулуухан хэлэхэд, тэр хүн нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга шүү гээд гудамжинд хүртэл яригдах болсон байх юм. Ер нь түүнтэй холбоотой Хөгжлийн банкны зээл, төмөр зам гацаасан гээд асуудал том том олон л “юм” дуулдсаар байна. Нэмэгдсээр л байна. Тийм болохоор энэ Л.Оюун-Эрдэнэ тэр Х.Баттулгад хүрч чадах уу гээд л хараад байгаа хэрэг. Тэгж гэмээнэ олон нийт “...Браво” хэмээх юм байна лээ шүү. Эс тэгвээс өөрөө Монголын улс төрөөс...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.ДАМДИН-ОЧИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?