МОНГОЛЫН ДЭД БҮТЭЦ, УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЯПОНЫ ХУВИЙН ХЭВШЛИЙН СОНИРХЛЫГ ТАТАЖ БАЙНА

2022-05-02  

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяшигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын талаар Японы Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Окано Юүкико хэвлэлийн хурал хийлээ.

Японы Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Монгол Улсад өчигдөр ирсэн бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Шинэ Монгол Харумофужи сургуулийн ажилтай танилцсан байна. Мөн тэрбээр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж буй бөгөөд дараагаар нь ”Япон цэргийн дурсгалд зориулсан цогцолбор”-т цэцэг өргөх аж. Харин маргааш буюу энэ сарын 2-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол-Японы 50 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан” ОУНБ-д дурсгалын мод тарихаар төлөвлөснийг Окано Юүкико танилцуулсан юм.

Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийг ойг тохиолдуулан энэ оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан. Уг түүхэн ойгоор хийж буй Японы Гадаад хэргийн сайдын айлчлал нь хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар нээлттэй санал солилцож, Стратегийн харилцаагаа бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой аж. Айлчлалын хүрээнд Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөрийг дүгнэж, олон нийтэд танилцуулж буйг мөн онцлов.

Японы Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Окано Юүкико, “Монгол, Японы Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээний үеэр хэд хэдэн зүйлийг голлон ярилцлаа. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “КОВИД-19” цар тахлын эсрэг тэмцэхэд Японоос өгсөн вакцины үр дүн чухал нөлөө үзүүлсэн хэмээгээд талархал илэрхийллээ. Хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” ОУНБ цаашдаа тогтвортой ажиллахад Япон улсыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг мөн хүслээ. Түүнчлэн Монгол Улсад Японы хувийн хэвшил хөрөнгө оруулахад хамтран ажиллахыг хүссэн. 2025 онд Япон Улсын Осака хотноо дэлхийн томоохон экспо болох бөгөөд үүнд Гадаад харилцааны сайд албан ёсоор оролцохоо илэрхийллээ. Мөн Япон улсын Засгийн газрын “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023 онд Монгол Улсын 16 төрийн албан хаагчийг сургах болсон. Бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, тэр дундаа БНАСАУ болон Украины асуудлаар Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайдтай санал солилцлоо. Украинд нэн даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь зөв гэдэг байр суурийг Монголын тал илэрхийлсэн. ОХУ, Украины нөхцөл байдал нь Ази болон дэлхийд тогтсон хэв журмыг өөрчлөхүйц ноцтой зүйл тул олон улсын хамтын ажиллагаа маш чухал гэдгийг Японы Гадаад хэргийн сайд хэллээ” хэмээв.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-“Чингис хаан” ОУНБ-ыг хөгжүүлэхэд цаашид хэрхэн хамтран ажиллах вэ?

-Япон Улс шинэ нисэх буудлын барилга байгууламжийг барьж, мэргэжилтэн илгээсэн. Одоо нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийг сайжруулахад Японы худалдааны компани болон зарим авиа компанийн охин компанийн хамтарсан баг ажиллаж байгаа. Нисэх буудлын үйл ажиллагааг тогтвортой явуулахад анхаарахыг Монголын талаас хүссэн.

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн өндөр, дээд хэмжээний айлчлал бий юу?

-Коронавирусний нөхцөл байдлыг харж байгаад өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал хийх төлөвлөгөөтэй байгаа. Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харилцан зорчих, айлчлах нь хязгаарлагдмал байсан. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах монголын талын даргаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажиллаж байгаа. Энэ хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд бид ч Улаанбаатар дахь ЭСЯ-тайгаа хамтран идэвхтэй ажиллана

-Японы хувийн хэвшил Монгол Улсын аль салбарт хөрөнгө оруулах боломжтой гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын дэд бүтэц, харилцаа холбоо, уул уурхайн салбарт хөрөнгө оруулж байгаа Японы хувийн хэвшлийн компани хэд хэд бий. Эдгээр салбар Японы хувийн хэвшлийнхний сонирхлыг татсан хэвээр байгаа. Тиймээс Японы хөрөнгө оруулагчид орж ирэх таатай орчныг бүрдүүлэхэд Монголын талыг хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

-Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хүрээнд экспорт, импортыг хэрхэн нэмэх вэ?

-2017 оноос ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан зэргээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал бидний санааг зовоож байсан. Одоо коронавирусний эрсдэлийг даван туулаад цаашид өснө гэсэн найдвар байгаа тул экспорт, импорт нэмэгдэх байх гэж бодож байгаа. Монгол Улс нь Зүүн хойд Азид оршдог ардчилсан орны хувьд эдийн засгаа бэхжүүлж, улсаа хөгжүүлэх нь чухал. Тиймээс Япон улс Монголын хөгжил дэвшлийг дэмжинэ гэв.

Ташрамд дурдахад, энэ удаагийн айлчлал нь Япон Улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй 6 дахь айлчлал юм. Өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд, Т.Мотэги 2020 онд тус тус Монгол Улсад айлчилсан юм.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?