ИРГЭДЭД ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

2022-05-02  

Цахим гарын үсгийн тухай хуулийг батлан, 5 дугаар сарын нэгнээс мөрдөхтэй холбогдуулан иргэдэд тоон гарын үсэг олгож эхэллээ.

Хуульд зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатай олгохоор тусгажээ.

Иргэд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын өөрт хамгийн ойр байрлах салбар нэгжид биеэр ирж хүсэлт гаргаж авна. Ингэхдээ засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй. Хуульд зааснаар хүсэлт гаргасан иргэний мэдээлэл зөв бол хүсэлт гаргасан даруйд тоон гарын үсэг олгоно.

Тоон гарын үсэг олгох нээлтийн үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ, “Тоон гарын үсэг нь, эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангана. Цахимаар зурсан этгээдийг таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг учир хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд, хүчин төгөлдөр юм. Маш өндөр нууцлал бүхий технологийн суурь бүтэцтэй ч хэрэглэгчийн хувьд өдөр тутам ашиглаж болохуйц, хэрэглэхэд хялбар, мөн олон төрлийн зардал хэмнэсэн давуу талтай”-г онцлов.

Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүн, албан байгууллагууд орон зай цаг хугацааг үл хамааран ажил хэргээ явуулах боломж бүрдэж байна. Тухайлбал, интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах, төрийн цахим үйлчилгээний E-Mongolia ситемд өөрийгөө таниулан нэвтэрч, олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой.

УБЕГ-аас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2.2 сая гаруй иргэнд тоон гарын үсэг олгох аж.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ярихдаа, тоон гарын үсэг нь цахим орчинд тухайн иргэнийг танихаас гадна таны хийж буй үйлдлийг баталгаажуулах хэрэгсэл гэдгийг дурдаад, "Цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 онд баталсан ч одоогоор 40 мянга орчим хүн тоон гарын үсэг авсан байна. Тэд зөвхөн татварын байгууллагад тайлан гаргаж өгөх зорилгоор ашиглаж байсан. Хуулийг шинэчлэн найруулж баталснаар иргэд гэрээ хэлэлцээр байгуулахад баталгаа болохыг хуульчилсан" хэмээн тэмдэглэв. 

Тоон гарын үсгээр УБЕГ-ын 4 төрлийн үйлчилгээг авах боломжгүй. Тодруулбал, гэрлэлт бүртгэх, цуцлах, хэрэв хуулийн байгууллагаас тухайн иргэнд хориг тавьсан бол, Монгол Улсын иргэний харьяалалд орох, харьяаллаас гарах, мөн хурууны хээний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авахад өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очих аж. 

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?