"РОСНЕФТЬ"-ТЭЙ ХИЙСЭН ХЭЛЦЛЭЭР ШАТАХУУНЫГ 25 ХУВИАР БУУРУУЛСАН ҮНЭЭР НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

2022-05-03  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатахууны хангамж, нөөц, Засгийн газраас үнийг тогтворжуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, импортлогч “Роснефть” компанитай хийсэн хэлцлийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэв. Тэрээр Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа Аи-92 шатахууны нөөцийг бүрдүүлэх талаар ажиллаж, 30-35 хоногийн нөөцийг 45 хоног болгосон талаар дуулгалаа. Үүнийг импортлогч ААН-үүд барьж нөөц хэвийн нөхцөлд байгаа гэв. Үнэ тогтворжуулах хуулийн хүрээнд шатахууны нийлүүлэлтийг онцолж авч үзсэнийг тодотгов.

Дэлхийн зах зээл дээр Аи-92 автобензин болон дизелийн түлшний үнэ өнгөрсөн онд 60-71.3 хувиар өсөж 2013 оноос хойш үзэгдээгүй өндөр өсөлттэй явж ирсэн. Энэ нь он гарсаар эхний 4 сард 45.8 хувиар мөн өссөнийг онцолж, шатахууны эрэлт, нийлүүлэлтийг хоёр талаас нь харж авч үзэх ёстойг хэллээ. Дээрх нөхцөлд манай улс Аи-92 автобензинийг энэ оны 4 дүгээр сард нэг тонныг нь 1110 ам.доллароор худалдан авсан. Энэ үнийг өртөгөөр тооцвол нэг литр нь 3330 төгрөг гэсэн үг. Харин ОХУ-ын манай гол импортлогч “Роснефть” компанитай хийсэн ээлжит хэлцлийг баталгаажуулсны үр дүнд Аи-92 автобензинийг нэг тонныг 840 ам.доллар болгон, энэ үнээр нийлүүлэхээр боллоо гэдгийг дуулгав. Энэ нь литр тутамд 940 төгрөгөөр нэмэгдэж, 3330 төгрөгт хүрэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, 5-6 дугаар сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа аж.

Түүнчлэн ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд А.В.Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсоныг мэдээллээ. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Роснефть”-ээс авах шатахууны төлбөрийг ам.доллароор хийх үү? Төлбөрийн нөхцөлийг хэрхэн шийдэв?

-Шатахууны үнийг тогтворжуулах үүднээс 4-5 дугаар сард нийлүүлэх нефть бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр 100 сая ам.долларыг шилжүүлнэ. Рублийн ханш 71 төгрөг байгаа, тооцоо хийгээд үзэхэд 7.1 тэрбум рубль шилжүүлэхээр байгаа. Ийм хэмжээний рублийг Монголын зах зээл дээрээс босгох хэцүү, Тиймээс рублийг Лондонгийн бирж дээрх харьцах ханшаар тооцон ам.доллароор нийлүүлнэ.

ОХУ-д хийсэн уулзалтаар цаашдаа нефть бүтээдэхүүний гүйлгээнийхээ арилжааг ам.доллароор хийх боломжгүй болох юм уу, гацаа үүсэх нөхцөлд рубль болон бусад валютаар хийх боломжийг манай талаас тавьж, үүнийг хоёр талаасаа судалж хийхээр ярилцаж байгаа.

-Хаврын тариалалтад шаардагдах шатахууны нөөц, хүрэлцээ хэр байгаа вэ?

-Хаврын тариалалтад ХХААХҮЯ-наас авсан судалгаа мэдээгээр нийт 20 мянган тонн дизель түлш хэрэгтэй байгаа. Бидэнд энэ хэмжээний түлш шатахуун нийлүүлэх хангалттай нөөц бололцоо байгаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?