ЕВРОП БА ОРОС: РОСАТОМ-ЫН УРАНД ХОРИГ ТАВИХГҮЙ БАЙГААГИЙН УЧИР

2022-05-06  

Европын Холбооны гишүүн улсууд Оросын нефть, нүүрс, байгалийн хийгээс хамааралтай байдлаа эрс багасгах, эдгээр түүхий эдээс бүрмөсөн татгалзахыг эрмэлзсээр байгаа билээ. Харин АЦС-ын түлш болох уранд хориг тавих тухай асуудал одоогоор хөндөгдөөгүй байна.    

ЕХ-нд уран нийлүүлдэг гол улсууд бол ОХУ, Нигер, Казахстан бөгөөд тус бүр зах зээлийн 20 хувийг эзэлдэг. Түүнээс гадна АНУ-ын импортын 20 хувийг Оросын уран эзэлдэг бол үлдсэнийг нь Казахстан, Узбекистанаас нийлүүлдэг ажээ.

Оросын уранаас ихээхэн хамаарч буйн өөр нэгэн шалтгаан бол АНУ, Канад, Казахстан дахь ураны уурхайнуудын хувьцааны тодорхой хэсгийг Оросын төрийн өмчит компаниуд эзэмшдэг явдал юм. Зарим мэдээллээр, дэлхий даяар худалдаалж буй нийт баяжуулсан ураны 1/3-ийг ямар нэгэн байдлаар Оростой холбоотой компаниудын уурхайнуудад олборлож, Оростой холбоотой фирмүүд борлуулдаг ажээ.

Оросын эсрэг хориг чангарч буй өнөөгийн нөхцөлд тус улсын ураны экспортод хориг тавих тухай асуудал эрт орой хэзээ нэгэн цагт хөндөгдөх нь гарцаагүй. Оросууд 2 сар гаруйн өмнө Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн, гэтэл ураны импортын асуудлаарх Европын байр суурь сүүлийн өдрүүдэд л өөрчлөгдөх төлөвтэй боллоо. Оросоос импортолж буй баяжуулсан уранд хориг тавих асуудлыг Польш ба Балти орчмын улсууд хамгийн түрүүнд хөндлөө. Энэ санаачилгыг Европын хамгийн том эдийн засаг болох Герман улс идэвхтэй дэмжиж байна.

Францын цөмийн төлөвлөгөө

Оросын уранд хориг тавих нь Германд бараг хохирол учруулахгүй. Учир нь, тус улсад одоо ажиллаж буй 3 АЦС Орос ба Казахстаны уранаар ажилладаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчинд шилжиж буйтай холбоотойгоор тэдгээрийг энэ оны эцэс гэхэд хаахаар төлөвлөжээ.

Харин Францын хувьд нөхцөл байдал тэс ондоо. Саяхан дахин сонгогдсон Ерөнхийлөгч Э.Макрон “Франц улс шинэ реакторуудыг барих замаар цөмийн эрчим хүчний салбарыг дэмжинэ” гэдгийг мэдэгдээд 2050 он гэхэд дахин 14 АЦС шинээр барихаар төлөвлөж байгаагаа зарлалаа.

Энэ төлөвлөгөөгөө Макрон “цөмийн дахин сэргэлт” гэж нэрлэсэн бөгөөд үүний ачаар нүүрсхүчлийн хаягдлыг бууруулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Цөмийн эрчим хүчний салбарт асар их хөрөнгө оруулж, эрдэм шинжилгээ судалгаа, инновацийг нэвтрүүлэх ажлыг өргөн далайцтай хийхээр төлөвлөжээ.

Гэтэл яг ийм үед ураны нийлүүлэлтэд хориг тавих нь Францад томоохон бэрхшээл учруулж мэдэхээр байна. Учир нь, Францын хагас төрийн эзэмшлийн EDF гэдэг компани зарим төслүүд дээр Оросын “Росатом”-тай нягт хамтран ажилладаг.      

Өөрийн эх үүсвэрээр хангах уу эсвэл АНУ-аас худалдаж авах уу?

Оросын ураныг хамгийн ихээр худалдан авдаг улсууд бол урьд нь социалист орнууд гэгдэж байгаад одоо ЕХ-нд элссэн Дорнод Европын орнууд юм. Тухайлбал, Словак улсад гэхэд өөрийн нутаг дахь уурхайнуудаас уран олборлох талаар сүүлийн үед идэвхтэй ярих болсон гэдгийг тус улсын iDNES сонины сэтгүүлч Я.Шафаржикова бичжээ. Словакийн зүүн нутагт дахь ураны 2 том ордыг ойрын үед ашиглах боломж байгаа боловч ураны уурхай ажиллуулахыг нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Тэдэнтэй зөвшилцөн тохиролцож чадлаа ч гэсэн олборлолт 2-3 жилээс нааш эхлэхгүй бололтой.

Нөгөөтэйгүүр, Словак болон Европын бусад улсын хувьд АНУ-ын Westinghouse компаниас уран худалдан авах боломж бий. Гэтэл Оросын түүхий эдийг нөхөж чадахуйц хэмжээгээр нийлүүлж чадах эсэхэд шинжээчид эргэлзэж байна. Үүний зэрэгцээ АНУ дахь ураны ордууд нутгийн уугуул индианчуудын амьдардаг байгалийн тусгай хамгаалалттай газруудад оршдог нь асуудлыг хүндрүүлдэг.

“Росатом”-аас хамааралт байдал  

Оросын хувьд ураны экспорт гэдэг бол геополитикийн асар чухал хэрэгсэл юм. Оросын “Росатом” компани Хятад, Энэтхэг, Иран, Туркэд АЦС-ууд барьсан бөгөөд эдгээр улсуудын аль нь ч Оросын эсрэг хоригт нэгдээгүй байгаа билээ.

Оросын “Росатом” бол цөмийн реактор экспортлогч дэлхийн хамгийн том компани бөгөөд Зөвлөлтийн үеийн технологиор барьсан реакторуудад түлш нийлүүлэх тал дээр монополь байр суурийг эзэлдэг. Одоогоор АНУ, Европын Холбоо хоёрын аль аль нь “Росатом”-ын эсрэг хориг тавиагүй байна.

Зөвлөлтийн үеийн технологиор баригдсан АЦС-ууд Украины эрчим хүчний талаас илүү хувийг, Финланд, Болгар зэрэг улсад 40 орчим хувийг үйлдвэрлэдэг байна. Жишээ нь, Чех улсын "Темелин", "Дукованы" гэсэн хоёр АЦС тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 36,6 хувийг хангадаг.  "Дукованы" станцад тохирох түлшийг дэлхий дээр зөвхөн Оросын төрийн эзэмшлийн “ТВЭЛ” компани үйлдвэрлэдэг нь томоохон бэрхшээл үүсгэж байгаа тухай Чехийн Seznam zprávy сонинд бичжээ.

"Дукованы" АЦС 

Оросын уран нийлүүлэгчдийг орлож чадах гадаадын бусад компанийг олох нь нэн түвэгтэй бөгөөд үүнд олон жил шаардагдана.  Жишээ нь, Финландын Fortum Oyj компани Оросын 2 реакторыг ажиллуулдаг бөгөөд Оросоос хамаардаг байдлыг багасгахын тулд 1990-ээд оны үед British Nuclear Fuel компанитай гэрээ байгуулжээ. Гэсэн хэдий ч эцсийн эцэст үнийн ашигтай санал тавьсан “Росатом”-ыг сонгосон байна. Финландчуудын тооцоолсноор, “Росатом”-ын үзүүлж буй үйлчилгээнээс татгалзах, одоо ашиглаж Оросын цөмийн түлшийг бүрэн солиход 3-4 жилийн хугацаа хэрэгтэй ажээ.  

Украины эрчим хүчний 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг Оросын 15 реакторт ашиглаж буй түлшнээс татгалзах зорилготой төслийн хүрээнд Украины тал Америкийн Westinghouse компаниас түлш авч байгаа ажээ. Гэвч цөмийн түлшний зах зээлийн онцлог байдал, Зөвлөлтийн үеийн технологиос шалтгаалан шинэчлэлтийн явцад ихээхэн саад тулгарч байна.   

Ураны хүдрийг боловсруулан баяжуулах, үүний дараа түүнийг шахмал хэлбэрт оруулж, мм-ийн нарийвчлалтайгаар цирконон хоолойд суулгахад шаардлагатай нүсэр дэд бүтэц тоотой хэдхэн улсад л бий. Түүнээс гадна, цөмийн түлшийг бүртгэдэг олон улсын зохицуулалтын каталог нь тухайн цөмийн материалыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглахгүй гэсэн баталгааг өгч байдаг.

Нөгөө талаас, уран бол хий, нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэрүүдээс эрс ялгаатай. Цөмийн түлш нь аюулгүй байдлын хяналтын байгууллагуудаас тавьж буй шаардлагуудад яв цав нийцсэн байх ёстой

Тэгэхээр аль нэг улсын зүгээс шинэ нийлүүлэгчид зориулан лиценз авахад дор хаяж 5 жил, тухайн улсын реакторт тохирсон түлшийг нийлүүлэхэд бүхэл бүтэн 10 жил хүлээхээс аргагүйд хүрнэ. Реакторын бүтэц, дүрэм журмуудын ялгаатай байдлаас шалтгаалан нэг улсад лицензээр зөвшөөрөгдсөн түлшийг нөгөө улсад шууд ашиглах боломжгүй.  

Оросын реакторуудыг ашигладаг Дорнод Европын болон Финландын оператор компаниудын хувьд түлшээ солихын тулд олон зуун сая доллар зарцуулах нь мэдээж ашиггүй.

Нөгөөтэйгүүр, Оростой байгуулсан гэрээнүүдээ хугацаанаас нь өмнө цуцлах нь Европын орнуудын 100 орчим сая хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг эрсдэлд оруулах болно.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?