САХАРЫН ХЭРЭГЛЭЭГЭЭ САВАНД НЬ ТҮГЖЬЕ

2022-05-20  

Цагаан хор. Энэ үгийг XXI зууныхан амархан ойлгоно. Дэлхий тэр чигээрээ даяарчлагдаж хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад бид ч хооллолтын хувьд амттай гэхээс илүү эрүүл, шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлэх болсон. Энэ нь ч эрүүл мэндийн хувьд хамгийн зөв сонголт юм. “Зууны мэдээ” сонин сахарын хэрэглээний тухай сэдэв хөндөж, цуврал нийтлэлүүд хүргэж байгаа билээ. Бид энэ удаа дэлхийн бусад оронд сахарын зохисгүй хэрэглээг хэрхэн, ямар аргаар зохицуулдаг болон бидний өдөр тутмын хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд сахарын агууламж хэр байдаг. Монголчуудын хувьд энэ аюулаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Канад улс “No sugar” тэмдгийг нэвтрүүлэв 

Зөвхөн монголчууд сахрын зохисгүй хэрэглээтэй юм уу гэвэл үгүй. Дэлхий нийтээрээ цагаан хорын аюулт ангалын ирмэгт гацчихаад байгаа юм. Харин түүнээс хэрхэн ангижрах, эрүүл зөв хооллолтыг дадал болгох вэ гэдэг нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын зөв бодлого, оновчтой арга хэмжээний үр дүнгээс хамааралтай. Сахарын хэрэглээгээ хянаж, үүнээс үүдэлтэй аюулт өвчинтэй хамгийн үлгэр жишээ тэмцэж байгаа орны нэг нь Канад улс ажээ. Энэ улсын хувьд 2005 оны байдлаар чихрийн шижин болон таргалалт ихтэй улсын тэргүүн эгнээнд бичигддэг байв. Харин сүүлийн гурван жилд энэ төрлийн өвчлөл 31 хувиар буурсан судалгаа гарчээ. Учир нь тус улс “No sugar” гэсэн шинэ тэмдэгтийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чаджээ. Энэ тэмдэгт нь яг л замын хажуугийн тэмдэглэгээ шиг, алхам тутамд нүдэнд харагдана. Хоолны газрын ширээ, дэлгүүрийн лангуу, сурагчдын үдийн хоолны тавиур дээр хүртэл наадаг ажээ. Энэ нь эхэндээ иргэдэд их энгийн, хэнд ч хэрэггүй зүйл шиг санагдаж байсан ч удаан хугацааны турш энэ тэмдэглэгээг харсан хүмүүс өөрийн мэдэлгүй сахарын хэрэглээгээ багасгаж эхэлсэн тухай судалгаанд оролцсон иргэд дурдсан ажээ. Энэ бол амьдралын зөв хэвшил, өчүүхэн зүйлээр ч хүний сэтгэхүйг хэрхэн өөрчилж болдгийн хамгийн ойрхон жишээ юм. Судалгаанд оролцсон 34 настай эмэгтэй “Миний хувьд амттангүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлдөггүй байсан. Зүсэм бялуу идээгүй өнгөрүүлсэн өдөр надад ховор байх. Амттан зардаг дэлгүүр харагдах л юм бол өөрийгөө хянаж чадахгүй тийшээ гүйдэг байсан. Харин сүүлийн гурван жилд би өөрийгөө хянаж, барьж чаддаг болсон. Учир нь үргэлж үйлчлүүлдэг дэлгүүр болон хаа сайгүй сахараас татгалз гэсэн тэмдэглэгээ байхад би яаж худалдан авалт хийх билээ. Магадгүй тэр бялууны дэлгүүр дампуурсан байх” гэж ярьжээ. Канадад сахарын хэрэглээгээ зохицуулж чаддаг болсон иргэдийн хувьд улам эрүүл гоолиг болж, залуужсан тухайгаа энэ тэмдэглэгээтэй холбон тайлбарлажээ.

Гурван хүн тутмын нэг нь сахарын зохисгүй хэрэглэгч

Монголчуудын хувьд 30-аас доошгүй хувь нь сахар их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн албан бус судалгаа байна. Энэ нь гурван хүн тутмын нэг нь сахарын асуудалтай гэсэн үг. Хэдийгээр энэ үзүүлэлт жирийн тоо шиг харагдаж болох ч ард нь буй үр дагавар нь хамгийн аюултай. Хэрэв бид энэ хэвээр сахарын хэрэглээндээ хязгаар тавихгүй яваад байвал 10 жилийн дараа гэхэд чихрийн шижин гэх өвчлөлд иргэдийн 60 хувь нь нэрвэгдэх хор хөнөөлтэй үзүүлэлт юм. Энэ өвчин нь олон өвчний суурь болдог. Одоогийн байдлаар сахараас үүдэлтэй зүрх судасны өвчин, таргалалт манай улсад зонхилж байна. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмч М.Нармандах “Манайд эмчлүүлж, хяналтад байдаг өвчтөнүүдийн 40 гаруй хувийг залуус эзэлж байна. Энэ нь нэг ёсны эмгэнэл. Тэгэхээр сахарын өвчлөл харьцангуй залуужиж байна. 20 нас хүрээгүй жаахан охин өнөөдөр чихрийн шижин өвчнөөсөө болоод хараагүй боллоо гэвэл та итгэх үү. Тэр өвчтөнг судалж үзэхэд багаасаа чихэрлэг ундаа, амттан, түргэн хоолыг тогтмол хэрэглэдэг байсан нь энэ өвчний суурь болчихсон. Ингээд бодохоор бид эрүүл мэндээ хамгаалъя л гэж бодвол ходоодоо л зөв захирч, аль болох чихэрлэг зүйл, түргэн хоолноос татгалзах хэрэгтэй” гэсэн юм. Үнэхээр сахарын зохисгүй хэрэглээ биднийг аюулт өвчин рүү түлхэж байгаа юм бол түүнийг хэрэглэхээс татгалзаж чаддаг ухамсартай, мэдлэгтэй байх нь өөрийгөө хайрлах эхний алхам болоод байна.

 

Эмэгтэйчүүдийн 71 хувь нь сахар хэрэглэдэг

 

“Эрүүл амьдрал” ТББ-аас чихэрлэг зүйл их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийг хүйсийн хувьд ангилахад эмэгтэйчүүдийн 71, эрэгтэйчүүдийн  42 хувь нь сахар тогтмол хэрэглэдэг гэсэн үзүүлэлт гарчээ. Харин насаар авч үзвэл эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн 13-29 насныхан чихэрлэг зүйл хэрэглэхдээ ямар ч хязгаар тавьдаггүй гэж хариулсан байна. Харин чихрийн шижнээр өвчилсөн иргэдийн талаас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь энэ судалгаа хэр бодит вэ гэдгийг харуулж байна. Энэ тухай “Эрүүл амьдрал” ТББ-ын зөвлөх, хүний гавьяат эмч Б.Насанбат “Би 25 жил дотрын эмчээр ажилласан. Энэ хугацаанд сүүлийн 10 гаруй жил л чихрийн шижин гэдэг оноштой өвчтөн хурдтай нэмэгдэж байна. Үүнийг би чихэрлэг зүйлийн хэт их хэрэглээ болон буруу хооллолт, стресс, амьдралын буруу хэв маягтай холбоотой гэж хэлмээр байна. Ялангуяа, бага насны хүүхдийн таргалалт, шүдний өвчлөл нь сахарын хэрэглээтэй салшгүй холбоотой. Манай эцэг эхчүүд хүүхдээ эрхлүүлж байна гээд хэтэрхий амттай юманд дурлуулж, байнга авч өгдөг нь ажиглагддаг. Яг үнэндээ бидний үед ааруул хуруудаа идэж, айраг цагаагаа уугаад болдог л байсан. Өнөөдрийнх шиг элдэв өвчин мэддэггүй байлаа. Манай хөгшчүүд бие сайтай, элдэв өвчин хэлэхгүй байгаа нь тухайн үед бид зөв хооллодог байсантай салшгүй холбоотой” гэсэн юм. Үнэхээр бидний эцэг эх, өвөө эмээ чихэр идэхгүй, ундаа уухгүй эрүүл амьдраад болоод л ирсэн. Гэтэл өнөөдөр бид олсон мөнгөөрөө өвчин худалдаж авч ходоод руугаа хийж байгаа нь ухамсар доройтож байгаагийн нэг илрэл юм.

Сургуулийн цайны газарт чихэр зарахыг хориглоё

Насанд хүрсэн хүмүүс бид өөрсдийн эрүүл мэндийг бодоод сахарын хэрэглээгээ хязгаарлаж, хянаж чадна. Гэтэл бага насны хүүхдүүд болон ЕБС-ийн сурагчдын чихрийн зохисгүй хэрэглээг хэрхэн, хэн хянах вэ. Энэ бас бодох л асуудал. Учир нь хүүхэд бол хүүхэд л шүү дээ. Дэлгүүрт ороход чихэр нүдэнд нь тусна. Яг үүнтэй адил сургуулийнхаа цайны газарт ороод ээж аавынхаа өгсөн мөнгөөр чихэр авч иднэ. Тиймээс сургуулийн ойр орчимд тамхи зарахгүй гэдэгтэй агаар адил ядахдаа сургуулийн цайны газарт чихэр зарахыг хориглочиход гэмгүй санагдах юм. Энэ тухай зургадугаар ангийн охинтой нэгэн ээжээс асуухад “Би охиндоо өдөрт 3000 төгрөг өгдөг юм. Учир нь өдөр хичээл тараад дугуйлуйландаа явдаг тул ядахдаа ганц бууз ч болтугай авч идэг гэж өгдөг. Заримдаа бууз, хуушуур авч идсэн, заримдаа амттай юм авч идсэн гэж хэлдэг” гэв. Үүнээс харахад эцэг эхчүүд бид сургуулийн насны хүүхдийнхээ сахарын хэрэглээг нь яагаад ч хянаж чадахгүй. Тиймээс ядахдаа цайны газарт нь л хийжүүлсэн ундаа, чихэр зарахаа больчихвол сахарын зохисгүй хэрэглээнээс нэг алхам холдож болох гарц мөн ч байж болох юм.

Эрүүл мэндийн хичээлд энэ тухай тусгавал

Бид мэдлэггүйгээс эрүүл мэндээрээ хохирсоор байна. Дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авахдаа он сар, шошго, орц найрлагыг нь хардаггүй. Үүнийхээ төлөөсийг эрүүл мэнд, амь насаараа төлсөөр байх уу. Тиймээс ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлд эрүүл хооллолт, ямар бүтээгдэхүүнийг хүнсэндээ сонгох, юуг идэж болохгүй тухай амьдралд ойрхон сэдвийг тусгаж өгвөл илүү үр дүнтэй гэж олон эцэг эх санаа нэгдэж байсан юм. Энэ нь ч боддог л бодол. Хүүхэд бүр матемитикч болох албагүй ч ирээдүйд аав ээж болно гэдэг шиг бидний ирээдүй болсон багачууд эрүүл саруул өсөх ёстой. Үүний тулд хамгийн эхэнд зөв хооллоод, эрүүл мэндэд нь ямар хүнс ашигтай вэ гэдгийг мэддэг болчихвол хэрэгтэйсэн.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?