Б.Сүрэнжав, Ч.Даваабаяр, Э.Эрдэнэжамъян нарыг УИХ-д нэр дэвшигчээс татсан асуудал жижгэрч сураггүй боллоо.
Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг СЕХ бүртгэхгүй болсон тул тус намаас Н.Энхбаярын гэргий О.Цолмонг дэвшүүлж, холбогдох материалыг СЕХ-нд намаас нь хүргүүлжээ. Энэ бол яах аргагүй энэ сонгуулийн нэр дэвшилтийн хамгийн том сенсаац болж байна. Н.Энхбаяр хаана ч дэвшсэн гарах нөхцөл бүрдсэн байсан. О.Цолмон бол түүнээс ч дутахгүй хүчтэй өрсөлдөгч юм.
Урд өмнө нь дэвших тухай хэзээ ч ярьж байгаагүй О.Цолмон дэвшсэн нь Монголын улс төрийн тавцан дахь цоо шинэ нүүдэл болж байна. О.Цолмон бол өрсөлдөгч намынхаа лидерүүд болох Ц.Элбэгдорж, С.Баяр нартай нэг түвшинд, нэг зиндаанд, нэг хэлээр ярилцах хэмжээний улс төрд танигдсан, чанагдсан хүн юм. Тэр нэгэн асуудлыг шийдэхээр орж ирж байна гэж судлаачид хэлж байна. Энэ бол Н.Энхбаяр гэдэг хүний гэр бүлийг хавчих үйл ажиллагааг таслан зогсоох зорилго юм гэж ажиглагчид дүгнэж байгааг үгүйсгэж болохгүй.
Нөхрийг нь 2012 онд УИХ-д нэр дэвшүүлээгүй. Жагсаалтаар УИХ-ын гишүүн болох тэдний том хүү Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэдэг шалтгаар хассан. Дахиад 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн эр нөхрийг нь бүртгэсэнгүй. Зэвүүцэл, эсэргүүцэл О.Цолмонг нэрээ дэвшүүлэхэд хүргэлээ гэж тайлбарлаж болох нь. Тэр шударга ёс гэж байвал, түүнийг тогтоохоор сэтгэл шулууджээ.
Нийтлэлч Д.ТҮВШИН