ШИ ЖИНЬПИН АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД БҮРЭН ЯЛАХЫН ТУЛД ИЛҮҮ ИХ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАХЫГ УРИАЛАВ

2022-06-20  

БЭЭЖИН. /CGTN/. Албан тушаалтнуудыг авлига авах зүрх зориг, хүсэлгүй болгохын тулд авлигын эсрэг тэмцлийг улам бүр эрчимжүүлж, хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг БНХАУ-ын дарга бөгөөд Хятадын Коммунист Намын (ХКН) Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин уриалжээ.

 

Авлигатай хийж буй тэмцэлд бүрэн ялахын тулд хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй байна гэж тэрбээр өнгөрсөн баасан гарагт болсон ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны авлигатай тэмцэх чадавхыг сайжруулах асуудлаарх бүлгийн судалгааны хурлын үеэр хэлсэн байна.

 

Түүний хэлснээр, ХКН 2012 онд болсон XVIII их хурлаасаа хойш авлигатай тэмцэх чиглэлээр гайхалтай амжилт гаргаж, ихээхэн туршлага хуримтлуулжээ.

 

“БНХАУ авлигын эсрэг тэмцэлд томоохон ололт амжилт гаргаад байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал өнөө хэр нь хүнд бөгөөд ээдрээтэй байна” гэж Ши Жиньпин хэлээд, авлигыг бүрмөсөн ялахын тулд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахыг холбогдох албаны хүмүүстээ уриалж, авлигыг үл тэвчих зарчмыг баримтлах нь нэн чухал болохыг онцлон тэмдэглэжээ.

 

"Бар" буюу авлигач дээд шатны албан тушаалтнуудыг бут цохих, "ялаа" буюу авлигач доод шатны албан тушаалтнуудад цохилт өгөх, "үнэг" буюу эдийн засгийн томоохон гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаад гадаад руу оргон зайлсан этгээдүүдийг ангуучлахын тулд тууштай хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж тэрбээр хэлээд, авлигыг үндсээр нь устгахын тулд чухал салбарууд болон гол гол газруудад анхаарлаа төвлөрүүлэхийг уриалсан байна.

Авлигын эсрэг Хятадын тэмцэл 

2012 оны 11 дүгээр сард болсон ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятад улс авлигатай тэмцэх, авлигачдыг хатуу шийтгэх болон авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх гэсэн гурван чиглэл бүхий авлигын эсрэг томьёоллыг баталжээ. 

Тэр үеэс 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд тус улсын сахилга бат, хяналт шалгалтын хорооныхон 4.078.000 орчим авлигын хэргийг мөрдөн шалгаж, 3.998.000 орчим хүнд ял шийтгэл ногдуулсан гэж Хятадын авлигатай тэмцэх дээд байгууллага буюу Сахилгын хяналтын төв комиссоос гаргасан статистик мэдээнд дурдсан байна.

Мөн оргон зайлсан 1273 этгээдийг өнгөрсөн онд хилийн чанадаас Хятадад буцаан авчирч, 16.74 тэрбум юань буюу 2.5 тэрбум орчим ам.долларын өртөг бүхий хууль бус хөрөнгийг улсын орлого болгосон гэж тус комисс мэдэгджээ.

Харин 2021 онд авлига болон ард иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлаар ажлын хариуцлага алдсан 125 мянга гаруй хэргийг тус улсын холбогдох байгууллагууд хянан шийдвэрлэж, 115 мянга гаруй хүнд намын болон захиргааны сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: Монцамэ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?