ЗАМ ТАВИАД ӨГЧИХӨӨР ПРИУСЭЭ УНАЖ ОЧООД НУТАГ СҮЙДЛЭЭД ДУУСГАНА

2022-06-20  

Сүүлийн үед УИХ-ын гишүүд амьдралаас хэт тасарсан, бодит байдлаас давсан юм их ярих боллоо. Тийм гишүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан. Зам, тээврийн хөгжлийн сайд байсан Энх-Амгалан гэхээр та бүхэн андахгүй байх. Бас “Дарханы замыг хуулсан хүн” гэдэг тодотголтойгоор сошиалд хэл амны бай болоод байгаа түшээ. Энэ хүн “Зам тавиад өгчихөөр приусээ унаж очоод нутаг орон сүйдлээд хаячихна” гэдэг санаа агуулсан юм ярьсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байгаа. Ингэж ярьснаараа Дарханы замыг тавиагүйгээ тайлбарлачих шиг боллоо. Б.Энх-Амгалан гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд байхдаа Дарханы замын ажил нэртэй их хуулалтыг эхлүүлсэн. Замын ажлыг эхлүүлэхдээ хуучин замыг бүгдийг нь яаран хуулснаас Дархан-Улаанбаатарын хоорондох 200 гаруй км зам түйрэн болж, хоёр том хотын дунд тогтмол ирж очиж ажил, бизнесээ явуулдаг 15-20 мянган хүний амьдрал бараг тэр чигээрээ зогсож, үйлдвэрийн том хот, нийслэлийн хоорондох эдийн засгийн эргэлтийн хурд эрс удааширчихаад байна. Түүгээр ч барахгүй босоо тэнхлэгийн олон улсын тээвэр саатаж, цас, бороо, шавартай үед нам зогсчихдог. Дарханы замын ажлыг эхлүүллээ гээд хуучин асфальтыг бүгдийг нь аваад шидэхэд авто замын инженерүүдээс эхлүүлээд юм гадарладаг, учир мэдэх хүмүүс гайхахын дээдээр гайхацгааж, “Энэ сайд гуай аж ахуйн ажил гэж юу ч мэддэггүй яасан амьдралгүй юм бэ, яахаараа бүгдийг нь хуулаад хаячихдаг юм” гээд амтай болгон шүүмжилсэн. Б.Энх-Амгалан гишүүний ярьж хэлж буй үгнээс нь нэг зүйл анзаарагдаад байгаа нь ард түмнийг нааш цааш явуулахгүй гэж замыг нь хуулаад хаячихсан юм уу даа. Ард түмэн хөдөө гадаа явахгүй яадаг юм, амьдралаа залгуулдаг юм байгаа биз дээ гэхээр эрхэм гишүүн “Бидэнд бас нэг боломж байгаа юм. Бүгдээрээ машинаа унаад хөдөө гараад давхихаасаа илүүтэйгээр жижиг оврын онгоцоор ялангуяа алсын аймгууд, Говь-Алтай аймгийн Алтай сум, Алтайн өвөр говь ч гэдэг юм уу явах ийм бололцоо боломжууд бий. Манайд нэлээд олон ийм жижиг оврын онгоц явдаг болчихсон ш дээ. Эд нарын үнэ ханш ч боломжийн болчихсон юм” гэж тэнгэрийн юм ярьсан шүү. Нисдэг тэргээр зугаалаач ээ гэж ингэж ярьтлаа УИХ-ын гишүүд амьдралаас тасарчээ. Боломжийн үнэ ханштай гээд байгаа жижиг оврын онгоц 50 мянган ам.доллараас эхэлж байгаа нь өнөөдрийн ханшаар ойролцоогоор 150 сая төгрөг. Гишүүний машинаа болиод онгоцоор аялж, зугаал, хөдөө, сум яв гэж санал болгоод буй ард түмэн нь өнөөдөр приус машинаа арайчүү зээл, лизингээр авч амьжиргаагаа залгуулж байна. Үүнийг нь мэдэхгүй л байна даа. Ийм юм ярьдаг гишүүд бол үнэндээ бидний төлөөлөл биш. Гишүүд ард түмнийг төлөөлөхөө больжээ. Тэгвэл УИХ-ын гишүүдийг ард түмнээ төлөөлдөг болгохын тулд яах ёстой вэ. Үндсэн хуулиа өөрчилж, сонгуулийнхаа систем, төлөөллийн зарчмыг залруулна гэж байгаа нь зөв бололтой. Өөрчлөх ёстой гэдэг нь дээр дурдсан гишүүнээс гадна өөр олон гишүүний жишээ, амьдралаас тасарсан юм ярьдаг тохиолдлуудаас нь батлагдаад байна. Ямар сайндаа ард түмэн амьдралгүй юм ярьдаг гишүүнд үнэлэлт дүгнэлтээ өгч, Дарханы замыг хуулж, хулгайлсан мөнгөөрөө Говь-Алтайгаас гишүүн болсон гэж сошиалаар дүүрэн шүүмжилж байхав дээ. Үнэн худлыг нь мэдэхгүй ч олон нийтийн хандлагыг анзаарч л байх хэрэгтэй.

Манай сонин өмнө нь олон бичиж байсан. “УИХ-ын гишүүн болоод амьдралаас тасарчихаж байгаа юм биш, амьдралаас тасарчихсан улс УИХ-ын гишүүн болдог” гэж. Дандаа баячууд парламентад суудаг. Монголын баячуудын очдог албан тушаалын оргил нь УИХ-ын гишүүн. Баян хүн гишүүн болоод ард түмнийг төлөөлдөггүй, сансрын юм ярьдгийг бид мэдсэн учир одоо сонгогчид өөрсдийн гишүүнтэй болъё, өөрсдийнхөө дундаас төлөөллөө УИХ-д суулгая. Эгэл ардуудынхаа өдөр тутмын амьдрал, жаргал зовлонг ойлгодог, гол нь амьдрал мэддэг хүмүүсээс сонгож УИХ-д оруулъя, дарга болгоё. Үүнээс хойш баячуудыг сонгож, нэрийг нь дугуйлахаас татгалзъя.

Ингэхийн тулд бидэнд мөнгө оролцдоггүй, мөнгөөр санал худалдаж авдаггүй сонгууль хэрэг болно. Мөнгө ордоггүй сонгуулийн хувилбар бий. Улс төрийн шинжлэх ухаанд ийм төрлийн сонгуулийн бүтэц тодорхой бий, бэлээхэн систем байгаа. Мөнгөгүй сонгууль байдаг гэдгийг аль болох ил гаргадаггүй л болохоос биш байдаг юм шүү. Үүнийг мэдэж цөхөөд байх ч юм үгүй. Сонгууль гээч үйл явц хүн төрөлхтний түүхэнд саяхан гарч ирсэн үзэгдэл биш. Хүн төрөлхтөн ардчиллын үндэс болсон орчин үеийн чөлөөт сонгуулиа XVII зуунаас хийж ирсэн. 1789-1799 оны хооронд Францад болсон хувьсгал Үндэсний их хурлыг зарлах шийдвэрийг хаан хүчингүй болгохыг оролдсоноос үүдэж гарсан бөгөөд эцэст нь Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн энэ явдал дэлхийн түүхэн дэх сонгуулийн өнөөгийн төрх бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Тэрнээс хойш 200, 300 жилийн турш сонгууль гэгч зүйл өнөөдрийг хүргэхдээ мэдээж улам боловсронгуй болж, шинжлэх ухааны үндэслэлтэй сонгуулийн системийн хувилбарууд бэлэн болчихсон байна. Иймээс монголчууд мөнгө оролцдоггүй хувилбарыг судалж холбогдох хуулиуддаа тусгаж боловсруулъя. Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулна гэж ярьцгааж, ажил хэрэг болгохоор судалж, хэлцэж байгаа нь үндэслэлтэй зүйл юм байна.

Монголын үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Төрийн ордонд болсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүдийн нүүрийг харж байгаад “Өнөөдөр нийгмийн, ард түмний сэтгэлгээ ямар байна, нийгмийг сонсооч ээ гэж байгаа бол та нарт хэлье. 76-г бууд гэж байгаа, ард түмэн. 76-г зүгээр гаргаж ирж байгаад бууд. Улс орноо өрөнд оруулж, 2030 онд зугтах гэж байгаа юм байна. Зугтахаас нь өмнө буудчих гэж байгаа шүү дээ. Тэгээд яах юм бид ийм байдлаараа явах юм уу, аль эсвэл тогтолцоогоо өөрчлөх юм уу л гэж байгаа” хэмээн ард түмний үгийг төлөөлөн ярьсан. Ард түмэн УИХ-ын гишүүд өөрсдийг нь хэзээд төлөөлж ирээгүйг сая ухаарч, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх цаг болсон гэдэгтэй санал нэг байгаа. Өнөөдрийн ийм парламенттай, амьдралаас тасарсан юм ярьдаг гишүүдтэй, ийм төр засагтай байна гэдэг тэвчиж болох зүйл гэж үү. Ард түмний амьдрал уруудаж, хоолойгоороо татсан их өр ширэн дунд яахаа мэдэхгүй өдөр хоногоо өнгөрөөж байгаа нь МАН төр барьж, дээрээс нь ийм гишүүдтэй байгаагийнх, ийм нам, гишүүдийг сонгож гаргаж ирдэг хуультай байгаагийнх. Бүх юмны зангилаа, учир шалтгаан нь ард түмнийг төлөөлдөггүй хүмүүс УИХ-ын танхимд сууж ирсэнтэй холбоотой.

1989 онд гарч ирсэн Ардчилал, ардчилсан хувьсгал, ардчилсан хөдөлгөөний утга учир сонгуулийн буруу тогтолцооноос болж алдагдаад удчихлаа. Ардчилал арай ийм байдаггүй байх. Чөлөөт сонгууль, ард түмнээ төлөөлж чаддаг гишүүдийг гаргаж ирдэг сонгууль бол ардчиллын үндэс байдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?