ДЭЛХИЙ НИЙТ ОЛОН СОРИЛТТОЙ ТУЛГАРЧ БУЙ ҮЕД Ч БРИКС-ИЙН ТҮНШЛЭЛ БЭХЭЖСЭЭР БАЙНА

2022-06-23  

Хятадын Шанхай хот дахь Шинэ хөгжлийн банк буюу БРИКС-ийн банкны төв байрны зураг.

2022 оны 6 дугаар сарын 17-нд агаараас авсан зураг. (Синьхуа/Фан Жэ)

Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс гэсэн хөгжиж буй таван улсаас бүрдсэн бүлэг буюу БРИКС-ийн гишүүн орнуудын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт “БРИКС-ийн өндөр чанартай түншлэлийг хөхиүлэн дэмжиж, дэлхийн хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх нь” сэдвийн дор энэ долоо хоногт цахим хэлбэрээр болох гэж буй бөгөөд дээд хэмжээний уулзалтыг БНХАУ даргална.

БРИКС нь байгуулагдсанаасаа хойших 16 жилийн хугацаанд нээлттэй, хүртээмжтэй бөгөөд харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтлан өргөн цар хүрээг хамарсан салбарт практик хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн юм.

Дэлхий дахин олон сорилт, тодорхойгүй байдалтай, тухайлбал нэгэн зуунд гараагүй цар тахалтай нүүр тулж буй энэ үед хөгжиж буй таван том улс дэлхийн хөгжил дэвшлийг ахиулахад өөрсдийн мэргэн ухаан, хүчин чармайлтаараа хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байна.

БҮХ НИЙТИЙН ХӨГЖЛИЙГ ХӨХИҮЛЭН ДЭМЖИХҮЙ

БРИКС-ийн гишүүн орнууд нь бүс нутаг, дэлхийн эдийн засаг, худалдааны өсөлтийг хангах чухал хөшүүрэг юм.

Албан ёсны тоо баримтаас үзвэл, КОВИД-19 цар тахлын нөлөө үргэлжилсээр байсан хэдий ч БРИКС-ийн гишүүн орнуудын нийт худалдааны хэмжээ 2021 онд 8.55 орчим их наяд ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 33.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

Үүний зэрэгцээ БНХАУ-ын БРИКС-ийн бусад гишүүн оронтой хийсэн хоёр талын худалдаа өнгөрсөн онд 490.42 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоосоо 39.2 хувиар өсжээ.

БРИКС-ийн орнууд дэлхийн нийт бараа бүтээгдэхүүний худалдааны 18 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 25 хувийг эзэлдэг болох нь статистик мэдээнээс харагдаж байна.

Хятадын зүүн нутгийн Шаньдун мужид байдаг, автомашины дугуй үйлдвэрлэгч “Prinx Chengshan Tire” ХХК Бразилын зах зээлд хөл тавиад 10 гаруй жил болж буй бөгөөд орон нутгийн дистрибьютер болон үйлчлүүлэгчдийн дунд хэдийн танил болжээ.

Тус компанийн мэдэгдсэнээр, эрх бүхий эдийн засгийн операторын статусыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай БНХАУ болон Бразил хоорондын хэлэлцээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр болсон бөгөөд уг хэлэлцээрийн ачаар тус компанийн бүтээгдэхүүний экспорт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа аж.

БРИКС-ийн гишүүн орнуудын түншлэл бэхжихийн хэрээр үр өгөөжийг нь хүртэж буй компаниуд олширч байгаа бөгөөд гишүүн орнууд хоорондын эдийн засаг болон худалдааны хамтын ажиллагааны хамрах хүрээ улам бүр өргөжин тэлж байна.

Дижитал эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалт ба тогтвортой хөгжил, нийлүүлэлтийн сүлжээ болон олон талт худалдааны механизм зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр энэ сарын эхээр бол сон 12 дахь уулзалтынхаа үеэр БРИКС-ийн орнуудын эдийн засаг, худалдааны сайд нар тохиролцсон юм.

Хөгжиж буй орнуудад тулгарч буй дэд бүтэц болон хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхийн тулд БРИКС-ийн гишүүн орнууд Шанхай хотноо Шинэ хөгжлийн банкийг (ШХБ) байгуулж, 2015 оны долдугаар сард албан ёсоор нээсэн билээ.

ШХБ нь 2021 оны тавдугаар сарын байдлаар Бразилын сэргээгдэх эрчим хүчний төслүүдээс эхлээд Энэтхэгийн төмөр замын сүлжээг шинэчлэх хөтөлбөрүүд, ОХУ-д шинээр автозам тавих зэрэг нийтдээ 30 тэрбум орчим ам.долларын өртөг бүхий 80 гаруй төслийг гишүүн орнууддаа батлан хэрэгжүүлээд байна.

Тус банк 2022-2026 онд гишүүн орнууддаа 30 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ мөнгөний 40 хувийг дэлхийн дулаарлыг сааруулахад зарцуулах ажээ.

БРИКС-ийн орнуудын технологийн шинэчлэл, дижитал шилжилтийг ашиглах зорилгоор БРИКС-ийн орнуудын Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын түншлэлийн инновацийн төвийг 2020 оны 12 дугаар сард Хятадын зүүн нутгийн Фузянь мужийн Сямынь хотод байгуулжээ. Тус төв нь БРИКС-ийн орнуудын хоёр талын хамтын ажиллагааг хөнгөвчлөх, БРИКС-ийн орнуудын бүх нийтийн хөгжлийг хөхиүлэн дэмжихийн тулд ШХБ-тай харилцан ойлголцлын санамж бичигт энэ сарын эхээр гарын үсэг зурсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр тал хиймэл оюун ухаан, аж үйлдвэрийн интернет, эрчим хүч хэмнэлт болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтран судалгаа хийх, боловсон хүчнийг бэлтгэж сургах, дэд бүтэц болон тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцох замаар хамтран ажиллана.

ШХБ-ны ерөнхийлөгч Маркос Тройо хэлэхдээ “ШХБ-наас гадна БРИКС-ийн орнуудын Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын түншлэлийн инновацийн төв нь БРИКС-ийн гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өөр нэгэн чухал механизм юм. Энэ хоёр байгууллага нь хоёулаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг БРИКС болон бусад хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх зэргээр тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг дэмжих зорилготой” гэжээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХҮЙ

КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш БРИКС-ийн орнууд нэг нэгэндээ эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлах, халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, оношлох, эмчлэх протоколуудаа харилцан хуваалцаж, вакцин болон эмийн судалгаа хийхэд хамтран ажиллах зэргээр өргөн хүрээтэй хамтын өрнүүлсээр байна.

Бразилын Бутантаны хүрээлэн Хятадын гаргаж авсан “КоронаВак” вакциныг 2023 оноос эхлэн үйлдвэрлэх үйлдвэрээ Сан-Паулу хотноо энэ оны гуравдугаар сард нээсэн юм.

Мөн гуравдугаар сард БРИКС-ийн орнуудын Вакцины судалгаа, хөгжлийн төвийн нээлтийн ёслолыг онлайнаар зохион байгуулсан.

БРИКС-ийн гишүүн таван орон тэгш хуваарилах замаар хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд вакцины хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачилгыг хамтран дэвшүүлсэн юм. Энэхүү санаачилга нь БРИКС-ийн орнуудын халдварт өвчинтэй тэмцэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд уг санаачилгад бусад улс орон нэгдэх боломжтой.

Мөн БРИКС-ийн гишүүн орнууд томоохон хэмжээний тахлаас урьдчилан сэргийлэх системийг нэвтрүүлэхээр тавдугаар сард болсон гишүүн орнуудын эрүүл мэндийн сайд нарын 12 дахь удаагийн хурлынхаа үеэр зөвшилцсөн байна. Мөн уг хуралд оролцогчид КОВИД-19 цар тахлаас сэргийлэх, эрүүл мэндийн шинэ системүүд болон дижитал эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвүүдээр нухацтай хэлэлцүүлэг өрнүүлжээ.

ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ

БРИКС-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны ололт амжилт нь зөвхөн дэлхийн хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын хөгжил дэвшилд түлхэц болоод зогсохгүй БРИКС-ийг Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг ахиулах чухал талбар болгосон юм.

2017 онд Хятад улс БРИКС-ийн гишүүн орнуудын эв нэгдэл, уялдаа холбоог бэхжүүлж, улмаар БРИКС-ийн “найз нөхдийн хүрээлэл”-ийг улам бүр өргөжүүлж, шинээр хөгжиж буй бүх зах зээл болон хөгжиж буй орнуудын хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжих зорилгоор “БРИКС+” хамтын ажиллагааны загварыг танилцуулсан билээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И тавдугаар сард БРИКС-ийн гишүүн орнууд болон хөгжиж буй орнуудын гадаад харилцааны сайд нарын цахим хэлэлцүүлгийг даргалсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ “Хэлэлцүүлэгт оролцсон бүх орны гадаад харилцааны сайд нар ‘БРИКС+’ хамтын ажиллагааны загварыг дэмжиж, үүний хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлсэн” гэсэн юм.

Уг хэлэлцүүлэгт оролцогчид “БРИКС+” хамтын ажиллагааны загварыг өндрөөр үнэлж, БРИКС-ийн орнууд болон шинээр хөгжиж буй зах зээлүүд хоорондын стратегийн харилцаа холбоог улам бүр бэхжүүлж, илүү шударга, эрх тэгш, хүртээмжтэй бөгөөд ардчилсан зарчим бүхий дэлхийн засаглалын тогтолцооны хөгжлийг хөхиүлэн дэмжихээ илэрхийлсэн байна.

Хятадын зүүн нутгийн Фузянь мужийн Сямынь хотод болсон БРИКС-ийн Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын талаарх үзэсгэлэнд тавигдсан ухаалаг робот нохой. 2021 оны 9 дүгээр сарын 8-ны зураг. (Синьхуа/Линь Шаньчуань)

Ядууралтай тэмцэх, хүнсний аюулгүй байдал, ногоон хөгжил, үйлдвэржилт, дижитал эдийн засаг болон бусад салбар дахь БРИКС-ийн хамтын ажиллагаа нь хөгжиж буй олон орны хүсэл эрмэлзэл болон хэрэгцээ шаардлагад нийцэж байна гэж Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн Хөгжиж буй орнууд судлалын газрын дарга Ван Юмин хэлэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Тиймээс БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь хөгжиж буй орнуудад КОВИД-19 цар тахлын нөлөөлөл болон бусад сорилтыг даван туулахад нь чухал үүрэг гүйцэтгэх болно” гэсэн юм.

Мөн Сингапурын Үндэсний Их Сургуулийн харъяа Ли Куан Югийн нэрэмжит Нийтийн бодлогын сургуулийн дэд профессор Гу Циньян хэлэхдээ “Цаашид БРИКС-ийн орнууд одоогийн хамтын ажиллагааны механизмаа улам бэхжүүлж, аажмаар өргөжүүлэн тэлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон ‘Бүс ба Зам’ санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй нягт уялдуулснаар дэлхий нийтийн хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд илүү их үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой” гэжээ.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса саяхан Кейптаун хотноо нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Олон улс орны итгэлийг хүлээсэн БРИКС бүлгийн гишүүн бусад оронтой манай улс хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?