"Самуурсан" төрөө дагаад Монголын бүх салбар уналтанд орж, удирдлага нь ялзарсан. Монголын бурханы шашин ч Христ, Лалын шашинд түрэгдэж, рингний буланд шахагдан, нүүр нүдгүй нүдүүлж буй боксчинтой ижил төстэй. Сүсэгтэн олны дийлэнхийг монголчуудын хэлж заншсанаар "буруу номын" шашинд буюу харийнханд алдсан. Монгол улсын 330 сумын төвд Христийн сүм өнгөрсөн 30 жилд нэгэнт сүндэрлэн босож, өдрөөс өдөрт улам хүчирхэгжиж байна. Зарим суманд Христийн сүмийн тоо нэг, хоёроор ч тогтохгүй болжээ. Монголын шашины бодлого алдагдаж, Гандантэгчинлэн хийдийн удирдлага жирийн лам нарын бодол, саналыг ч сонсохоо больсон гэж Налайхын хамба лам С.Нэргүй нэр заан хамбыг шүүмжиллээ. Энэ нь яг л эрх баригч нам ард түмнээ орхисонтой ижил сонсогдоно. Чойжамц хамба Төв аймгийн Бүрэн сумын албатаар өөрийн хүрээллээ бэхжүүлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр буй нь лам нарын удаа дараагийн шүүмжлэлийн бай болсоор удлаа. Гандантэгчинлэн хийдийн аж ахуйн дарга , бурхан болооч Жаамаагаас өгсүүлээд олон лам Төв аймгийн Бүрэн сумынх. Хамбын туслах Бүрнээ нь мөн л Бүрэн сумынх. Тэгвэл Гандан лаврингийн ( төв захиргааны) тэргүүлэгч ламаар Даваанямын хүү Манзшир хутагтыг саяхан томилсон. Энэ нь мөн л Бүрэн сумын уугуул. Ийм л нутгархсан, цус ойртсон үйлдэлд тэсвэр тэвчээр нь барагдсан Налайх болон өөр бусад дүүргийн хийдийн хамба лам нар Чойжамц хамбыг огцрохыг 2022 оны эхнээс шахаж, өрөөнд нь дайран орж, шаардах хуудас гардуулсан. Гэвч Чойжамц :- Хамбыг огцруулах бол нэг хүний эрх мэдлийн хүрээний асуудал биш. Хэзээ огцрохыг би хэлж мэдэхгүй. Орон нутгийн хамба лам нартай холбогдож, энэ асуудлыг хурлаар хэлэлцэж байж шийдвэрлэх журамтай. Санал асуулга ч явуулж болно. Тэгэж байж шийд гарна гэж амыг нь таглаад, өрөөг орхин гарсныг бид харсан. Тэр тэгэж хэлээд цаг л хожсон аж. Түүнээс хойш Х.Баттулга ерөнхийлөгчөөс "Номун хан" гэдэг шашины цол хэргэм хүртсэн. Цар цахлын хорио тавигдсан учир лам нараа орон нутгаас урьж ирүүлэн шашины томоохон арга хэмжээ зохиосон ч, нөгөө огцрох асуудлаа сөхөлгүй ор тас орхисон. Харин тэр байр сууриа улам бэхжүүлэн Гандангийн захиргааны томилгоог хийсэн хэвээр. Цаг явах тусам түүнийг шүүмжлэх лам нарын ч хүч суларч байх шиг. Чойжамц хамбын хүрээ том. Нөлөөлөл их. Түүнийг шүүмжлэхээр эргэж дарамт учруулдаг, лам нарын хонгилыг бий болгодог гэж Налайхын хамба лам ярилцлага өгөхдөө мөн өгүүлсэн. Тиймээс түүнийг эсэргүүцэх, шүүмжлэх эр зоригтой лам байтугай хар ч олдохоо больсон юм болов уу.
Харин ерөнхийлөгч Х.Баттулгын шашины зөвлөхөөр ажиллаж асан, хамбын нутаг нэгт, яруу найрагч Ц.Хулан л түүнийг цүнх баригчидтай ижилсгэж ,үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын даргын "халаасанд багтдаг" болсныг хурцаар шүүмжилсэн. Монголын бурханы шашины бодлого алдагдсан, АНУ-аас их хэмжээний санхүүжилт авч, Түвдийн лам нарыг бодлогоор дэмжсэнээр Монголын бурханы шашиныг харийнхны мэдэлд шилжүүлж буй гэж илчилсэн. Энэ бол Монгол улсын ерөнхийлөгчийн шашины зөвлөхийн хэлсэн үг гэдгийг санах шаардлагатай.Энэ бол пост бичиж сэтгэгдэл үлдээхээс ялгаатай. Бодвол, тэмцэл өрнүүлсэн өнөөх хэсэг лам нарын шахалт, шаардлагаар Хүний эрхийн хорооноос ажлын хэсэг Ганданд шалгалт хийсэн бололтой юм. Хүний эрхийн хорооноос энэ оны дөрөвдүгээр сард хийсэн шалгалтын үр дүнд Гандантэгчинлэн хийдийн үйл ажиллагаа нь ганцхан урсгалтай, ердийн лам нартай эргэх холбоо байхгүй, найман төрлийн санхүүжилтийн орлоготой ч , төсөв санхүүгээ лам нар, олон нийтэд тайлагнаж огт хэвшээгүй, санхүүгийн ил тод байдал алдагдсан, захиргаанаас гаргаж буй шийдвэр нь зөрчилтэй, Хөдөлмөрийн хуульд зохицуулсан журмуудыг батлаагүй, дүрмэндээ 5 гишүүнтэй Хяналтын хороотой ч, түүнийгээ ажиллуулдаггүй, тиймээс дотоод хяналтын тайланг сүүлийн гурван жилд тавиагүй зэрэг ноцтой зөрчлүүдийг олж илрүүлсэн байна. Тиймээс Гандан хийдийн үйл ажиллагааг сайжруулах, санхүүгийн ил тод байдлыг хангуулах, дээрхи дурдсан алдааг залруулах зорилгоор Хүний эрхийн хороо, түүний үндэсний хорооны гишүүн Д.Сүнжидийн гарын үсэг бүхий зөвлөмжийг Гандан хийдийн гавж Д.Чойжамцад хүргүүлжээ. Үнэндээ ч, Хүний эрхийн хороо нь зөвлөмж өгөхөөс шийтгэл оноох үүрэггүй байгууллага юм. Тус хороо нь лам нартай уулзаж ярилцах хэлбэрээр ажилласан нь зөвлөмжөөс анзаарагдаж байна. Шалгалт нь Гандантэгчинлэн хийдийн өдөр тутмын үйл ажиллагаа, тайлагнах явцыг голлосон аж. Харин Гандан хийдийн алтан сан хөмрөг, түүнд хадгалагдаж буй Монголчуудын зуун зууныг дамжсан соёлын үнэт өв болсон бүтээлүүдийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт ямар байгаа нь Гандантэгчинлэн хийдийн өнөөгийн найман төрлийн орлоготой зүйрлэх зүйл биш юм. Энэ тухай үг өгүүлбэр ч алга. Түүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд АНУ-аас Монголын бурханы шашинд оруулсан хөрөнгө оруулалт, түүний зорилго зэрэг нь Чой хамбын төр, олондоо тайлагнах хамгийн том тайлан болох нь. Энэ бүхний ил тод тайланг Монголчууд Чойжамц хамбаас хэзээ сонсох юм бол доо ?
Ц.ЭНХБАТ