Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хооронд холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж, хоёр улсын хооронд агаарын хилийг нээж, тогтмол нислэгийг сэргээхээр болсон. Тодруулбал, энэ сараас эхлэн Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх байв. Гэвч энэ талын шийдвэр албажаагүйгээс нислэгийг ирэх сарын 5-наас эхлүүлэх чиглэлтэй байна.
Монголын иргэний агаарын тээврийн компаниуд нислэг хийдэг БНХАУ-ын Шанхай, Бээжингээс бусад хот руу 7 хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас өмнө нь танилцуулсан. Авиакомпаниудын нислэгийн хуваарь, чиглэлийг ИНЕГ-аас хариуцан тодорхой болгох аж.
ГХЯ-наас агаарын хилийг нээж, хоёр улсын хоорондын агаарын харилцаа, хуваарьт нислэгийг нээх санал хүсэлтийг БНХАУ-ын талд хүргүүлсэн талаар мэдээллээ. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр 7 хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар тохиролцож, Хятадын талаас "Air China" компанид зөвшөөрөл олгох талаар ярилцаж байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр 7 хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтойг албаныхан хэлж байна.
Ковидын цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрөөд байгаа юм. Улаанбаатар хотоос БНХАУ улс руу зорчих иргэд нислэгээс өмнө 5 хоног тусгаарлагдана. Мөн тус улсад очсоны дараа 14 хоног тусгаарлагдах талаар ИНЕГ-аас мэдээллээ.
Эх сурвалж: Монцамэ