Баяр наадмын хуульд мэргэжлийн холбоод нь баяр наадмыг зохион байгуулах эрхтэй гэж заасан учир ирэх жилээс үүнийг мөрдөх боломжтой. Энэ жилийн хувьд төрийн байгууллагын оролцоотойгоор наадмыг зохион байгуулна. Энэ жил бол шилжилтийн үе учраас ийм шийдвэр гаргасан. Ирэх жил Засгийн газар хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана. Түүхэнд ойн баяр наадамд Тува улсын 15, Халимаг 4, Буриад 4, Өвөр монголын хоёр бөх гээд нийтдээ 25 орчим гаднын бөх барилдах хүсэлтээ ирүүлсэн. Баяр наадамд барилдах бөхчүүдийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхах заалт байхгүй учраас эдгээр бөхчүүдийн хүсэлтийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, тэд барилдана. Шинэ хуулинд , наадмын дөрөв юм уу, тавын даваанд дархан аварга цолтой бөх зодог тайлах хүсэлт гаргавал олон түмнийг олон жил бясган цэнгүүлсэн хөлс хүч, хөдөлмөрийг нь хүндэтгэн цолыг нь дуудуулж, есөн хөлт цагаан туг тойруулах, зодгоо тайлж шавь юм уу, үр хүүхэддээ үлдээдэг монгол бөхийн уламжлалт зан үйлийг хийж болно гэж тусгасан. Аварга бөх зүлэг ногоон дэвжээгээ орхих, үзэгчдийн оролцоотойгоор зодог тайлах ёслолыг ийнхүү хуульчилсан болно. Мөн бөхийн цол эрэмбийг нээлттэй болгох асуудлыг хуульчилсан. Улсын арслан цолтойгоос доош цолтой бөх 1024 бөхийн барилдаанд түрүүлбэл аварга цол авна. Улсын арслан цолтой бөх түрүүлбэл даян, үзүүрлэвэл улсын аварга болох цолын эрэмбэ үргэлжилнэ. Гэхдээ цаашдаа монгол бөхийн үнэлэмжийг сайжруулж, аварга цолтой бөх заавал наадамд түрүүлсэн байх шаардлага тавина. Өөрөөр хэлбэл, 1024 бөхөд үзүүрлэж улсын арслан авсан бөх дараагийн 1024 бөхийн барилдаанд дахин үзүүрлэвэл аварга авч чадахгүй, цол чимэг л авна. Улсын аварга, даян аварга, дархан аварга цол авах бөхчүүд заавал улсын наадмын 512, 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн байх шаардлага тавьж буй. Уламжлал ёсоороо долдугаар сарын 12-нд цолны болзол хангасан бөхчүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгоно. Допингийн шинжилгээгээ авдгаараа авна.
Хэрвээ допинг хэрэглэсэн нь нотлогдвол Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зарлигаа өөрчилж, цолыг нь хурааж, дараагийн бөхөд цолыг нь олгохоор хуульчилсан гэж Бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн ТНБД П.Сайнзориг танилцууллаа. Хурдан морины уралдааныг шилжилтийн үе дуустал ХХААХҮЯ, мэргэжлийн холбоод хамтран монгол үйлдрийн морины стандартын сан бий болготол хурдан морины наадам дүрмээр зохицуулагдана гэж журамд заасан. Тэгэхээр энэ жилийн наадмыг ХХААХҮЯ хариуцна. Дүрэмд заасны дагуу хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжиж, уралдах эрхийг нь олгоно. Хэмжихдээ хурдан морины барианы хажууд лэд дэлгэц байршуулж шууд харуулна. гэж Хурдан морины салбар хорооны дарга, БХЯ-ны ТНБД Д.Ганхуяг тодотголоо. Ийнхүү уяачдын олон жилийн маргааныг хуульчлан зогсоосон байна. Энэ хуулиар улсын наадамд цэвэр цусны араб адууг уралдуулахыг хориглосон ч, монгол гүүнээс үр төлийг нь авсан олон тооны эрлийз адуу уралдах нь тодорхой болжээ.
Б.Пүрэвдорж