У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ ХЭМЭЭГДЭН ЭХ ОРНЫХОО НЭР ХҮНДИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВНА

2022-07-10  

Өнөөдөр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Монгол Улсын Төрийн далбаааны өдөр тохиож, тус өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.

Цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал С.Ганбямба командалж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт илтгэл өгсөнөөр эхэллээ.

Цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын хүндэт зочид, ахмад дайчид, нийслэлийн ард иргэд оролцлоо. Цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын зэвсэгт хүчний Жанжин тугийг залснаар ёслол төгөлдөр эхэллээ. Зэвсэгт хүчний Жанжин туг нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, Зэвсэгт хүчний дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл байдаг юм.

Илтгэлийн дараа Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр цэргийн ёслолын жагсаалд оролцож буй алба хаагч нарт  Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн дайчин цогтой мэндийг хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд Цэргийн ёслолын жагсаал эхлэхэд бэлэн болсныг илтгэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулж, нийт иргэд, цэргийн ёслолын жагсаалд оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ. Тэрбээр, өндөр дээд төрийн тэгш ойнууд таширлан давхцаж, өргөн түмэн олноороо баярлан цэнгэж буй энэ цаг дор Монгол цэрэг, Монгол цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга бат, хариуцлагаар дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, Монгол цэрэг дэлхийн цэрэг хэмээгдэн эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж явааг тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна хэмээн онцолоо.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ой тохиож байгаа улсын их баяр наадмын Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд БХЯ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, сургуулиуд, 14 байгууллагын 4 000 гаруй алба хаагчдаас гадна морин цэрэг, 300 гаруй дугуйт болон хүнд гинжит техникүүд оролцлоо.

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?