Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нефть бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани Аи-92 автобензиний үнэ дээр өнгөрсөн 4-6 дугаар сард 24.3-30 хувийн хөнгөлөлтийг үзүүлж иржээ. Харин энэ сард хийсэн хэлцлийн дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3 хувиар хөнгөлөн нийлүүлж буйг УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнөөдөр тус яамнаас хийсэн мэдээллийн үеэр тодотголоо.
Харин дизелийн түлшний хувьд ямар нэг хөнгөлөлт байхгүй байгааг онцоллоо. Энэ нь ОХУ, Украины цэргийн ажиллагаа, хямралт байдал, ОХУ-ын дотоод дахь нөхцөл байдалтай холбоотой аж. Мэдээллийн үеэр Засгийн газар, салбарын яамнаас газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний талаар тодотгов. Үүнд:
УУХҮ-ийн сайд Г.Ёндон дизелийн түлшний үнийн талаар тодотгож хэлэхдээ, “Роснефть” компанитай хэлцэл хийх явцад дизелийн түлшний үнийг бууруулах талаар санал тавьсан. ОХУ дотоодын хэрэглээгээ хамгаалах зорилгоор тус улсад борлуулж буй ААН-үүддээ тодорхой хэмжээний урамшуулал (татаас) олгож байна. Иймд дизелийн түлшний үнийг бууруулах юм уу хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн” хэмээн тайлбарлалаа. Оны эхэнд дизель түлшний зах зээлийн үнэ тонн нь 705 ам.доллар байсан бол 1295 ам.доллар болж, 83.7 хувиар өсжээ. Харин манай дотоодын зах зээл дэх жижиглэнгийн үнэ нэг литр нь 2840 төгрөгөөс 4030 төгрөг болж 41.9 хувиар өсөөд байгаа нь зах зээл дээрх ханшаас 2 дахин бага үнийн дүн аж.
Дизель түлшний нийт импортын 70 хувийг уул уурхай, зам, барилгын томоохон компаниуд хэрэглэдэг. Харин Аи-92 автобензийн үндсэн хэрэглэгчид нь иргэд байдаг тул дизелийн түлшний үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд төдийлөн их дүнгээр нөлөөлөх үндэслэл байхгүйг онцолж байлаа.