"ЧИНГИС ХААН СУДЛАЛ"-ЫН ОЛОН УЛСЫН ХОЛБООГ БАЙГУУЛЛАА

2022-08-09  

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсыг нэгтгэн байгуулж, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, аугаа эзэнт гүрнийг цогцлоосон Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой тохиож байна. Түүхийн хоёр дахь мянганы суут хүмүүн эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг энэ сарын 5-10-ныг хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.  Цогц арга хэмжээний хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тодруулбал “Монголын түүх, угсаатны судлал”,  “Монгол хэл, уран зохиол судлал”,  “Монголчуудын соёлын ертөнц”,  “Монголчууд ба гадаад ертөнц”,  “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” зэрэг сэдвийн хүрээнд 15 орны 155  судлаач илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

            ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР  Н.Н.КРАДИНЫГ СОНГОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгасан юм.

 

Тэгвэл энэ хүрээнд түүний санаачилгыг эрдэмтэн, судлаачид дэмжиж, Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр нь Монголч эрдэмтэн, Академич Н.Н.Крадиныг сонголоо. Тэрээр монгол судлалын чиглэлээр 20 гаруй жил ажилласан бөгөөд “Хүннүгийн эзэнт улс” сэдвээр судалгаа шинжилгээ хийж, ном болгон монгол хэлнээ хэвлүүлсэн нэгэн. Хурлаар холбооны удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр болов.

                       ИХ ХААНЫ ТӨРСӨН НУТАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БАЙГУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлэхдээ, “Чингис хаан судлалын олон улсын хурал”-ыг гурван жил тутамд нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг санал болгож байна. Чингис хаан бол дэлхийн түүхэнд Монгол хүн, Монгол үндэстнийг мөнхлөн дархалж, тусгаар Монгол Улсын оршихуйг тамгалсан гавьяатан. Бидний монголчууд, Монгол Улсын үе, үеийн Ерөнхийлөгчид Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, монголчуудын төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх бодлогыг баримталж ирсний дагуу, сүүлийн жилүүдэд их хааны шүтээн Бурхан халдун хайрхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, төрийн ордон, төрийн болон орон нутгийн бүх шатны байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, сургалтын байгууллага, Монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд их хааны төрсөн нутагт аялал жуулчлалын томоохон төв байгуулахаар төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.

Судлаачид Чингис хааны баримталж байсан үзэл санаа, өрнүүлж байсан үйл хэрэг нь хүн төрөлхтний хөгжлийг сааруулж байсан зөрчил тэмцэл, дайн тулааныг эцэслэж, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г тогтоож, дэлхийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан гэдэгтэй санал нэгдэж байв. Монголын түүх, соёлыг тал бүрээс нь сурвалжлан судалж, дэлхий нийтэд үнэн бодитоор сурталчлан таниулж Монгол төрийн бодлогын цөмд Монгол судлал чухал байр суурь эзэлнэ гэдэгт эрдэмтэд саналаа нэгтгэсэн. Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд, Монгол улсын төрөөс Чингис хааны өв соёлын бие даасан судалгааны хүрээлэн байгуулсан бөгөөд Чингис хаан музейг удахгүй нээх гэж байна.

 

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ТАЙЛБАР ТОЛИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

 БШУ-ын сайд, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Энх-Амгалан ярихдаа: “Монголын эзэнт гүрэн нь Монгол төдийгүй дэлхий дахины улс төр, эдийн засаг, шашин, соёл, сэтгэлгээ, хууль эрх зүй,шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж, өөрийн гэсэн өвийг үлдээсэн. Эл цогц арга хэмжээ нь Эзэн Чингис хаан хүн төрөлхтөнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдгийг үнэн зөвөөр нь тунгаах, өмнө нь гарч байсан үзэл суртлын зөрүүтэй түүх, судалгааг залруулах боломж гарч байна. Түүнчлэн Чингис хааны бүтээсэн үйл хэргээс гадна түүний залгамжлагч болсон Эл хаан, Алтан орд, Юань гүрэн гээд  эзэнт гүрнүүдийн түүхийг судалж шинээр бичих шаардлагатай. Монголын эзэнт гүрнүүд дан ганц дайн байлдаан хийж байсан гэдгээр дөвийлгөн гуйвуулдаг.  Гэтэл Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд Төв Ази болон евразийн нутаг дэвсгэр дээр "Энхтайванч үзэл"-ийг нэвтрүүлсэн түүхэн гавьяаг байгуулсан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын нууц товчооны тайлбар толийн ажлыг эхлүүлж байгаа. Манай нууц товчоог олон эрдэмтэд судалсан. Тэд газар нутгийн нэрс болон  нууц товчоог өөр, өөрсдийнхөөрөө улс төр болоод үзэл бодлын зорилгоор тайлбар өгдөг. Тиймээс үүнийг цэгцэлж нэгдсэн ойлголтод хүргэхэд нууц товчооны тайлбар толь тодорхой хувь нэмэр оруулна. Монголын үе, үеийн түүхийг үнэн зөвөөр нь бичих ёстой.  Үүнээс улбаалаад Дэлхийн Монголч эрдэмтдийг хэрхэн дэмжих вэ гэсэн асуудал ургана. Сүүлийн үед Монгол улсын түүхийг судлах залуу эрдэмтэд бий болж байна. Тиймээс гадны улс орнуудад Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг сэргээснээр Монгол судлалд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа. Цаашдаа Монгол гүрний түүх, үлдээсэн өвийг нарийвчлан судлах ажлыг Монгол улс төдийгүй дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид хамтран гүйцэтгэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ үйлсэд нэн ялангуяа Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан бүс нутаг, улс орнуудын эрдэмтдийн хамтын ажиллагаа чухал юм. Тэгж гэмээнэ бид Чингис хаан, Монголын эзэнт гүрний түүхийг бүрэн гүйцэд судалж чадах юм” гэлээ.

МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ЦААНА  ЧИНГИСИЙН АГУУ ИХ ФИЛОСОФИ ОРШИЖ БАЙНА

Шинжлэх ухааны доктор, профессор Ш.Ариунаа: Чингис хааныг судална гэдгийн цаана Монгол Улсыг судалж буй үйл хэрэг явж буй юм. Монгол хүний сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, аж амьдрал, ахуй гээд энэ бүхний цаана нь Чингисийн ертөнц агуу их философи оршиж байна гэсэн үг. Чингис хаан судлал Монгол хүний ой санамжаас гарах ёсгүй. Тэр утгаараа энэхүү арга хэмжээ нь дэлхий нийтэд монголын оршихуй, түүхийг цогцоор нь судлах нэгдсэн ойлголтод хүрэхэд томоохон түлхэц болно гэж харж байна.

                      ЧИНГИС ХААН 204 ГЭДЭГ ОЮУНЫ ИТГЭЛЦҮҮРЭЭР АУГАА СУУТ ГЭСЭН ЗЭРЭГЛЭЛД БАГТСАН

Соён гэгээрүүлэгч Ш.Хишигсүрэн: Монгол хүний оюуны чадвар, итгэлцүүр бол 103-104 “IQ” гэж тодорхойлогдсон байгаа. Энэ үзүүлэлтээр монгол түмэн дэлхийн улс орнуудын аравт жагсаж байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Бүх цаг үеийн хүн төрөлхтний аугаа суут зэрэглэлд ямар хүмүүс багтдаг вэ гэдгийг дэлхийн эрдэмтэд тогтоосон. Тэгвэл Эзэн Чингис хаан 204 гэдэг оюуны итгэлцүүрээр "Аугаа суут" гэсэн зэрэглэлд орсныг энэ хурал дээр зарлалаа. Олонлогоороо 204 гэсэн оюуны чадварын “IQ”-тай хүн бол хоёр тэрбум хүнээс  нэг төрдөг гэсэн тооцооллыг гаргасан байна. Тэгэхээр эзэнт гүрний үеэс тооцоод үзвэл 100 сая хүнээс аугаа суут төржээ гэж үзэж болохоор юм. Цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд яагаад суут ухаантан төрөв гэхээр байгаль дэлхийн цаг агаар үүнийг даван туулах гэсэн нүүдэлчдийн тэмцэл, өсч бойжсон ахуй, бие бялдар, оюун санаатай холбон тайлбарлаж болно. Энэ их аугаа суут ухаантны эс генийн үргэлжлэлийг ариун голомтондоо  сахиж өв тээж  яваа гэдгээрээ монголчууд бахархах нь дамжиггүй. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?