XXI ЗУУНД ЛАА, ШҮДЭНЗЭЭ БЭЛД ГЭЖ БАЙГАА НЬ ИРГЭДЭЭ ДОРОМЖИЛСОН ХЭРЭГ

2022-08-09  

Эрчим хүчний салбарынхан эртнээс лаа, шүдэнз, газаа бэлд, хот чинь ирэх өвөл хөлдөнө шүү гэж яриад эхэллээ. Монголын эрчим хүчний системийг нүүрс шатааж, гарсан дулаанаар эрчим хүч үйлдвэрлэдэг хэдэн цахилгаан станцууд л чирдэг. Гэтэл эдгээр байгууламжууд нь аль соц үед ЗХУ-ын үед баригдсан “өвгөн” станцууд. Хамгийн “залуу” нь гэгддэг IV цахилгаан станц бараг дөчин нас хүрлээ. Нүүрс түлдэг станцуудад тохируулга хийхэд хэцүү байдаг учир манайх Оростой 220 кВт-ын өндөр хүчдэлийн шугамаар холбогдож эрчим хүч авч хэлбэлзэлтэй ачааллаа тохируулдаг. Гэтэл энэ шугам нь мөн л өвгөрсөн.

Энэ мэт байдлаас болж Монголын эрчим хүчний систем бие дааж ажиллах чадваргүй учир нэг улсаас хараат болчихоод байгаа юм. Үүнийг олон жилийн өмнөөс инженерүүд сануулсаар ирсэн ч 2022 онтой золгочихоод байна. Гэтэл Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “2024 онд бид өвлийн цагаар цахилгааны хязгаарлалт хийдэг болно гээд шууд хэлээд эхэллээ. Учир нь эх үүсвэр нь байхгүй” гэж хариуцлагагүй зүйл ярьсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Энэ бол үнэндээ ард түмнийг доромжилсон мэдэгдэл болсон. Гэтэл Монгол Улсын зөвлөх инженер Р.Ганжуур “Ирэх өвөл хот хөлдөх эрсдэлтэй тул иргэд лаа, шүдэнз, газан плитка бэлд гэдэг үг хошигнол биш шүү” гэж улам баталж яриад байна. Юун лаа шүдэнз бэлдэх вэ. Бид XXI зууны иргэд. Лаа, шүдэнзийг монголчууд 100 жилийн өмнө халж, цахилгаан чийдэн бараадаж хөгжлөө дагасан. Хиймэл оюун ухаан, Марс гариг, Жэймс Вебб телескоп гэж хүн төрөлхтөн үсрэнгүй хөгжил, дэвшил ярьж байхад Монголын төрийн толгойд 101 дэх жилдээ заларсан МАН-чууд лаа, шүдэнзээ бэлд гэж ярьж байгаа нь Монголын ард түмнийг доромжилж, даажигнаж буй нэг хэлбэр юм. Сүүлийн 30 жилд үе үеийн эрх баригчид ямар бодлого барьж, ярьж ирсэн болохоор бид өнөөдөр лаа, шүдэнз зэхэхдээ тулав. Яагаад биднийг Хүй нэгдлийн үе, агуй руу нь буцааж оруулахаар болов. Тог цахилгаан хязгаарлана гэдгээ “Иргэд замбараагүй хэрэглээтэй учир ингэж анхааруулж, сануулж зөв хэмнэлд нь оруулах гэж байгаа юм” хэмээн эвтэйхэн тайлбарлаад байх бололтой юм. Хүн төрөлхтний хэрэглээ тасралтгүй өсч байдаг нь бичигдээгүй хууль. Цаашид ч иргэдийн цахилгааны хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдсээр байх болно.

Тэр болгонд МАН хэмнэ, тасална шүү гэж занаж, ард түмнээ басамжилсаар байх уу. Монгол Улс цахилгаан эрчим хүчний тал дээр нэг улсаас хараат байгааг анх төдийлөн ил хэлдэггүй байсан бол өнөөдөр бүгд ил гарсан. Усан цахилгаан станц барих гэж монголчууд сүүлийн 30-аад жил талцаж байна. Гадны хөл гар болсон хүмүүс ямар нэг шалтгаан хэлж усан цахилгаан станц барих асуудлыг зогсоож, царцааж замхруулдаг. Арай сэхээлэг, оюунлаг залуус усан цахилгаан станц бариулахгүй юм бол сэргээгдэх эрчим хүч, салхин станц гэсэн хувилбар байгаа шүү гэж санал хэлдэг ч төдийлөн ойшоодоггүй буюу болвол мөн л дарахыг санаархдаг. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч өнөөдөр нийт хэрэглээний 10аадхан хувийг хангаж байна. Уг нь ганцхан цахилгаан станцтай л болчихвол Монгол Улсын эрчим хүчний асуудал шийдэгдчихнэ гэдэг. Монголд станц барих үндэсний хэмжээний маш том ашиг сонирхол байхад л тэрийг нэг эрх мэдэлтэн юу ч биш болгоод хаячихдаг. Цахилгаан станц бариулахгүй гэх тэдгээр хүмүүсийг, бүлэглэлийг ард түмэн, сонгогчид бүгд мэддэг ч огт тоодоггүй. Дахин дахин л сонгож гаргаж ирээд байдаг. Усан цахилгаан станц бол биднийг эрчим хүчний гацаанаас гаргах том боломж. Усан цахилгаан станцын эрчим хүчийг яаж бол яаж зохицуулж болдог нь давуу талтай эх үүсвэр. Нөгөөтэйгүүр манай орон жилийн 300 гаруй хоногт нь нартай байдаг, салхины нөөц ч ихтэй. Сэргээгдэх эрчим хүчээрээ Монголыг байтугай Зүүн хойд Азиа хангачих хэмжээний боломжтой гээд Монголд нөөц боломж, станц барих инженер, техникийн ажилтнууд нь бүгд байгаа ч үүнийг эрх зүйн хувьд баталж, төсөл хөтөлбөр болгож, бодит амьдрал дээр буулгахад түлхэц үзүүлэх ёстой УИХын гишүүд, сайд дарга огт хөдөлдөггүй. Тэднийг гадны нөлөөнд орсон учир ийн эх орныхоо төлөө юу ч хийдэггүй гэж харддаг. Монгол Улс дотроо усан цахилгаан станц барих гэхээр байгальд маш их сөрөг нөлөөтэй гэж манай хойд хөрш эрс дургүйцдэг ч энэ нь үнэндээ Монголыг эрчим хүчний хувьд хараат байлгах гэсэн том сонирхол байгааг бүгд харж байна.

Гэтэл Оросуудыг өөрсдийг нь хар. Байгал нуураас гарч буй Ангар мөрөн дээр 3-4 том станц байгуулчихсан, 70, 80 жил болж байна. Усан цахилгаан станц үнэхээр хор хөнөөлтэй юм бол тэнд дамнуулаад станцууд ярайтал XXI зуунд лаа, шүдэнзээ бэлд гэж байгаа нь иргэдээ доромжилсон хэрэг барих байсан уу. Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих ТЭЗҮ 1993 онд хийгдээд удаагүй байтал энэ асуудалд улстөрчид хошуу амаа дүрж, 2006 оны үед зээлээр санхүүжилтийг нь шийдэх гэж байснаа гэнэт замхарчихсан. 2012 онд АН гарсны дараа дахин төслийн баг байгуулж, ТЭЗҮ болон зураг төслийг шинэчилж, нэлээд наашлуулсан ч хойд хөрш эрс эсэргүүцэж, манай улстөрчид ч тэдэнтэй хошуу холбосноор энэ ажил бас гацсан. Монголчууд бид өвөлдөө дулаан, тог цахилгаантай байя гэвэл эхлээд станцтай болохоосоо илүүтэй зөв хүмүүсээ төрд гаргах ёстой байжээ. Яагаад гэвэл бид дандаа болж бүтдэгггүй, улс эх орон, ард түмний эрх ашгийн эсрэг ажилладаг хүмүүсийг сонгодог байжээ. Төрд ард түмнийг төлөөлж буй хүн Монгол Улсын эрх ашгийн өмнөөс ажиллаж, эх орныхоо хөгжлийн төлөө үзгээ хөдөлгөж байх ёстой. Гэтэл Монголын төрд гарчихаад Монголын эсрэг ажилладаг түшээдтэй гэдгээ бид лаа, шүдэнз ярьж байгаа энэ үедээ мэдэрч байна. Ковидын хоёр жилд эрх баригчид Монголын ард түмнээр яаж тоглов, эрх мэдлээ яаж хууль бусаар ашиглаж улс орныг хохироож, иргэдийг татвараар дарамталж байгаа билээ.

Үүн дээрээ нэмж өвөл лаа, шүдэнз газан плитка бэлдээрэй гэж үүрэгдэж эхэллээ. Энэ бол бидний буруу сонголтын л хар балаг. Ямар ард түмэн байна, тийм төр засаг гардаг гэдэг нь энэ. Станцтай болж чадахгүй байгаагийн хамгийн гол цэг бол ард түмэн эх орныхоо төлөө шударгаар ажиллах хүмүүсээ гаргадаггүйтэй л холбоотой. Нэг намыг шүтэж, “Өгдөгтөө л өгнө, таньдагтаа л өгнө” гэж өөгшүүлж, дөрөв, таван удаа амташтал нь сонгож, төрийн толгойд 101 дэх жилдээ залсны хариу нь энэ л дээ. Сонгогчид нь лаа, шүдэнзээ бэлдэхдээ тулчихаа юу эрх баригчид аа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?