МОНГОЛ УЛС ФАТФ-ЫН ГИШҮҮН БУС ОРНУУДААС ЗӨВЛӨМЖ 15-ЫН ҮНЭЛГЭЭГ АХИУЛСАН АНХНЫ УЛС БОЛОВ

2022-08-10  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн уулзалтаар Монгол Улсын дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлэн баталж, Зөвлөмж 15-ын үнэлгээг 1 шатаар амжилттай ахиулав. 

 

Тус уулзалтаар Монгол Улсыг ФАТФ-ын Зөвлөмж 15 (Шинэ технологи)-ын үнэлгээг ахиулсан анхны ФАТФ-ын гишүүн бус орон болсныг онцолсон байна.

 

 

Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ээс Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт”-ыг 7  дугаар сарын 24-28-нд зохион байгуулсан. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд Монгол Улсыг төлөөлөн ФАТФ-ын Зөвлөмж 15-ын үнэлгээг амжилттайгаар хамгаалж оролцсон.  

 

ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт зохистой эрх зүйн орчныг бүрдүүлж, инновацийг дэмжсэн, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүхий нэгдсэн зохицуулалтыг бүрдүүлж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд шат дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлэв. Мөн Монгол Улсын дахин үнэлгээний тайлан, тодруулгыг Зөвлөмж 15-ын хүрээнд тухай бүр АНДМУТБ-т хүргүүлж, техник зөвлөмжийг хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллажээ.

 

АНДМУТБ-ийн хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Мөнгө угаахтай тэмцэх албаны ахлах хянан шалгагч У.Ганчимэг, мэргэжилтэн Б.Цолмонтуяа нар гишүүн орнуудад Монгол Улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаас хуваалцаж, холбогдох илтгэл, тайланг тавив. Илтгэлийн төгсгөлд АНДМУТБ-ийн дарга болон бусад улс орны төлөөлөл Монгол Улс ФАТФ-ын техник зөвлөмжийн үнэлгээг ахиулж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг сайшааж, баяр хүргэлээ. 

 

ФАТФ-ын 40 Зөвлөмжийн 25 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд болон шууд бусаар хамааралтай байдаг бөгөөд Зөвлөмж 15-ын үнэлгээг “хагас хэрэгжсэн” гэж 2021 онд үнэлснийг “дийлэнх нь хэрэгжсэн” болгож, 1 шат ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 техник зөвлөмжийн 39-ийг “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх нь хэрэгжсэн” үнэлгээтэй болж байгаа аж.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?