ХЭРЭГЦЭЭТ ЗҮЙЛСЭЭ 15 МИНУТАД ОЛОХ НЬ ИРГЭН ТӨВТЭЙ ХОТЫН ХАМГИЙН ЧУХАЛ ЗОРИЛТ

2022-08-24  

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улаанбаатар хот анх удаа Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй боллоо.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв хэмээх нэрээр өрхөө татсан шинэхэн байгууллагын судлаачид зарим судалгааны дүнгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт өчигдөр танилцууллаа. Энэ төв нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох төдийгүй уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлох учиртайг Нийслэлийн Засаг дарга онцолсон.

Тус төв нь “Алсын хараа-2050” бодлоготой судалгаагаа уялдуулж буй бөгөөд урт хугацааны бодлогын “Улаанбаатар хот ба дагуул хот” гэх есдүгээр бүлэгт хүн төвтэй хот, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжил, хотын сайн засаглал гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлсэн байдаг. Эдгээр зорилтын хүрээнд 80 дэд үзүүлэлтээр Улаанбаатар хотоо үнэлээд, дэлхийн аль нэг хоттой харьцуулан жишиж байгаагаараа онцлог юм. Одоогоор Япон улсын нийслэл Токио хоттой харьцуулан индексжүүлэх нь зүйтэй гэж тус төвийнхөн  үзжээ. Учир нь, Токио хотын хувьд хот байгуулалтын процесс нь яг одоо өрнөж буйн дээр ололт ихтэй, мөн алдаа ч олонтой гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

Дэлхий нийтийн хэмжээнд хотын иргэний хэрэгцээт зүйлсийн эн тэргүүнд орон байр, ажиллах сайн нөхцөл, хоол хүнс, сайхан орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг үзүүлэлт оржээ. Эдгээр хэрэгцээт зүйлсийг олж авах радиус нь бага байх тусмаа иргэдийнх нь амьдралын чанар сайн байдаг аж. Өөрөөр хэлбэл, хэрэгцээгээ хангахын тулд хотын нэг захаас нөгөө рүү зорин очдог бус ойр орчимдоо 15 минутад багтаагаад хэрэгцээт зүйлсээ олчихдог байхаар хотоо төлөвлөх нь иргэн төвтэй, хүртээмжтэй хотын хамгийн чухал зорилт гэдгийг судлаачид танилцууллаа. Тус төвийн судлаачид нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны чиглэлийг нарийвчлан судалж үзжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 34 чиглэлийн 323 автобус өдөр тутам зорчиж, 851 автобусны буудал, зогсоолыг дайран өнгөрдөг байна. Тэдгээр автобуснууд хотын зүүн хязгаар Офицеруудын ордон, Ботаник, Улаанхуаран хүртэл зорчдог. Харин Баянзүрх дүүргийн нутагт 27 чиглэлийн 256 автобус нийт 960 автобусны зогсоолд иргэдийг буулгаж суулгадаг. Тэд ч мөн хотын баруун зах Сонгинохайрхан дүүрэг хүртэл үйлчилгээ үзүүлдэг. Ингэж зорчихдоо нийтийн тээврийн сүлжээнд маш их давхцал үүсгэдэг бөгөөд тэдгээр давхцалаас хэрэгцээ шаардлагагүйг нь тогтоож, зөв шийдэл гаргах нь тус судалгааны төвийнхний нэгэн зорилго байх юм.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс “Нийтийн тээвэр болон авто замын түгжрэлийн систем динамик загварчлал”-ыг боловсруулжээ. Энэ мэтчилэн салбар тус бүрээр судалгаа хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлон Улаанбаатар хотоо иргэн төвтэй, амьдрах орчин сайтай хот болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм. Судалгаанд үндэслэсэн бодлого боловсруулах суурийг нийслэл хот ийнхүү тавилаа. 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?