Пакистанд зургаадугаар сарын дунд үеэс хойш хүчтэй аадар бороо, үерийн гамшгийн улмаас 1033 хүн, түүний дунд 348 хүүхэд амиа алдаж, 1527 хүн гэмтэж бэртсэн талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид ням гарагт мэдээлжээ.
Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд л гэхэд 119 хүн амиа алдаж, 71 хүн гэмтэж бэртсэн байна. Нөхцөл байдал ийнхүү хүнд байгаатай холбоотойгоор эрх баригчид олон улсын зүгээс нэмэлт тусламж хүсжээ.
Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Шерри Рехман пүрэв гарагт мэдэгдэхдээ, байгалийн гамшигт наад зах нь 33 сая хүн нэрвэгдээд байгааг онцлоод, нүүрлээд буй үерийн гамшгийг “урьд хожид үзэгдээгүй”, “сүүлийн 10 жилд тохиогоогүй хүмүүнлэгийн гамшиг” гэж тодорхойлжээ.
Пакистанд энэ борооны улиралд буюу зургаадугаар сарын дунд үеэс наймдугаар сарын 28 хүртэл орсон хур тунадасны хэмжээг сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад 188 хувиар өссөн байна. Тодруулбал, сүүлийн 30 жилд борооны улиралд дунджаар 135 мм хур тунадас орсон бол энэ жил 390 мм-т хүрчээ.
Түүнээс байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэнд тооцогдож буй өмнөд нутгийн Синдх мужид энэ улиралд 697 мм хур тунадас унасан нь 30 жилийн дунджаас /122 мм/ 470 хувиар өссөн үзүүлэлт болсон бол баруун өмнөд нутгийн Балучистан мужид мөн 411 хувиар өссөн байна.
Эх сурвалж: ИСЛАМАБАД. /CNN/