ХАРИУЦЛАГА ХАМГИЙН ИХЭЭР НЭХЭГДЭХ ЭНЭ ЦАГ ҮЕД САЙД БОЛОХООР УЛАЙРАХЫН УЧИР ЮУ ВЭ

2022-08-31  

Дэлхий өөрөө цөвүүн байна. Тахалтай, дайнтай, их гүрнүүд хоорондоо зөрчилтэй, жижиг улс орнууд яах ёстойгоо мэдэхгүй болтлоо балмагдах үе ч байна. Бид тэдний л нэг. Ийм цаг үед энэ улс орныг удирдан чиглүүлж авч явна гэдэг хүнд ачаа. Маш өндөр үүрэг хариуцлага, хувь улстөрчдөөс асар их мэдлэг боловсрол, туршлага, ёс суртахуун шаардана. Ийм хүнд үед хүмүүс зөнгөөрөө хариуцлагаас зугтаадаг. Даах ачаагаа хамгийн их мэддэг. Даахгүй гэдгээ хэлэхээс ичдэггүй, хэлдэг. Ёс зүйтэй улс төртэй газар бол “Би наад ачааг чинь даах сэтгэл зүй, мэдлэг боловсрол, ур чадвар алга. Чаддаг хүмүүс нь улс орныг удирд даа” гэж хэлээд зайгаа тавьж өгдөг. Ингээд жинхэнэ шедеврүүд нь гуйлгаж, урьж залагдан ирж улс орныг удирддаг билээ. Монголд өнөөдөр тийм юм байна уу. Өөрийнхөө хэр хэмжээг мэддэгүүд нь ялгарах, шалгарах, шалгаруулж сорих түүхэн үе ирж, үүнийг цаг үе өөрөө шаардаж эхэллээ шүү дээ.

Өнөөдөр шинэ Засгийн газрын бүтэц яригдаж, ямар хүмүүс сайдаар ажиллах нь нийгмийн анхаарлын төвд байна. Чухам яагаад Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж байгаа, яагаад сайдуудаа солих шаардлагатай болсны гол шалтгаан маш тодорхой гэж харагдаж байх шиг. Нэгдүгээрт, манай улсын байршилтай холбоотой геополитикийн асуудал. Бид өнөөдөр хийх бүх зүйлээ бусдаас асуух, бие даагаад шийдэх ямар ч боломжгүй байгаа нь маргашгүй үнэн. Мөнхийн биш байгаасай. Ийм цаг үед С.Баяр шиг уранаар Оросыг найраад, газрын тосоор Хятадад тал засаад, сиймхийгээр нь Оюу толгой төслийг хөдөлгөж, гуравдагч орны хөрөнгө оруулалт, эрх ашгийг Монголд бий болгож чадсан Олон улсын хэмжээний стратеги хэрэгтэй байна. Ковиддоо бүрэн дарлуулчихсан дэлхий ертөнцөд цаг алдаж болохгүй байна. Ковидыг дагасан инфляцийн учрыг одоохон олохгүй бол юунд ч хүргэж мэдэхээр байна. Орос-Украины дайн, Хятад-Тайванийн асуудлаар Монголд ямар их шахалт үзүүлж байгааг, үүнийг дагасан бусад улс орны дарамт, тулгалт ч их байгааг мэдэх хүмүүс нь мэднэ. Масс бол нарийн ширийнийг мэдэх боломжгүй.

Ийм л урьд хожид байгаагүй хүнд нөхцөл байдлын голд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Түүнд сайн баг хэрэгтэй байна. Ажил хийдэг, сэтгэлтэй, басчиг нөлөөтэй, туршлагатай кабинет. Түүний хийх ажил, хөгжлийн бодлого, гарц шийдвэр тодорхой. Тэр нь Шинэ сэргэлтийн бодлого. Энэ бодлогод тусгагдсан том төсөл хөтөлбөрүүдийг хурдан шуурхай хөдөлгөх. Ерөөсөө Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа гол агуулга энэ болов уу. Ингээд Засгийн газар хөдөлгөөнд орж эхэллээ...

Үүнийг дагаад өнөөдөр чухам юу болж байна вэ. Чадлаа мэдэхгүй, өөр рүүгээ өнгийж хараагүй нөхдүүд сайдын суудалд санаархан улайрч байна. Улс орон ийм хүнд цаг үед ухаалаг хүмүүс бол хаана байхаа, юу хийж чадах, чадахгүйгээ хамгийн сайн мэдэж байдаг. Тэгвэл сайд л болж байвал боллоо гэж үзсэн нөхдүүд үүнийг мэдэж байна уу. Хариуцлага, бүр хуулийн хариуцлага нэхэгдэх, хожмын хойтдоо ч хариуцлага салахгүй дагаж явах хүнд цаг үед Засгийн газрын гишүүн болохоор улайрч байгаа нь тэдний хувьд мунхаглал санагдах юм. Гэтэл үүнийгээ тоохгүй, бүр бодох ч үгүй бололтой. Сайдын суудалд хүрч байвал бусад нь хамаагүй гэх нь ямар ид шид оршсоных вэ. Мэдээж тэр бол тодорхой. Албан тушаалын унац хаялга, авлига, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх арга зам, сайд байх хугацаандаа ар гэр, авгай хүүхэд, ах дүүс, аж ахуйгаа өөд нь татаж аваад Монголоос цаг нь болохоор зайлах алс хэтийн адын бодол зорилго нь юм.

УИХ-д улиг болтлоо сууж байгаа, үхэн хатан Төрийн ордонтой зууралдаж байгаа тэдэнд өөр юу бодогдох юм бэ. Төрийн ордонд илжиртлээ суусан энэ олон жилийн хугацаанд, өнөөдөр сүртэй яриад байгаа хөгжил цэцэглэлтээ тэгээд авчирчих нь яагаав. Та нар Монголын ард түмний төлөө юу ч хийгээгүй шүү дээ. Монгол Улсыг тонон дээрэмдэхээс өөр юу ч хийгээгүй нь үнэн биз дээ.

Энэ бүгдэд МАН-ын шинэ үеийн төлөөллийг наамааргүй байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, тахалтай, дайнтай, гадны дарамт шахалттай, инфляцитай ийм хүнд цаг үеийг туулахад нэгдмэл байдал хамгийн чухал. С.Баяр 45 суудал авчихсан намын дарга хэрнээ сөрөг хүчнээ Засагт оруулж хамтран өнөөдөр монголчуудыг тэжээж байгаа Оюу толгойг хөдөлгөж, гадны хөрөнгө оруулалтыг татаж чадсан өчигдрийн түүх байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, дэлхийн анхаарлыг татах хэмжээний улс төрийг хийж чадсан. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ түүнээс ч хүнд нөхцөлд байна. Тийм болохоор С.Баяр шиг хамтарч засаглахад яагаад болохгүй гэж. АН-аас хүмүүсийг сайдаар тавих нь зөв шүү дээ. Сайдын суудлыг хувьдаа “чулуу” болгохоос өөр юу ч бодохгүй яваа намынх нь нөхдүүд бүгдээрээ сайд болохгүй нь тодорхой. Тийм болохоор тэдгээр нөхдүүд Л.Оюун-Эрдэнэд өс санана. Тийм л жижигхэн, арчаагүй шааруудаар Их хурлыг дүүргэчихсэн юм чинь. Тэдгээр хонзон санагчид хор найруулахдаа АН-ын 10 гишүүнтэй хамтарч Ерөнхий сайдын асуудлыг чуулганаар оруулахаас сийхгүй. УИХ-ын 19 гишүүний санал байхад хүчинтэй байдаг хуультай. Гэтэл Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэхэд ямар ч гацаа, тээг, үл ойлголцол байхгүйгээр ажлыг урагшлуулах нь чухал. Энэ бол Монголын хувь заяаны асуудал. Үүний төлөө “Үхэхээс бусдыг үзэж, үхээрээс бусадтай нөгц” гэсэн Монголын зэвүүн үгийг санах хэрэгтэй.

Энэ бүгдийн эцэст нэг зүйлийг давтан хэлэхэд, яагаад бүгдээрээ сайд болно гэж дайрч байгаа нь л хамгийн хачин үзэгдэл. Маргаашийн “үхэл”-ээс айхгүй МАН-ынхны мунхаг үйлдэл юм даа. Ард түмэн та нараас ажил хийхийг шаардана, ард түмэн та нараас шударга ёсыг нэхнэ. Гэтэл та нарын ганц зорилго сайдын нэрийг хувьдаа ашиглах байдаг. Ийм л улстөрчид гэх хүмүүсийг сонгосон учраас энэ улс орон чинь өөдлөхгүй байгаа юм шүү дээ, монголчууд аа. Ард түмнээ ямар хохь нь гэж хэлэлтэй биш дээ...

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?