НИЙСЛЭЛД 245 АВТОБУСААР СУРАГЧДАД ҮЙЛЧИЛНЭ

2022-09-01  

Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасны дагуу сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд  хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх төслийг 2022-2023 оны хичээлийн жилд дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

“Сургуулийн автобус” төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг оруулж ирэхээр НЗДТГ,  “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус нийлүүлээгүй хүлээгдэж байгаа аж. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24  чиглэлд есдүгээр сарын 5-ны өдрөөс явуулж эхлүүлэхээр бэлтгэл ажлыг  хангажээ.

Нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан бөгөөд алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг зөөх юм. Төвийн дүүргүүдийн тухайд түгжрэлд нөлөө бүхий сургуулийн сурагчдыг автобусаар зөөдөг. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг онцлогтой. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургууль, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг ажээ. Автобусны маршрутыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас баталдаг ба нийтдээ 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй юм.

Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдадаа гэр сургуулийн хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 220 “Хүүхдийн автобус” үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бол тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ. “Хүүхдийн автобус”-тай сургуулийн олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа юм.  Тодруулбал: Төрийн өмчийн 37 сургууль 41 автобус, төрийн бус өмчийн 65 сургууль 179 автобусаар сургуулийнхаа сурагчдад үйлчилнэ.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?