Б.НЯМСҮРЭН: ИРГЭД ОЛОН ШАТЛАЛТ ПИРАМИД ТОГТОЛЦООНЫ АРГААР ҮЙЛДЭГДДЭГ ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 27.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ГАДАГШ ШИЛЖҮҮЛЭЭД АЛДСАН

2022-09-08  

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Нямсүрэнтэй ярилцлаа.


-Залилангийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тодруулах гэсэн юм. Энэ хэргийн хохирлын хэмжээ ч өсч байгаа нь тоон үзүүлэлтээс харагддаг шүү дээ.

-Сүүлийн жилүүдийн Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээнээс харахад Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг жилээс жилд өссөн үзүүлэлт харагддаг. 2022 оны эхний найман сарын байдлаар 8453 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 30 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа үзүүлэлт юм. Заллилангийн хэргийн улмаас иргэд, аж ахуйн, нэгж байгууллагад учирсан хохирол ч өссөн үзүүлэлт харагддаг. Тухайлбал, 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгт хүрсэн.

Энэ төрлийн гэмт хэргийн 87.1 хувь нь санаатай хэлбэрээр, бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглах, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах, биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

-Огцом өссөн үзүүлэлт харагдаж байна л даа. Үйлдэгдэж байгаа хэлбэрийн талаар тодруулахгүй юу?

-Залилах гэмт хэрэг нь эдийн засгийн харилцаанд тулгуурлан үйлдэгддэг. Иргэд өдөр бүр эдийн засгийн харилцаанд орж байдаг. Тухайлбал, гap утас, автомашин худалдаж авах, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гэх мэтээр тогтмол эдийн засгийн харилцаанд ордог.

Залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэй залилах хэргийг үйлдлийн аргаар нь ангилж үзвэл, Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, “түрээслэх, түрээслүүлэх”, “арилжих”, “барьцаалах” иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгнө гэж итгүүлэх, иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотнын найз, нөхөд, ах, дүү нараас яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа хэмээн мөнгөн тусламж гуйж иргэдийг хохироож байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг гол төлөв цахим орчинд үйлдэгдээд байх шиг...

-Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн харилцаа хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа, хаана идэвхтэй үйл ажиллагаа байна тэр хэсэгт залилагч этгээд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, хүмүүсийн хүсэл хэрэгцээнд тулгуурлаж гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг. Жишээлбэл, сүүлийн үед манай улсад онлайн худалдаа хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор албан ёсны зөвшөөрөлтэй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг иргэд аж ахуйн байгууллагууд байдаг хэдий ч үүний зэрэгцээгээ хуурамч хаяг нээсэн гэмт этгээдүүд иргэдийг залилан мэхлэх явдал тасрахгүй байна. Тухайлбал иргэд хуурамч, хувийн цахим хаягаас бараа бүтээгдэхүүнийхээ чанар, үзэмжийг үзээгүй, найдвартай эсэхийг магадлан шалгаагүй байж урьдчилгаа төлбөр шилжүүлэн залилуулж хохирох асуудлууд бүртгэгдэж байна.

-Иргэд ийм гэнэн, итгэмтгий байгаа шалтгаан юу вэ?

-Иргэд дансны дугаар, цахим хаяг нь байгаа юм чинь гээд итгэж найддаг. Сүүлд нь дансны дугаар, устсан хуурамч фэйсбүүк хаягтай л үлддэг. Дансны дугаар, фэйсбүүк хаяг гэдэг чинь баталгаа биш шүү дээ. Гар утас, компьютерийн дэлгэцийн цаана хэн ч байж болно.

Тухайн хаяг үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн албан ёсны хаяг мөн эсэх, тухайн хаяг нь хэдий хугацаанд ямар үйл ажиллагаа явуулсан, тогтвортой ашигласан, идэвхтэй хаяг мөн байна уу? Эсвэл тухайн цаг хугацаанд зөвхөн танд юмуу хэсэг бүлэг хэрэглэгчдэд зориулж үүсгэсэн хаяг байна уу? гэдгийг түүхчилсэн мэдээллээс нь үзэж албан ёсны хаяг, байршил, утасны дугаар зэргээр холбогдож нягталж шалгах хэрэгтэй.

-Олон улсаас халдах тохиолдол түгээмэл байх шиг. Энэ төрлийн залилан ямар хэлбэрээр үйлдэгдээд байна вэ?

-Манай улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт орно. Ази тивдээ тэргүүлдэг. Улс орнуудад цахим хуудас, интернэт худалдааны платформууд болон олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн үйлчилгээг ашиглан нэр хүндтэй компаниудын нэрийг ашиглан улс дамжин залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж залилангийн гэмт хэргийн хохирогч болж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь “Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.4 сая төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мөн дээрхтэй ижил нөхцөлөөр Герман улсын компани руу 110 гаруй сая төгрөг шилжүүлж залилуулсан жишээ байна. Дээрх хэргүүдийг шалгаж байгаа.

-Цахим залилангийн хохирлыг барагдуулах боломж хэр вэ. Сүүлийн үед дэлгэрээд буй олон шатлалт пирамид системийн аргаар бага биш хэмжээний мөнгө гадагшаа урсаж байх шиг.

-Монгол Улсад үйлдэгдэж байгаа цахим залиланг дотоодод болон хилийн гаднаас үйлдэж байна. Хилийн гаднаас үйлдэгдсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах боломж хязгаарлагдмал, бараг боломжгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас олон аж ахуйн нэгж, иргэд дэглэм сахиж, үйл ажиллагаагаа цахимд шилжүүлж эхэлсэн. 2017-2021 оны байдлаар олон шатлалт пирамид тогтолцооны аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг бид гадагш шилжүүлээд алджээ. Нэгэнт та гадагшаа мөнгөө алдсан тохиолдолд энэ мөнгийг буцаан олох боломжгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?