Францын баруун өмнөд нутгийн Жиронда мужид даваа гарагт дэгдэж эхэлсэн ойн түймрийн улмаас 3700 гаруй га талбай сүйдээд байгаа талаар тус мужийн засаг захиргаанаас мэдээлжээ.
Лхагва гарагт цагдаа нар аюулаас сэргийлэх арга хэмжээний хүрээнд мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлснээр даваа гаргаас хойш нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо 1840 болсон байна.
“Жиронда болон бусад мужийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн 1000 гаруй гал сөнөөгчийг дайчлаад байгаа бөгөөд одоогийн байдлаар зургаан “Canadair”, гурван “Dash” нисэх онгоц, агаараас ус цацах хоёр нисдэг тэргийг голомтын бүсүүдэд байршуулсан” гэж мужийн удирдлагууд мэдээлжээ.
Мөн ойн түймрийг хяналтад авсан ч хүчтэй салхины улмаас идэвхтэй хэвээр байгааг онцолсон байна. Түүнчлэн түймрийн голомтын ойролцоо амьдардаг оршин суугчдад утаанаас хамгаалах “FFP2”, “FFP3” амны хаалт зүүхийг анхааруулжээ.
Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, хуурайшилт, хэт халах үзэгдлийн улмаас энэ зун Жиронда мужид 30 мянга гаруй га талбай сүйдсэн байна.