Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ удирдах зөвлөлийн гишүүд Украины “Запорожье” атомын цахилгаан станцаас цэргүүдээ гаргахыг ОХУ-д уриалсан тогтоолыг баталсан талаар Австрийн нийслэл Вена хотноо пүрэв гарагт хаалттай хуралдаанд оролцсон дипломатчид мэдээлжээ.
Энэхүү тогтоолд “Запорожье” атомын цахилгаан станц болон Украины аливаа цөмийн байгууламж дахь, мөн тэдгээрийн эсрэг бүх ажиллагаагаа нэн даруй зогсоохыг ОХУ-д уриалсан байна. Энэхүү баримт бичгийг 35 гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн 26 гишүүн дэмжсэн бол хоёр нь эсрэг санал өгч, долоо нь түдгэлсэн гэж дипломатчид мэдээлээд, Орос, Хятад эсрэг санал өгсөн гэдгийг нэмж хэлжээ.
Атомын цахилгаан станц цэргүүдийн хяналтад байгаа нь Украины ард түмэн, цаашлаад хөрш орнууд, олон улсын хамтын нийгэмлэгт аюул учруулах цөмийн ослын эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлж байгааг тогтоолд цохон тэмдэглэсэн байна. Иймд Оросын цэргийнхэн, Оросын төрийн өмчит “Росатом” компани атомын станц дахь бүх үйл ажиллагаагаа зогсоож, Украины удирдлагуудад хяналтыг эргүүлэн өгөх хэрэгтэй гэж бичжээ.
Харин ОХУ-аас МАГАТЭ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар мэдэгдэхдээ, энэхүү тогтоолд станц руу удаа дараа гал нээж байгаа талаар огт дурдаагүй байгааг онцлоод, үүний шалтгаан нь тун энгийн, Барууны орнууд бүх талаар дэмжиж, хамгаалж байгаа Украин гал нээж байгаа учраас” гэсэн байна.
Европын хамгийн том атомын цахилгаан станц болох “Запорожье” сүүлийн долоо хоногуудад удаа дараа цохилтод өртсөнд МАГАТЭ ихэд түгших болоод байгаа бөгөөд Москва, Киевийн аль аль нь тэдгээр халдлагад харилцан бие биеэ буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: ВЕНА. /VOA/