МОНГОЛ, ОРОС, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТЫН ТАЛААР ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮДЭД

2022-09-17  

Узбекистаны Самарканд хотноо болсон Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гурван талын зургаадугаар уулзалтын талаар дэлхийн томоохон агентлагууд хэрхэн мэдээлснийг хүргэж байна.

Reuters: Монголын нутгаар дайруулан газрын тос, хийн хоолой барихыг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-аас БНХАУ руу Монголын нутаг дэвсгэрээр дайруулан газрын тос, байгалийн хийн хоолой барихыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Тус агентлагийн мэдээлснээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан газрын тос, байгалийн хийн хоолой барихыг дэмжиж байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай гурван талын уулзалт хийх үеэрээ илэрхийллээ”.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжиж буй тус саналын талаар хэлэлцэж байгаагаа Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын эхээр илэрхийлж байсан гэдгийг Reuters мэдээндээ мөн дурдсан байна. 

Xinhua: Ши Жиньпин Хятад, Орос, Монголын төрийн тэргүүн нарын зургаадугаар уулзалтад оролцлоо

БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гаргийн үдэд Узбекистаны Самарканд хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх нартай Хятад, Орос, Монголын төрийн тэргүүн нарын зургаадугаар уулзалтыг хийлээ.

Ши Жиньпин Хятад, Орос, Монголын хамтын ажиллагаа хүчтэй хийгээд уян хатан байгааг цохон тэмдэглэв. “COVID-19” цар тахлын нөлөөг үл харгалзан гурван талын хамтын ажиллагаа огт зогсоогүй бөгөөд гурван орон цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, аль болох түргэн хугацаанд эмнэлгийн хэрэгслүүдийг харилцан илгээж, халдвартай тэмцэх туршлагаасаа хуваалцаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамтран хамгаалсныг онцоллоо.

Мөн гурван орон уулзалт айлчлалын давтамжийг хадгалахын тулд цахимаар хэлэлцээ хийж, ард түмнийхээ зүрх сэтгэлийг улам ойртуулсан гэв. Хил орчмын бүс нутгуудад “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чиглэлээр хамтран ажилласнаас гадна, эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой, жигд байлгах үүднээс гурван улсыг холбосон Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээврийг хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг тэмдэглэв. 

Ши Жиньпин Хятад, Орос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх дөрвөн зүйл бүхий санал дэвшүүлжээ. Нэгдүгээрт, гурван талын хамтын ажиллагааг зөв чиглэлд хадгалах. Улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, дэмжлэгээ бэхжүүлж, бие биеийн язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлуудыг хүндэтгэн зохицуулж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал гэв.

Хоёрдугаарт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ хүрээнд хамтын ажиллагаагаа ахиулж, эрсдэл, сорилтын эсрэг хамтын ажиллагааны платформ, хөгжлийн нөөц бололцоог нээхэд тус дөхөм болох өсөлтийн платформыг хамтран байгуулах.
 
Гуравдугаарт, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах тухай нийтлэг ойлголтыг баримталж, эдийн засаг худалдаа, иргэдийн харилцан солилцоо, аялал жуулчлал болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хөрш зэргэлдээ бүс нутгуудад дэмжлэг үзүүлж, гурван орны бизнесийн хамтын нийгэмлэгийн харилцан солилцооны платформыг үргэлжлүүлэн бүтээнэ. 
 
Дөрөвдүгээрт, гурван талын хамтын ажиллагаанаас илүү их үр өгөөж хүртэхийн төлөө ажиллаж, худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх ажлыг өргөжүүлэхийг дэмжих. Орос, Монголын санхүүгийн байгууллагууд бүс нутагтаа санхүүгийн аюулгүй байдлын бат бэх тогтолцоо байгуулахын тулд юанийн хил дамнасан банк хоорондын төлбөрийн системд нэгдэхийг урьжээ. 
 
В.Путин хэлэхдээ, Орос-Хятад-Монголын гурван талын хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарч, харилцан ашигтай шинж чанар нь талуудын харилцааны хөгжилд үнэ цэнийг нэмж байна гэв. Мөн дотны хөршүүдийн хувьд гурван орон харилцан ойлголцож, дэмжиж, гурван талт хамтын ажиллагааг бүх нийтээр бэхжүүлэн, ахиулах ёстойг тэмдэглэлээ. 
 
Гурван улс бизнес эрхлэгчдийнхээ харилцан солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц өгөн дэмжиж, тээвэр, ложистик, хил дамнасан тээвэр, эрчим хүч, өндөр болон шинэ технологи, аялал жуулчлал, ард иргэд хоорондын хамтын ажиллагаа зэрэг салбарын хамтын ажиллагаанд илүү их ахиц дэвшил гаргах ёстой гэж тэрбээр нэмж хэлжээ. 
 
У.Хүрэлсүхийн хувьд, Хятад, Орос улстай сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл юм гэдгийг тодотголоо. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед Монгол, Хятад, Орос гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь илүү чухал болж байгааг мөн хэлэв.
 
Монголын тал Хятад, Орос улстай харилцаа холбоогоо бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, эрчим хүч, төмөр зам, аялал жуулчлал зэрэг салбар дахь хоёр болон гурван талын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гаргахад хамтран ажиллахад бэлэн байна гэж тэрбээр тэмдэглэжээ.
 
Гурван орон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөгжлийн төлөвлөгөөг таван жилээр сунгаснаа баталж, Хятад-Монгол-Оросын төв чиглэлийн төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх ТЭЗҮ-ийг албан ёсоор эхлүүлэв. Мөн эдийн засгийн коридор, Хятад-Оросын байгалийн хийн хоолойн Монгол дахь хэсгийн төслийг идэвхтэй урагшлуулахаар тохиролцжээ.
 
TASS: Монгол Улс ШХАБ-д элсэх шийдвэрийг удахгүй гаргана гэдэгт Хятад улс найдаж байна
Монгол Улсын Засгийн газар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) бүрэн эрхт гишүүнээр элсэх шийдвэрийг аль болох хурдан гаргана  гэж Хятадын тал найдаж байна. 
 
"Монголын тал аль болох хурдан шийдвэр гаргаж, аль болох эрт ШХАБ-ын гишүүн болно гэж Хятад улс найдаж байна" гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурван талын уулзалтын үеэр мэдэгдлээ. 
 
"Энэ нь тус улсад өөрийн давуу талаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, байгууллагын хамтын ажиллагаанд гүнзгий оролцох, илүү их, бодит үр өгөөжийг хүртэх боломжийг олгоно. Энэ нь мөн эрсдэлд авах хариу арга хэмжээг боловсруулах хамтын ажиллагааны нэгдсэн платформыг байгуулах боломжийг нээнэ” гэж Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна. 
 
Одоогоор Монгол Улс ШХАБ-д ажиглагч улсын статустай юм.
 
Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станцыг барихад ОХУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв
Монгол Улсын эрх баригчид Эгийн голын усан цахилгаан станцын /УЦС/ төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзахдаа мэдэгдлээ.
 
"Эгийн голын УЦС-ыг барихад манай хойд хөрш ОХУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна" гэж У.Хүрэлсүх хэлжээ. 
 
Эгийн голын УЦС нь зураг төслийн шатандаа байгаа юм. 2016 оны долоодугаар сард Хятад улс станцын барилгын ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах 1 тэрбум ам.долларын хэмжээтэй зээлийн шугамыг царцаажээ. 
Төслийн хүчин чадал нь 315 МВт, далангийн өндөр 103 м, усан сангийн хэмжээ 5.7 тэрбум шоо метр уг станц нь жилд 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Монголын хамгийн үр ашигтай усан цахилгаан станц болох юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч зураг төслийн хөрөнгө оруулалтын хамтарсан төв байгуулахыг санал болгожээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ, БНХАУ-тай зураг төслийн хөрөнгө оруулалтын төвийг Улаанбаатар хотод байгуулахыг санал болгожээ. 
 
“Гурван талын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, хий дамжуулах хоолой тавих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотод гурван улсын хамтарсан зураг төслийн хөрөнгө оруулалтын төв байгуулах, энэ асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч пүрэв гарагт Самарканд хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-ын удирдагчидтай хийсэн гурван талын уулзалтын үеэр хэлсэн байна. 
 
Хятад улс Монголын цөлжилттэй тэмцэх “Тэрбум мод” төслийг дэмжинэ
БНХАУ-ын Засгийн газар цөлжилттэй тэмцэх “Тэрбум мод” экологийн төслийн хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. 
 
Энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин Самарканд хотноо болж буй ШХАБ-ын дээд  хэмжээний уулзалтын хүрээнд пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх нартай уулзахдаа мэдэгджээ. 
 
"Хятад улс Монголын талын "Тэрбум мод" санаачилгыг дэмжиж, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүд дээр Монгол Улстай хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэх хүсэлтэй байна" гэж тэрбээр хэлснийг Хятадын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. 
 
Орос, Монголтой үндэсний валютаар хийх төлбөрийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийг Хятад улс дэмжив
ОХУ, Монгол Улстай хийж буй худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр хийх төлбөр тооцооны эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхийг Бээжин дэмжиж байна.
 
Энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпин Самарканд хотноо болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх нартай уулзахдаа мэдэгджээ. 
 
“Хятад улс ОХУ, Монгол Улстай харилцан худалдаа хийхдээ үндэсний мөнгөн тэмдэгтүүдээр хийх төлбөр тооцооны хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжиж байна” гэж тэрбээр хэлжээ.
 
Мөн түүний хэлснээр, Орос, Монголын олон банкийг Хятадын “CIPS” банкны шилжүүлгийн системд холбохыг Хятад улс сайшааж байна.
 
RIA Novosti: В.Путин Хятад, Монголын удирдагчидтай тохиролцоонд хүрсэн тухай мэдээллээ
Орос, Хятад, Монгол Улс гурван талын уулзалтын үеэр улс орнуудын Засгийн газар, шинжээчдээр хэлэлцүүлэх тохиролцоонд хүрсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдээллээ. 
 
Уулзалтын үеэр гүнзгий агуулгатай санал бодол, мэдээлэл солилцсонд Хятад, Монголын төрийн тэргүүн нарт Оросын удирдагч талархал илэрхийлэв.
 
"Бүх салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах шаардлагатай гэдэгтэй та бүхэнтэй санал нэг байна. Дөнгөж сая хэлэлцсэн асуудлуудыг манай мэргэжилтнүүд, манай улс орнуудын засгийн газрууд мэргэжлийн түвшинд хэлэлцсэний дараа эдгээр бүх тохиролцоог болзолгүйгээр хэрэгжүүлснээр ашиг тусаа өгнө" гэж Путин хэлэв.
 
“Эцэст нь  би ийм гурван талт хэлбэрээр үр өгөөжтэй хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, дараагийн уулзалтыг даргалах эрхийг Хятад найз нартаа хүлээлгэн өгөхдөө таатай байна” гэж тэрбээр нэмж хэллээ. 
 
Anadolu: Путин: ОХУ,  БНХАУ, Монгол Улс ихэнх асуудлаар ижил байр суурь баримталдаг 
Узбекистаны Самарканд хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нарын гурван талын уулзалт боллоо. 
 
"ОХУ улс бүртэй харилцаагаа бүх талаар бэхжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд эдгээр харилцаа нь эрчимтэй, үр дүнтэй, харилцан ашигтай хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй" гэж Путин хэлэв.
 
Оросын төрийн тэргүүн мөн ОХУ, Монгол, Хятад улс олон улсын тулгамдсан асуудлуудын ихэнхид ижил байр суурь баримталдгийг онцлон тэмдэглэлээ. 
 
Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч худалдааны боломжит бүх салбарт үндэсний төлбөр тооцооны системд шилжихийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
 
 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?