БЕН ХОДЖЕС: ОРОС ЯМАР Ч МАРГААНГҮЙ ТЕРРОРИСТ УЛС

2022-09-22  

“Youtube” дээр энэ сарын 19-нд тавигдсан “Rashkin Re­port” сайтын “Катастрофа для российских войск”: Большое интервью Бена Ходжеса Юрию Рашкину” буюу Европ дахь АНУ-ын цэргийг удирдаж байсан, “Ирээдүйн дайн ба Европын батлан хамгаалалт” номын зохиогч, НАТО-гийн ложистикийн ахлах зөвлөх, АНУ-ын бэлтгэл дэслэгч генерал, цэргийн нэрт шинжээч Бен Ходжестой Юрий Рашкины хийсэн 45 минутын ярилцлагыг товчлон хүргэж байна.


Би ОХУ-ыг задлах хэрэгтэй гэж уриалж байгаа юм биш. Бид 30 жилийн өмнө ЗХУ задрахад бэлэн бус байсан шиг юм бүү болоосой гэж байгаа юм. ОХУ-ын ард иргэд гурав, дөрөв, таван жилийн дараа гэхэд эрх чөлөөтэй, сайн сайхан амьдрах эрхтэй. Мянгаар тоологдох атомын бөмбөг маш их хэмжээний зэр зэвсгийн хуримтлалтай ОХУ задарвал аль болох цус урсгахгүй, эмх замбараагүй байдал, хүчирхийлэл гарахгүй байхад бид анхаарах ёстой. Иймээс барууны ертөнц ОХУ-ын задралд бэлэн байх ёстой. ОХУ-ын ард түмэн, үндэстний сайн дурын үндсэн дээр тэд ямар улсууд болон тусгаар тогтнохоо өөрсдөө шийдэх эрхтэй.

Бид хэрэв ОХУ 2008 онд Гүржид, 2014 онд Крымд довтолсон үед, эсвэл Сирид химийн зэвсэг хэрэглэх үед нь Оросуудад “улаан шугам” татаж чадсан бол ОХУ Украинд довтлохгүй байсан нь ойлгомжтой зүйл. Кремль Украинд довтлохдоо стратегийн дөрвөн том алдаа гаргасан. Нэгдүгээрт, өөрсдийнхөө хүчийг хэт үнэлэн хүйтэн дайны үед Будапешт, Прагад болсон шиг зүйл Украинд болно гэж үзсэн. Би хүртэл Оросыг ийм сул армитай гэж огт бодоогүй. Хоёрдугаарт, Украиныг барууны улсуудаас бүрэн тусгаарлаж чадна гэж эндүүрч, Европ Оросын хийг авсаар байх болно гэж андуурсан. Гуравдугаарт, НАТО-гийн гишүүн улсуудыг атгасан гар шиг нэгдэж чадахгүй гэж бодсон. Эцэст нь, биднийг нэгдэж ОХУ-д санхүүгийн хориг тавьж чадна гэж итгээгүй. Энэ дөрвөн шалтгааны дор хаяж хоёр нь бидний явуулж байсан шийдэмгий бус арга хэмжээнээс болж гарсан. Өнөөдөр ч бид Украинд хэрэгтэй тусламжийг нь үзүүлж чадахгүй шийдэмгий бус шийдвэр гаргасаар байна. АНУ дайнд оролцохгүй л юм байгаа биз. Ерөнхийлөгч Байден “АНУ-ын нэг ч цэргийн гутлын мөр Украины дайны хөрсөнд гарахгүй” гэж жижгэрч байх ямар хэрэгтэй юм бэ! Өнөөдөр барууны улсууд Украинд тэдэн тэрбум ам.долларын тусламж үзүүллээ гэж байхын оронд Украинд хэрэгтэй нийт тусламжийн тэдэн хувийг нийлүүллээ гэж асуудалд ойлгомжтой, тодорхой хандмаар байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкенд амьд дээр нь хөшөө босгож өгөх хэрэгтэй. Энэ хүн бусад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга шиг холбоотнуудтай зөвхөн ярих биш, харин зөвлөлдөж нэгдсэн шийдвэр гаргаж байна.Энэ бол маш том дэвшил.

Бид сүүлийн зургаан сард 20 жилд Афганистан, Иракт хэрэглэснээс илүү их зэвсгийг Украины дайнд өглөө. Хангалтгүй зэвсгийн нөөцтэй болохоо мэдэж бидний нүд нээгдлээ.Иймээс бид яаралтай зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх хэрэгтэй болоод байна. Чухамхүү ингэж биднийг сэрээсэн явдалд Бээжин

Путинд маш их дургүй байгаа юм. Гэхдээ Хятад Москвагаас болж хоригт орохгүйн тулд тэдэнд ямар ч тусламж үзүүлэхгүй нь тодорхой. Магадгүй Орос суларвал энэ улсад алдсан газар нутаг(1 сая 500 мянган км.кв)-аа эргүүлэн авна гэж Бээжин найдаж байж магадгүй. Си дарга өөрийн цэргийнхэнд 2027 онд Тайванийг эзлэх чадвартай болох тушаал өгснийг ТЕГ мэдээлсэн. Бид үүнээс сэргийлэхийн тулд орчин үеийн зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх ёстой.

Орос олон улсын дүрэм, журмаас төрөл бүрээр халин гарсан харгис, харгис үйлдлүүд хийсэн учир ямар ч маргаангүй террорист улс мөн.

ОХУ-ын удирдлага мянга мянган атомын бөмбөгтэй. Хэрэв бид Оросын тактикийн атомын бөмбөгнөөс айвал Хятад, Иран, Хойд Солонгос яаж толгойгоо сөхөх нь тодорхой.Иймээс ерөнхийлөгч Байден тактикийн атомын бөмбөг хэрэглэх гэвэл юу болох талаар Путинд тодорхой ойлголт өгсөн. Пентагон энэ талаар ямар

хэмжээ авах талаар янз бүрийн хувилбараар нарийн төлөвлөгөө гаргасан гэдэгт би хувьдаа бүрэн итгэлтэй байна. Путин хэнийг ч хайрлахгүй харгис хүн мөн. Гэхдээ галзуу хүн биш. Иймээс би түүнийг атомын бөмбөг хэрэглэхгүй гэж бодож байна.

Өнөөдөр Оросын арми надтай нас чацуу танкаар байлдаж байна. Олзлогдсон орос цэргүүдийн байж байгааг хар. Тэднийг үнэхээр муу удирдаж байна шүү дээ. Оросын өндөр цэцтэй “Искандер” пуужин гэхэд л 85 хувь гадны үйлдвэрт үйлдвэрлэсэн зүйлсээс бүтдэг нь тодорхой болоод байна. Би өнөөдөр Оросын армийг авлигад автуулж мөхөлд хүргэсэн Шойгу,Герасимов нар албан тушаалдаа байгааг үнэхээр гайхаж байна.

Бид өнөөдөр сүүлчийн орос цэрэг Крымээс гарсны дараа Украинтай яаж хамтран ажиллахаа төлөвлөх ёстой. Би шийддэг бол өнөөдөр ч гэсэн Украиныг НАТО-д элсүүлмээр байна. Учир нь украинчууд НАТО-ийн хамгийн шилдэг цэргүүдийн нэг нь байх нь болно.

Эх сурвалж: Өдрийн сонин, Г.АМАРСАНАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?