ХАНХ БООМТООР ӨНГӨРСӨН БААСАН ГАРИГТ 80 МАШИН ОРОСУУД ОРЖ ИРСЭН ГЭВ

2022-09-27  

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 300 мянган цэрэг татна хэмээн мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор манай улсад ирэх ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэх. Уг мэдээллийн мөрөөр зарим аймгийн боомт орчмын иргэд, ажилчдаас дараах тодруулгыг авлаа.


Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэн н.Туяа ярихдаа “Өнгөрсөн баасан гаригт лав 80 машин оросууд орж ирсэн тухай энэ хавийнхан яриад байна лээ. Ханх сумын гэр буудал, амралтын баазууд, жуулчны баазуудаар гэр олдохоо байсан. Бүгдийг орос, буриадууд захиалсан гэсэн. Өчигдөр (уржигдар) би Хатгал сум руу явахад сумын төвд 4-5 орос дугаартай пургон байхыг харсан. Ер нь оросууд орж ирээд байгаа нь үнэн юм шиг байна лээ. Аймгийн төвөөр бол оросууд харагдахгүй байгаа. Ханхын боомтоор орж ирээд тэндхийн буудал, жуулчны баазуудаар байгаад байгаа гэж ойлгосон. Тэндээсээ Улаанбаатар руу явж байгаа юм уу даа. Ханх сумын дэлгүүр хоршоо орохоор явахад оросууд их явах боллоо гэж ярьж байна лээ. Би ч одоогоор Ханх ороогүй болохоор өөрийн нүдээр харсан зүйл алга” гэв.

Харин Баян-Өлгий аймгийн боомтуудаар зорчих ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдсэн эсэхийг тус аймгийн гаалийн мэргэжилтнээс тодруулахад “Нэмэгдсэн зүйл ажиглагдаагүй. Зун орж ирсэн жуулчдын тоо хэвээрээ байгаа. 2-3 хоног аяллаар ирээд буцдаг хүмүүс байдаг. Есдүгээр сарын 21-нд ОХУ-д цэрэгт татна гэсэн мэдэгдэл гарсан. Түүнтэй холбоотойгоор ОХУ-ын 21-35 насны залуучууд наашаа зорчихгүй байгаа. Түүнээс дээш насны иргэд бол орж ирж байна. ОХУ-ын Ташанта хилийн боомт оочер дараалал үүссэн зүйл ажиглагдахгүй байгаа. Манай энүүгээр ч гэсэн тийм зүйл ажиглагдаагүй. Энд тэндээс зугтаж орж ирсэн хүн байхгүй. Ердийн байдлаасаа бага ОХУ-ын зорчигч манай боомтоор нэвтэрч байгаа гэж ойлгож болно. Тухайн цэрэгт татах тушаал гарахаас өмнө манай боомтоор долоо хоногтоо буюу есдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд 680-аад зорчигч орсон байна. Мэдэгдэл гарснаас хойш буюу 21-26-ны өдрүүдэд бас л 670-аад зорчигч орж ирсэн байна. Манайхаар бол тийм зүйл ажиглагдахгүй байгаа” гэсэн юм. Харин аймгийн төвд оршин суугч иргэн “Аймгийн төвөөр оросууд үзэгдсэн зүйл байхгүй. Хилийн боомтоор орж ирж байгаа сураг байсан. Сая хэдэн орос ирсэн байна гээд яриа яваад байсан. Би яг таараагүй л дээ. Хэрэв орж ирсэн нь үнэн бол боомт орчмоор л байгаа байх” хэмээн ярив.

Дорнод аймгийн Эрээнцав боомтын төмөр замын ажилтан ярихдаа “Түрүүчийн баасан гаригт маш их оросууд явганаар орж ирсэн. Манайх хүн тээвэрлэдэггүй зөвхөн ачаа бараа тээвэрлэдэг. Бичиг баримтын асуудал нь зөрчилтэй үгүйг мэдэхгүй байна. Баасан гаригаас хойш хүн орж ирэхээ больсон. Цаанаасаа гаргахгүй байгаа гэсэн сураг дуулдсан” гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?