САМАР ТҮҮГЧ ИРГЭН Д.ДАГВАДОРЖ: САМАР САЙН ТҮҮЖ ЧАДВАЛ ЖИЛИЙНХЭЭ ХЭРЭГЛЭЭНИЙ МӨНГИЙГ ОЛДОГ

2022-10-11  

Минжийн хангай Уртын даваанд самар түүж яваа иргэнтэй ярилцлаа.


-Минжийн заставын уртын даваа гэдэг газар байрласан байгаа гэсэн үү. Одоо яг хаана байгаа вэ. Нүүж шилждэг үү?

-Тийм ээ. Улиастайн Урт руу явж байна.

-Орчин нөхцөлд ямар байна вэ. Ямар сууцанд байрладаг юм бэ?

-Байгалийнхаа модоор рам зангидаж босгоод, цэнхэр гялгар уутаар ороон нөмрөөд, урц шиг зүйл хийгээд дотор нь байрладаг.

-Түлш түлээ, хоол ундаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Хол хэдэн хүн явахаар байна, ойр хэдэн хүн явахаар байна гэдгээ харж байгаад хол явахаар болбол 200, 300 гэх зэргээр хүнийхээ тоогоор мөнгөө гаргаад хоол хүнсээ бэлдээд, бүх зүйлээ базаагаад явдаг.

-Одоо танай отогт хэдэн хүн байгаа вэ?

-Манай отог одоо тавуулаа явж байгаа. Базааж ирсэн хүнс хэрэглээ дуусвал хот руу орно. Гэхдээ хоол хүнс ер нь хангалттай байдаг. Хамгийн гол нь байгальд ургасан зүйлээ хэр хэмжээтэй авах вэ, яаж авах вэ гээд ургац хэр байгаагаас л шалтгаалж бид хоол хүнсээ базаадаг.

-Хэрэглээний зүйл дуусахад ойрхноос авдаг газар байдаг уу. Сумын төв аймгийн төв зэрэг газраас авах уу?

-Байхгүй. Яахав наашаа ирэх унаа байвал хааяа захидаг.

-Хоол хүнсээ дуусахаар санасан нормондоо хүрэлгүй буух тохиолдол байдаг уу?

-Хоол хүнс дуусвал тухайн түүсэн зүйлээсээ бага зэрэг борлуулж хоол хүнсээ базааж авдаг.

-Тэгэхээр наад хавьд чинь хоол хүнс зардаг газар байхгүй гэсэн үг үү. Дамлаад ч болтугай зардаг газар байхгүй юу?

-Байхгүй. Хэрэв хүнс дуусвал хот руу явна. Эсвэл хотоос ирж байгаа хүн байвал захина. Энд ямар ч дамын наймаа байхгүй.

-Танай байрлаж байгаа газар Улаанбаатар хотоос хэдэн км зайтай вэ?

-Нэг талдаа 40 км явдаг. Ирэх очихын 80 км. Ойрхон болохоор хүнс дуусвал өөрсдөө явчихдаг.

-Өдөрт хэдэн кг самар түүж, цайруулдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар самар ховор байгаа болохоор таван хүн өдөрт дунджаар 10кг самар түүдэг. Их ургасан үед таван хүн 50кг самар ч түүх тохиолдол бий. Одоогоор олдоц ховордсон учраас 10кг самар түүж байна. Самрын ургалт маш багассан.

-Цаг агаарын байдал хэр байгаа вэ. Цас хэр орсон байна вэ?

-Өглөө, оройдоо бага зэрэг сэрүүхэн нимгэн цастай байна. Ийшээ бол дөрвөн дугуй мааждаг мосттой машинаар л ирдэг. Мааждаг л бол бүх машин гарна.

-Та нарын байрлаж байгаа газарт өөр хэдэн отог хэр хол зайд байрлаж байна вэ?

-Ер нь энд хүний хөл тасардаггүй. Зарим нь явж байхад зөрөөд их ирдэг. Энэ жилийн хувьд самар их ховордсон байгаа учраас отгууд хол хол байрлаж байна. Өглөө бүр уулын бэлээс дээшээ орой руу нь өгсдөг.

-Самар түүх зөвшөөрөл авдаг уу. Татвар төлөх үү, хууль эрх зүйн байдлаа яаж хангадаг вэ?

-Яахав, таарах улсуудтайгаа таардаг. Таардаггүй хүмүүстэйгээ таардаггүй л юм билээ. Тэгэхээр заавал тусгай зөвшөөрөл авдаггүй. Ерөнхийдөө таардаггүй болохоор чигээрээ л явчихдаг юм. Таараад энэ тэрээ гэвэл яахав нэхсэн мөнгийг өгчихнө. Гарч байгаа хүмүүстэй бол нэг их юм ярьдаггүй юм билээ. Бууж байгаа хүмүүсээс л авах ёстой юмаа авна барина гэдэг л юм байна лээ. Хоосон явж байгаа болохоор нэг их элдэв янз болоод байдаггүй юм билээ. Дээшилж байгаа хүмүүст бол тамхи татахдаа болгоомжтой байгаарай. Асаасан гал түүдгээ унтрааж байгаарай. Хог хаягдлаа цэвэрлэж янзлаарай л гэж хэлдэг юм байна лээ.

-Ан амьтад хэр элбэг байна вэ. Зэрлэг амьтан таарч байна уу?

-Хүн их бөөгнөрөхөөр ан амьтад нь алс л явчихдаг. Хүний үнэр, галын үнэрээр дүрвээд алсуур явдаг. Ойр хавиар зэрлэг амьтан байхгүй. Шөнө болохоор харин гүйдэл энэ тэр нь таардаг юм уу, урдуур хойгуур явдаг л юм. Чоно ульж байгаа сонсогддог. Бор гөрөөс хажууд ирж орилно. Айхавтар аюултай зүйл бол байдаггүй. Хол тайга руугаа ямар байдаг юм гэхээс зах газраа гайгүй дээ.

-Уртын давааныхаа гүн рүү ордог уу. Тайга руугаа орж байсан уу?

-Тайга руу ордоггүй. Уртын давааны энгэрээр л байрладаг. Сүлжээтэй байна гэдэг нь ойрхон л байрлаж байгаа юм. 40-50 км гэдэг чинь ойрхон газар 100 км-ээс дээш л хол шүү дээ.

-Тэр гүн рүү нь хүмүүс ордог уу?

-Оролгүй яахав. Хүн тасардаггүй.

-Гүн рүүгээ самрын олдоц их үү?

-Арай илүү байлгүй яахав. Тэр гүн рүү хүн болгон ороод байхгүй. Машин болгон гараад байхгүй. Их гүн рүүгээ давирхайны цавуулаг чанар нь их байдаг юм уу, унадаггүй. Наагуур болохоор давирхайны цавуулаг чанар бага байдаг юм уу, хүмүүс ойр ойрхон ирж тогшоод, утаа энэ тэрээс болдог юм уу хурдан унадаг. Тайга руугаа болохоор барагтаа унаж өгдөггүй юм билээ.

-Борлуулалтаа яаж хийдэг вэ. Бөөнөөр нь өгдөг үү, нэгжийн үнээр тооцдог уу?

-Борлуулалтаа кг нь тооцож өгдөг. Одоо кг нь 10 мянгатай байгаа. Машин тэрэг муутай нааш цааш явахад бэрхшээлтэй бол ууландаа өгчихнө. Машин тэрэг гайгүй асуудал гарахгүй бол хот руу оруулаад уулны үнээсээ 1000-1500 төгрөгийн илүү үнээр зардаг. Ихэвчлэн ченжүүдэд өгдөг. Хятад ченжүүд их авдаг. Үнэ цохиж авна.

-Самарт яваад ууланд гарсан хүмүүс өвдвөл яадаг вэ. Эм тан авч явдаг уу, эмчид үзүүлэх шаардлага тулгарвал яах вэ?

-Айхавтар өвдөж хавдаад байхгүй. Ойр зуурын эм тан авч явалгүй яахав. Гэрээсээ хол удаан хугацаагаар яваа улсууд. Эм эмнэлгийн хэрэгслээ авч явна. Өөрийнхөө болгоомжгүй байдлаас болоод гэмтэл бэртэл авчихгүй л бол өвдөж зовоод байх нь гайгүй дээ.

-Хэдээс хэдэн насныхан ихэвчлэн самарт явдаг вэ. Залуучууд их байдаг уу?

-Залуу хөгшингүй бүгд л явна. Тэд эд гэсэн нас байхгүй. Залуучууд нь урин дулаан үед нь явчихаад хүйтрээд ирэхээр явахаа больчихдог. Ерөнхийдөө дунд эргэм насныхан л хүйтрээд ирэхээр ихэвчлэн үлддэг. Яваад сурчихсан туршлагатай болчихдог юм шиг байна лээ.

-Өөрсдийгөө дээрэм тонуулаас хэрхэн хамгаалдаг вэ?

-Тийм зүйл гайгүй дээ. Нэг их гараад байхгүй. Жаахан юм ховордсон үед л бие биенийхээ боргоцой, цайр руу дайрах зүйлүүд мэр сэр гарна. Хүн бүл цөөтэй отогт тиймэрхүү магадлал бас байдаг юм билээ. Одоогоор манай отог тиймэрхүү зүйл үзээгүй байна. Яахав, хааяа түүгээд тавьчихсан боргоцой аваад явчихсан үе байдаг л юм.

-Та Байгаль орчны сайдын хэлсэн үгийг сонссон уу. Самарт явсан 10 хүн тутмын найм нь нас бардаг гэж хэлсэн дээ?

-Сонсолгүй яахав.

-Ямар утас барьдаг вэ. Сүлжээ хэр байна. Хоорондоо холбоо хэрхэн барьдаг вэ?

-Яг отогтоо бол сүлжээтэй. Ойрхон газар утсаараа холбогддог. Хол газар сүлжээ байхгүй. Богино долгионоор 5 км дотроо тэнд явна, энд явна. Энд тийм байна. Тэнд тийм байна гэх мэт мэдээллээ өгдөг.

-Утсаа яаж цэнэглэдэг вэ?

-Хүн бүр повер банктай. Түүнийгээ хот руу орохдоо дүүргэж цэнэглээд ирнэ. Цэнэг нь дууссан нь далд хийгээд нөгөөдүүлийнхийгээ хэрэглэх гэх мэтээр утсаа цэнэглэнэ дээ. Энд ямар тог залгуур байх биш.

-Танай отог хамгийн анх хэзээ наанаа очив. Одоогоор яг хэдий хугацааг өнгөрүүлээд байна вэ?

-Тэнгэр хангай байгаль дэлхийгээсээ шалтгаална шүү дээ. Цас их ороод хүйтэрвэл хүн буухаа л бодно шүү дээ. Тэнгэр хангай дулаахан налайгаад байвал олз арвин олохын төлөө байгаад л байна.

-Түүсэн самрынхаа мөнгөөр хэдий хугацааны хэрэглээгээ хангах мөнгөтэй болдог вэ. Нэг жил, нэг сарын ч юм уу хэрэгцээгээ хангаж чаддаг уу?

-Болох үедээ болно. Болохгүй үедээ болохгүй. Самар арвин жил сайн явж чадвал жилийнхээ хэрэгцээг хангалттай болгох мөнгөтэй болно. Олз тааруу олдоц бага бол юун ашиг зардлаа ч нөхөж чадахгүй үе гарна шүү дээ.

-Та өөрөө самарт яваад хэдэн жил болж байгаа вэ?

-Самарт яваад гурван жил л болох гэж байна даа.

-Самарт явж байгаа хүмүүс мод их гэмтээдэг гэсэн?

-Мод ч айхавтар гэмтээсэн юм байдаггүй л юм билээ. Бидний ойр орчмын мод лав тэгж гэмтсэн харагдаагүй.

-Мод гэмтээж байгаадаа эмзэглэдэг үү?

-Тийм зүйл байхгүй шүү дээ. Байгаль хангайнхаа хишгийг авч байж аль болох гэмтээхгүй эрүүлээр авахыг бодно шүү дээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?