АНУ-Д САНАЛАА УРЬДЧИЛАН ӨГӨХ СОНГОГЧДЫН ТОО ӨСЖЭЭ

2022-11-08  

АНУ-д мягмар гарагт болох завсрын сонгуульд 35 сая гаруй сонгогч урьдчилан саналаа өгөөд байна. Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны хоёрдугаар хагаст Конгрессын хоёр танхимд олонх болно гэж Бүгд найрамдах намынхан таамаглаж байна.

АНУ-ын Сонгуулийн санал хураалтын статистик мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, энэ удаагийн завсрын сонгуулийн урьдчилан саналаа өгсөн сонгогчдын тоо ерөнхийлөгч асан Барак Обама, Дональд Трамп нарын бүрэн эрхийн хугацааны тэн хагаст явагдсан 2014, 2018 оны Конгрессын сонгуулийн үзүүлэлтийг хэдийнээ давжээ.

Ж.Байден Д.Трампыг ялсан 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу коронавирусний цар тахлын оргил үеэр сонгогчид санал авах байрнуудад очин саналаа биечлэн өгөхөөс эмээж байсныг харгалзан олон муж улс урьдчилан саналаа өгөх нөхцөлийг хялбаршуулахын тулд санал хураалтын журамдаа өөрчлөлт оруулсан юм.

Үүний үр дүнд одоо олон сонгогч, ялангуяа Ардчилан намын дэмжигчид сонгуулийн өдөр болохоос өмнө саналаа өгөхийг хэвшил болгожээ. Үүнээс гадна, Д.Трамп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэдгээ удаа дараа илэрхийлээд байгаа бол бүгд найрамдахчууд урьдчилан саналаа өгөх нь луйврыг өөгшүүлдэг хэмээн ямар нэгэн нотолгоогүйгээр мэдэгдэх болоод байна.

Завсрын сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг сонгоно. Ардчилсан намынхны хувьд 2021 оны эхэн үеэс хоёр танхимд олонх болсон нь Ж.Байденыг хууль тогтоох эн тэргүүний чиглэлүүдээ ахиулан хэрэгжүүлж, сөрөг хүчний хууль тогтоогчдын байр суурийг даван туулах боломжийг олгосон юм.

Бүгд найрамдах намын үндэсний хорооны дарга Ронна МакДэниел “CNN” телевизийн “State of the Union” нэвтрүүлэгт ням гарагт оролцох үеэрээ, “Бид Төлөөлөгчдийн болон Сенатын танхимд эргэн хяналтаа тогтооно гэж бодож байна” хэмээн ярьсан байна. Сенатын танхим одоогоор хоёр намын 50-50 гишүүнээс бүрдэж байгаа бөгөөд дэд Ерөнхийлөгч Камала Харрисын суудал нэмэгдсэнээр Ардчилсан нам олонх болоод байгаа юм.

“CNN” телевизийн урьдчилан тооцоолж буйгаар, Бүгд найрамдах намынхан Төлөөлөгчдийн танхимын 435 суудлын 216 суудлыг аваад байгаа нь олонх болоход шаардлагатай 218 суудалд тун дөхсөн үзүүлэлт болж байгаа бол Ардчилсан намынхан 199 суудлыг аваад байна. Тус телевизийн мэдээлж буйгаар, Сенатын танхимын өрсөлдөөнтэй найман суудал Конгрессын дээд танхимд аль нам хяналтаа тогтоохыг шийдэх төлөвтэй байна.  

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /VOA/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?