ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ АЧААЛАЛ НЭМЭГДСЭН ТУЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭМЭЛТЭЭР 450 ОР ДЭЛГЭЖЭЭ

2022-11-09  

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэдийн 9.6 хувь нь томуу төст өвчнөөр оношлогдож байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугаас үүдэлтэй хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс нийт эмчлүүлэгчдийн дотор 16.2 хувьтай байна.

Одоогийн байдлаар аймаг, дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдүүдийн 68 орчим хувь нь амьсгалын замын цочмог халдвараар хүндэрч эмнэлэгт хэвтжээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага улсын хэмжээнд 18 орчим хувьтай байна. Тус дуудлага мэдээллийн 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид ирж байгаа шинжилгээгээр томуугийн вирус хараахан орчилд ороогүй байна. Түүнчлэн сорьцын дүн мэдээллээс харахад, SARS-CoV-2 болон Хүний метапневмовирус (HMPV) вирус зонхилох хувийг эзэлж байна.

Тодруулбал, лабораторийн шинжилгээгээр эерэг гарсан нийт сорьцын 30 гаруй хувийг Хүний метапневмовирус (HMPV) вирус эзэлж байгаа юм. Энэ вирус нь нэлээд хүндрэлтэй явагддаг. Амьсгалын дээд зам болон бусад эрхтнийг шууд гэмтээх эрсдэлтэй учраас хатгалгаа, астма үүсгэж хүндэрдэг. Улмаар зөвхөн амьсгалын замаас гадна хоол боловсруулах эрхтнийг давхар гэмтээдэг.

Илрэх шинж тэмдгийг тодруулбал, ханиалгах, нус гарах, хамар хоолойн салстууд улайх хавагнах, гүйлгэх, суулгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дээрх хордлогын шинж тэмдэг өвчилсөн иргэдийн 50-60 хувьд илэрч байна. Мөн 5 хүртэлх насны хүүхдүүд энэ халдварт зонхилон өртөж, хүндэрч байна.

Хүний метапневмовирусийг анх 2001 онд Нидерланд улсад амьсгалын замын шинэ халдвар үүсгэдэг нэлээд хоруу чанартай хордлогын эмнэл зүйн шинж тэмдэгтэй вирус хэмээн үзсэн. Үүнээс хойш хүн амын дунд жил болгон хоёр удаагийн давлагаа үүсгэж өвчлүүлдэг. Тодруулбал, арваннэгдүгээр сараас эхлээд дараа жилийнх нь хоёрдугаар сар хүртэл эхний давлагаа явна. Дараагийн давлагаа нь хоёрдугаар сараас үргэлжилдэг" хэмээн ярилаа.

Амьсгалын замын цочмог халдвараас сэргийлэх өвөрмөц сэргийлэлт, өвөрмөц бус сэргийлэлт гэж байдаг. Өвөрмөц сэргийлэлт нь вакцинжуулалт юм. Харин өвөрмөц бус сэргийлэлт нь бидний өдөр тутамдаа хийж хэвшсэн маск зүүх, гараа тогтмол угаах, амин дэмтэй хоол хэрэглэх гэх мэт юм гэдгийг зөвлөв.
Эх сурвалж: Өдрийн сонин
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?