АНУ, БНХАУ-ЫН УДИРДЛАГЧИД УУЛЗЛАА

2022-11-15  

АНУ, БНХАУ-ын удирдагчид Индонезийн Бали аралд эхлэх гэж буй “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд нүүр тулан уулзлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн онд тангараг өргөснөөс хойш талууд анх удаагаа биечлэн уулзаж буй нь энэ юм.

Ж.Байден уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэнээр, талууд хөндсөн асуудал бүрийн талаар нарийвчлан хэлэлцэх өндөр албан тушаалтуудын уулзалтыг хийхээр тохиролцсон байна.

"Бид эрчтэй хүчтэй өрсөлдөх болно. Гэхдээ би сөргөлдөөнийг эрэлхийлэхгүй, харин энэ өрсөлдөөнийг хариуцлагатай зохицуулахыг зорьж байна. Мөн улс орон бүр олон улсын дүрэм журмыг дагаж мөрдөх нөхцөлийг баталгаажуулахыг хүсэж байна. Бид энэ талаар хэлэлцсэн” гэж тэрбээр хэлжээ.

Даваа гарагт уулзалт эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Вашингтон, Бээжингийн харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгахыг зорьж байгаагаа илэрхийлсэн байна.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, талууд энэхүү уулзалтынхаа дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятдад хийх айлчлалын төлөвлөгөөний талаар тохиролцжээ.

Ж.Байден хэлэхдээ, “Хоёр орны удирдагчдын хувьд бид БНХАУ, АНУ санал зөрөлдөөнөө зохицуулж чадна гэдгийг харуулах үүрэгтэй гэж бодож байна” гэв.

Ши Жиньпиний хувьд, “Томоохон эдийн засагтай хоёр орны удирдагчдын хувьд зүг чигийг тогтоож, зөв замналаар замнах хэрэгтэй” гэдгийг онцолсон байна.

АНУ-БНХАУ-ын харилцаа нь аюулгүй байдал, эдийн засаг зэрэг янз бүрийн асуудлаас үүдэн хүйтрээд байгаа юм. Түүнчлэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Уг явдлын хариуд Бээжин Тайванийн эргэн тойронд томоохон цэргийн сургууль явуулсан юм.

Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг Ши Жиньпиний хэлсэн үгийг эш татан, “Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цом, Хятад-АНУ-ын харилцааны улс төрийн үндэс суурь, хоёр талын харилцааны хэзээ ч давж болохгүй эхний улаан шугам юм” хэмээн мэдээлсэн байна.

Ж.Байден АНУ “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэх үзэл баримтлалаа өөрчлөөгүй, харин талуудын статус квог аль нэг тал дангаар өөрчлөх аливаа оролдлогын эсрэг байр суурь баримталдаг гэж мэдэгдсэнийг Цагаан ордон уламжилжээ.

 

Эх сурвалж: ЖАКАРТА. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?