АЙЛЧЛАЛ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛААС ОНЦЛОХ НЬ

2022-11-29  

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 27-28-нд БНХАУ-д төрийн айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийж, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Мөн хоёр тал хамтын ажиллагааны 16 баримт бичигт гарын үсэг зурж, төгсгөлд нь айлчлалын үр дүнгээр Хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой айлчлал боллоо гэж талууд санал нэгтэй тэмдэглэж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тааламжтай үедээ Монгол Улсад дахин айлчлахыг урьсан юм.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлал Монгол Улсын валютын орлогыг эрс өсгөхөд тодорхой хувь нэмэр оруулна хэмээн шинжээчид үзэж байна. Эдгээрийн онцлох үр дүнгээс дурдвал:

1. Юуны түрүүнд Талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол, Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг дахин нотолж, тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэдгээ дахин илэрхийлэв.

2. Монгол, Хятадын улс төрийн сайн харилцааг үргэлжлүүлэн хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болгож, хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров. Энэ хүрээнд “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов.

3. Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо. Худалдааны эргэлт одоогоор  10 тэрбум ам.доллар байгаа юм.

4.  Монголын тал нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжив. 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь хамгийн өндөр үзүүлэлт болж байсан юм.

5. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүүхэд Залуучуудын спорт цогцолборыг БНХАУ-ын тал буцалтгүй санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэхүү цогцолбор өдөрт 5000-6000 хүүхэд залуучууд спортоор хичээллэх боломжтой, дэлхийд эхний 10-т орох томоохон төв болох юм. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлэхээр тохиролцов. Урьдчилсан тооцоогоор дээрх хоёр төсөл 600-800 тэрбум төгрөгийн өртөгтэй болох тооцоолол байгаа бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж байна.

6.  Монголын талаас холболт хийхэд бэлэн болсон Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги зэрэг экспортын төмөр замуудын холбоосыг эрчимжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохирлоо.

7. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд газар доогуурх гүүрэн байгууламжийн төслүүдийг БНХАУ буцалтгүй тусламжийн хүрээнд санхүүжүүлнэ. Улаанбаатар хотын 4 байрлалд гүүрэн байгууламж барьж байгуулах юм.

8.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг дэмжин Монголд судалгааны төв байгуулахаар тохиролцлоо. Энэ ажлыг БНХАУ-ын талаас Хятадын үндэсний ойн аж ахуйн газар, манай талаас БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх юм.

9.  Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалт, хөгжлийн цоо шинэ хөтөлбөр баталлаа. Ингэснээр хоёр орны эдийн засгийн харилцааны шинэ эрин үеийг эхлүүллээ.

10. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг Хамтарсан мэдэгдэлд оруулж, анх удаа Хятадын тал албан ёсоор баталгаажууллаа. Худалдан авагч тал баталгаажуулснаар төсөл эрчимжиж суурь тавигдаж байгаа юм.

11. Мөн 2023 оны 7 дугаар сард дуусах байсан Хятадын Төв банктай хийсэн своп хэлэлцээрийг сунгахаар тохиролцлоо. Уг асуудлыг сунгах саналыг манай талаас өнгөрсөн 2 дугаар сард дэвшүүлж байсан бөгөөд энэ удаагийн төрийн айлчлалаар баталгаажуулж, хугацаа нь болохоор сунгана гэдгээ Хятадын талаас илэрхийллээ. Манай улс ирэх оны 4 дүгээр сард своп хэлэлцээрийг сунгах хүсэлтээ албан ёсоор өгч, баталгаажуулах боломжтой болж байгаа юм.

12. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

13. Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г өндрөөр үнэлж, уг механизм нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

14. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын XVII бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонд хятадын тал баяр хүргэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?