ЖАГСААЛ БОЛГОНЫ АРД ЭЗЭН БАЙДАГ ГЭДЭГ...ЭНЭ УДААД.. (Таамаглал)

2022-12-05  
Монголд жагсаал цуглаанаар мэргэшсэн цөөхөн улс төрч бий. Нэг нь ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний багийн гишүүд болох Батзандан, Уянга нар. Нөгөө нь ерөнхий сайд Оюун-Эрдэнэ. Мөн тэдэнтэй хоршдог. Тэд асуудлыг олны хүчээр шийдэх нь зөв гэдэг байр суурийг баримталдаг. Энэ бол тэдний улс төр. Оюун-Эрдэнэ, Батзандан нар ийм л тэмцлийн үр дүнд УИХ-ын дарга М.Энхболдыг шахаж шаардаж, өрөө рүү нь босогчдын хамт дайран орж, огцрох шаардлага гардуулж байсан нь санаанд буулаа.
Гадаа хасах 30 хэм дөхсөн дүн өвлийн өдрүүд байсан нь давхцана. Оюутнуудыг бодвол тэд өөрсдөө УИХ-ын гишүүн, ордонд өрөө савтай, дулаан дээл хувцас, зузаан өвлийн гуталтай, дээрээс нь Баттулга ерөнхийлөгч дэмжиж байсан үе. Өөрөөр хэлбэл давхар хамгаалалттай байсан гэсэн үг. Тэд ордонд чөлөөтэй нэвтэрдэг хүмүүс байсан. Намын ч Их Хурал нь болох гэж дөхөж байсан цаг. Тиймээс шадар сайд У.Хүрэлсүх ч тэдэнтэй хүч хавсарсан. Дараа нь МАН Их Хурлаа хийж, М.Энхболдоос намын дарга, УИХ-ын дарга зэрэг албан тушаалыг нь хураан авч, өөрсдийн байгуулсан Засгийг нь тарааж, шинээр Засаг байгуулж, У.Хүрэлсүхийг ерөнхий сайдаар томилж байсан түүх хэдхэн жилийн өмнөх. Энэ удаад энэ жагсаал цуглааныг тэр энэ зохион байгууллаа гэж хэлэх үндэслэл, таамаглал бага. Жагсагчид нь залуус. " Ямар нэгэн техник, технологи талбай дээр хэрэглээд байх шиг байна. Одоогоор тагнуулын байгууллага хараахан тогтоож амжаагүй байна. Хэн нэгнийг баривчилсан зүйл байхгүй. Мэдээлэл дамжуулахыг хааж интернетийг унагаж байна гэх ордны мэдээллийг зарим телевиз дамжууллаа.
"Ерөнхий сайд ганцаардаж байна. Тэр нүүрсчидтэй тэмцэхэд хүчин мөхөстжээ" гэж Ерөнхий сайдын зүгийн бололтой пиарын албанаас өрөвдүүлэх бор шувууг нисгэж амжлаа. Үүнээс дүгнэлт хийвэл, жагсаалын ард нүүрсний баг ажиллаж байна гэсэн цуурхлыг Ордноос тарааж байна гэж бодогдлоо. Жагсаалыг улстөрчдийн хэн хэн нь ашиглачих санаа агуулсаар буй нь ил байна. Одоогоор ил ашиглах боломж АН-ын ганц нэг гишүүдэд л байна. Харин залуусдаа хайртай МАН--ын гишүүд, Боловсролын сайд Энх-Амгалан нар ордондоо бүгжээ. Тэд ордноос хамраа ч цухуйлгахаас айж чичирч буй бололтой. Удахгүй болох МАН-ын Их Хуралтай ч энэ жагсаал ямар нэгэн сэжүүрээр холбоотой байхыг үгүйсгэхгүй. Одоогоор намын даргаар Л.Оюун-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргаар ерөнхийлөгч Хүрэлсүхийн төлөөний хүн буюу, ЕТГ-ын дарга Содбаатарыг томилох тохироогоо хийцгээсэн тухай мэдээлэл ордны цонхоор гадагшилжээ. Яг өнөөдрийн нөхцөлд МАН-ын дарга гэдэг албан тушаал бол Монголын ХААН, ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол бүх сан хөмрөгийн эзэн юм. Энэ л утгаар нь холбовол, жагсаалын ард МАН-ын фракц байна гэж бас хардаж болох. Тэд "ХААН" ширээний төлөөх тэмцлээ эхэлсэн байж ч болох.
Юу үнэн бэ? гэвэл МАН-ын өнөөгийн удирдлага хулгайч, дээрэмчидтэйгээ хариуцлага тооцож чадахгүй байгаа нь үнэн. - Нүүрсний хулгай нь бидний бодсон, хэлсэн шиг нүүрсний хулгай биш юм шиг байна, Тоог нь сайтар тулгах, тодруулах хэрэгтэй юм билээ гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Зууны мэдээ" сонинд хэдхэн хоногийн өмнө ярилцлага өгөхдөө хэлсэн үг нь бий. Үүнээс дүгнэвэл энэ Нам, энэ Засаг хулгайчтайгаа тэмцэхээс ухарч буй янзтай.
Нөгөө талаар, Монголд амьдрахад хэцүү болсон. Залуучуудын бүх боломжийг улс төрчид хулгайлсан. Авч буй цалин нь хамарт ч үгүй. Олгож буй тэтгэвэр нь " шүлс" л гэсэн үг. Энэ бол доромжлол юм. Шударга ёс, тэгш байдал алдагдсан. Зөвхөн хоёр намыг дагасан нь сайхан амьдарч, бусад нь зүдэрч буй нь үнэн.
Төгсгөлд нь, 2019 оны 12 дугаар 29 -д буюу яг гурван жилийн өмнө талбай дээр жагсаал зохион байгуулж байхдаа Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс хоёр өгүүлбэрийг Иш татья.
- Монгол хилэгнэж байна, Монгол сэрж байна.
- Урсдаггүй ус ширгэдэг, тэмцдэггүй ард түмэн мөхдөг.
Тэрбээр ийм үгийг хэлж байжээ. Тэр ард түмнээ мөхөхийг хүсэхгүй байх гэдэгт итгэнэ. Залуус задарсандаа биш, ядарсандаа тэмцэлд босоцгоолоо.Тэд Засгийг, УИХ-ыг огцруулах гэж биш, хариуцлагатай, бусдад боломж олгосон нийгэм байгуулах, тэгш шударга ёс тогтоох, залуус гадагшаа дүрвэх биш, эх орондоо сайхан амьдрах нөхцөлийг бий болгохыг эн түрүүнд шаардлаа.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mongol:arai2 2022-12-09
oros :y****2 2022-12-09
hitad:sunu2 2022-12-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?