СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР УЛС ТӨРИЙН ХАР ЗАХ ИД АЖИЛЛАЖ БАЙНА

2022-12-14  

Төв талбай дээр иргэдийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. Жагсаж, Төрийн ордныг гороолж, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж, одоо суултаар үргэлжилж, талбай дээр хонож өнжих боллоо. Шаардлагын уриа лоозон өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Сүхбаатрын талбайд ард түмний үзэл бодлын чөлөөт индэр аялж байна гэж өнөөдөртөө өөдрөгөөр харж байна. Дэлхийн сүүлийн 100 жилийн бүх хувьсгал жагсаалаар л эхэлсэн. Өнөөдөр болж байгаа жагсаалд ирэгсэд, дэмжигсэд анхнаасаа хүсэл сэтгэлийнхээ дуудлагаар ирсэн гэдэгт итгэж байна. Нүүрсний хулгайг ярилцсан, одоо яах вэ гэдгийг хэлэлцсэн, гэвч тэдэнд тогтсон штаб, зохион байгуулагч, гол дүр байхгүй. Яг л ийм өнгөөр эхэлсэн жагсаал цуглаан маань хоёр, гурав дахь өдрөөсөө эхлэн “Жагсаалаа хулгайлуулчихлаа” гэсэн яриатай боллоо. Юу, яасан жагсаал хулгайлуулах вэ гэсэн чинь үнэхээр “Нүүрсний хулгайчдыг илрүүл, хариуцлага тооц” хэмээн шаардаж байсан жагсагчид маань гэнэт “Засгийн газар огцор” болоод явчихсан тууж байв. Нүүрсний хулгайчидтай тэмцье гэж анх шүгэл үлээсэн Засгийн газрыг дэмжиж боссон жагсагчид маань өөрийн мэдэлгүй “Засгийн газраа огцор” болчихсон тууж яваагаа гэнэт ойлгоцгоосон. Эндээс л өнгөт хувьсгалын технологиуд илт мэдрэгдэж эхлэв. Болгоомжлол, учир мэдэх хүмүүсийн хүрээнд бий болсон.

Өнөөдрийн жагсаалаас анзаарагдаж байгаа нь урьд урьдын жагсаалуудын тод дүрүүд, уриалан дуудагчид, зохион байгуулж байсан хүмүүс, аливаа нам хүчин эвсэл, ТББ-уудын тод төлөөллүүдийн хэнийг нь ч жагсагчид хүлээн авахгүй байна. Дабль стандартын талаар нийгэмд шүгэл үлээсэн нөхдийг төв талбайд харагдвал бараг “алах” юм ярьж байна. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ үзэгдвэл нядааж хаях бололтой. Монголын сөрөг хүчин АН-ынхан тэнд нэгдэх гэвэл дүүжилнэ гэнэ. За ер нь бүгдийг тэнд хүлээж авахгүй, хөөж явуулах бололтой. Бүгдийг нь ямар нэг захиалгатай явдаг, хөлсний, том бүлгийн эрх ашгийг хамгаалагчид хэмээн үзэцгээж байгаа гэх.

Энэ жагсаал эцэстээ тэгээд хаана хүрч дуусах нь өнөөдөр хүмүүст сонин байна. Учир нь яг одоо бол Сүхбаатарын талбай дээр улс төрийн хар зах ид ажиллаж байна. Тэнд ч хэсэг хүн “Женко новшийг яая...” гэцгээн цуглан ярьж байхад, урдхан талд нь “Женко энд ямар ч хамаагүй, Хү-к л...” гэсэн хэсэг байх. Тэгвэл наана нь хэсэг хүмүүс “Их хурлыг тараая, дахин сонгууль явуулъя” гэж байхад, нөгөө талд нь “Засгийн газар дотор муусайн нүүрсний хулгайчид нуугдчихсан байна, огцруулъя” гэцгээх. Талбайн голд цөөнгүй бүлэг хүмүүс тойрч зогсоод “Нүүрсний хулгайчид байна гэж анх шүгэл үлээсэн Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийг огцруулна гэж юу байсан юм бэ, хэн тэгээд нүүрсний хулгайтай тэмцэх юм” гэх мэтчилэн ярьцгаах нь холоос сонсогдоно. Олон өнгө, олон янзын дуу хоолой, олон талын үзэл бодол, хандлага үймж байна. Бүгд улс төрийн өнгө аястай, улстөржсөн, улс төрөөр амьсгалсан. Дор хаяж 5000 хүн үргэлж талбай дээр байх шиг байна. Энэ тоо үдэд 10 мянгаас дээш давж байна. Өвлийн энэ тэсгим хүйтнээр бол энэ их тоо. Том жагсаал. Суулт хийн хонож байгаа хүний тоо өдөрт нэмэгдэж байна. Гадныхны нүдээр өвлийн хүйтэнд, гайхаж алмайрмаар дүр зураг.

Төр засгийн эрх барьж байгаа хүмүүсийн хувьд энэхүү олон өдрийн жагсаалд гадна дотны гар хөл орж, зорилгоосоо гажсан, хяналтаас гарсан үймээн болчих вий гэсэн болгоомжлолтой байгаа нь нууц биш. Талбай дээрх олон янзын байр суурь, үзэл бодолд хууль хүчний байгууллагуудын зүгээс хүндэтгэлтэй хандаж, ерөнхийд нь хянаж, хүч хэрэглэхгүй гэсэн байр суурьтай байна. Эндээс юу харагдаж байна гэхээр орчин үеийн жагсаал цуглааныг хүчээр тараахаа больчихсон юм байна. Гэтэл дэлхийн олон улс оронд явагдсан “Өнгөт хувьсгал”-ын элементүүд Монголын өнөөдрийн жагсаалд шууд орж ирсэн байгааг судлаачид анзаараад эхэллээ. Дэлхийн “Өнгөт хувьсгал”-ын эхлэлийг 1989 оны Чехийн “Хамба хилэн хувьсгал” гэж үздэг. Үүнтэй төстэй ажиллагаа Зүүн Европын зарим оронд гарсан. За тэгээд Сербид “Бульдозерийн хувьсгал” эхэлж Ерөнхийлөгчөө Гаагийн шүүхэд өгсөн. Гүржид “Сарнайн хувьсгал”, залгуулаад Украинд “Улбар шар хувьсгал”, Киргизэд “Алтанзулын хувьсгал”... хэмээн наашилсан даа, Монгол руу. Сайн анзаарвал шүү. Монголчууд мэддэггүй юм шиг байна, манай 7 сарын 1-ний хэрэг явдлыг дэлхийн Өнгөт хувьсгалын жагсаалтад “Ноолууран хувьсгал” гэсэн нэрээр нэмсэн байдаг юм. Тэгэхээр бид бас өнгөт хувьсгал хийсэн болж таарах нь...

Өнгөт хувьсгал бүхэн гадны гар хөл оролцсон, санхүүгийн схемтэй, том гүрнүүдийн далд турхиралттай үйл явц байдгийг судлаачид нэгэнт тодорхойлсон. Монголд ноднин зуны Наадмыг эсэргүүцсэн жагсаал болсныг гарцаа байхгүй “Өнгөтэй” гэдгийг судлаачид баталдаг. 7 сарын 1-ний хэрэг явдлыг Олон улсад “Өнгөт хувьсгал” гэж тогтоосон нь өнөөдөр ч давтагдаж болох үйл явц гэдгийг хэлж байна. Үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг улс төрийн түвшинд аваачих зорилготой, тусгай бэлтгэгдсэн нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн шаардлага тавьж, олон нийтийг эсэргүүцлийн хөдөлгөөнд оруулж, шаардлагатай цэгүүдэд маш нууцаар санхүүжилт хийж, мөнгө болон материаллаг зүйлс тарааж, улмаар эмх замбараагүй байдлыг нийгмийн хамгийн цочрол ихтэй масс болох оюутан залуус, бэлтгэгдсэн мэргэжлийн хэсэг бүлэг хүмүүсээр эхлүүлэх, үүнд олны танил хүмүүсийг ашиглах... гэгчлэн Олон улсад нотлогдсон технологиуд өнөөдөр Сүхбаатарын талбайд ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна. Эцсийн үндсэн зорилго, агуулга нь хотын төв талбай дахь олон нийтийн цуглаан, Засгийн газрын гол гол барилгуудыг боогдуулах, эзлэн авах явдал л байдаг. Арай ч үүндээ хүрэхгүй байх гэж найдъя. Монголын өнөөдрийн жагсаалыг одоохондоо улс төрийн хар зах аятай байгаагаар даруухан тодорхойллоо. Маргааш юу болж хувирахыг бол мэдэхгүй. Өнгөт хувьсгалын нэг аюултай үзэгдэл нь Бэлгэдэл бий болгож хэрэгжүүлэх байдаг. Сая тэр Засгийн газрын ордныг бүтэн ороох шахам урт цагаан даавуу гэнэт төв талбайд бий болж, түүн дээр “Засгийн газар огцор” хэмээн бичиж, бүрэнхийд учиргүй орилолдож эхэлсэн нь гарцаа байхгүй “Өнгөт хувьсгал”-ын шинж төрх, зохион байгуулалт. Өнгөт хувьсгал бол өөрсдөөр нь өөрсдийг нь нураалгах айхавтар зорилго агуулсан байдгийг судлаачид нотолсон. Өнгөт хувьсгал өнгө, бэлгэ тэмдэгт их ач холбогдол өгдөг. Учир нь тэмдэгт зүйл нь аман мэдээллийн харьцаанаас иргэдийн сэтгэл зүйд илүүтэйгээр нөлөөлдөг. Тэд хувьсгалынхаа бэлгэ тэмдгээр “улаан сарнай”, “улбар шар” өнгүүдийг сонгодог нь зүгээр ч нэг хэрэг биш гэдгийг монголчууд минь анхаарах цаг болсон. Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нэг тод өнгийн, урт даавуу гэнэт их хэмжээгээр гарч ирж давлагаалбал “Энэ цаанаасаа зохион байгуулалттай, гадны гар хөл орсон, хөөрсөн залуусыг юунд ч турхирч, юунд ч хүргэж мэдэх, гадны хар мэргэжилтнүүд орж иржээ” гэдгийг талбайд жагсагчид маань хурдан ойлгож, гол зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэн, бие биедээ шаардах ёстой юм. Ийм л, яаж ч мэдэх улс төрийн хар зах өнөөдөр Сүхбаатрын талбай дээр бужигнаж байна шүү.

Гэхдээ аливаа жагсаал цуглаан, тэмцэл хөдөлгөөн бүгдэд үр дүн, үнэ цэнэ гэж бий. Өнөөдрийн жагсаал дуусна. Тэр үед өнгөрсөн 30 жилд эх орноо тонон дээрэмдсэн улс төрийн луйварчид, авлигачид бүгд дотроо “За одоо учиртайхан байхгүй бол болохгүй нь. Ард түмэн яаж ч мэдэхээр болжээ. Хэзээ нэгэн цагт миний хулгай баригдах юм байна. Тэр үед юу ч зогсоохгүй юм байна. Эцэстээ эх оронгүй болох, эсвэл шоронд орох хоёр зам л үлдэх нь” гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоно байх. Энэ жагсаал ингэтэл нь мэдрүүлж байгаа гэж итгэж, найдаж байна. Ингэж ойлгоосой, ухамсарлаасай, ухаараасай гэж эх орноо тонон дээрэмдсэн хүмүүст хэлэх байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?