ИХ БРИТАНИЙН СУВИЛАГЧИД 14 САЯЫН ЦАЛИНГАА ГОЛЖ АЖИЛ ХАЯЛАА

2022-12-16  

Их Британийн сувилагчид энэ сарын 15, 20 гэсэн хоёр өдөр ажил хаяхаа зарласан нь олон улсын хамгийн анхаарал татсан асуудал болоод байна. Учир нь сувилагчдын үйлдвэрчний эвлэл байгуулагдсанаас хойших 106 жилийн хугацаан дахь анхны ажил хаялт нь энэ юм. Иймээс тус улсын сувилагчид ямар шалтгаанаар ажил хаяж байгаа хийгээд бусад мэдээллийг тоймлон хүргэж байна.

СУВИЛАГЧДЫН ШААРДЛАГА БА ЗАСГИЙН ГАЗРЫН ЗӨРЧИЛ

Сувилагч Лиззигийн сарын цалин 1800 фунт стерлинг буюу 7.7 сая монгол төгрөг юм. Гэвч түүний цалингийн талаас илүү хувь нь байрны түрээсэнд зарцуулагддаг. Үлдсэн мөнгөө тэрбээр хоёр хүүхэд болон машины түлш гэсэн бусад зүйлсдээ зарцуулдаг учир үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн төлбөрөө төлж чаддаггүй байна. Тиймээс цалингаа нэмүүлэхийг шаардсан ажил хаялтыг дэмжиж байгаа юм. 
Сувилагчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос цалингаа 19 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьжээ. Гэвч Засгийн газрын зүгээс ийм боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Засгийн газраас сувилагчдын цалинг жилд багадаа 1700 ам.доллараар буюу 5.8 сая монгол төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг энэ жилийн эхээр тавьсан ч үйлдвэрчний эвлэлийн хороо татгалзсан юм. Энэ нь тухайн үеийн валютын ханшаар сувилагчдын цалинг 4.3 хувиар нэмэгдүүлсэн санал байв.
Энэ үеэр Үйлдвэрчний эвлэлийн хорооны Гүйцэтгэх захирал, ерөнхий нарийн бичгийн дарга Пэт Каллен “Одоо бүх зүйл хангалттай. Сувилагчид эдийн засаг яг ийм хутганы ирмэг дээрх шиг эмзэг байдалтай, ажлын хатуу нөхцөлд удаан тэсч чадахгүй. Инфляцын өсөлтийг тооцоолон бид цалингаа 19 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Үгүй бол ажлаасаа гарсан сувилагчдын тоо дээд хязгаартаа хүрч, өвчтөний аюулгүй байдалд аюул учраад байна” гэж ярьсан юм.
Харин Их Британийн Эрүүл мэндийн сайд Стив Барклай “Сувилагчдын цалинг 19 хувиар нэмэгдүүлэх боломжгүй. Учир нь тэдний цалинг нэг хувиар нэмэгдүүлэхэд Засгийн газарт 854 сая ам.долларын төсөв хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм. Их Британи 360 мянга гаруй сувилагчтай.

“ЯМАР НЭГЭН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ БОЛ ЦААШИД АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ”

Үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэлийн татвараа төлж чадахгүй байгаа учир хамтран ажиллагсадтайгаа ажил хаялтад нэгдэж чадаагүй сувилагч Лиззи “Энэ бол улс төрийн сонголт биш, санхүүгийн сонголт. Энэ сард болох жагсаалд нэгдвэл хоёр өдрийн цалингаа хасуулах нь надад том асуудал үүсгэнэ. Тиймээс ажил хаялтад нэгдэхийг хүссэн ч үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш учир чадахгүй байна” хэмээн “BBC”-д ярьжээ. Ажил хаялтад нэгдсэн сувилагчид цалингаа авахгүй юм.
Их Британийн сувилагчид 100 мянга гаруй гишүүнтэй “Royal College of Nursing” нэртэй үйлдвэрчний эвлэлд нэгдэхийн тулд сар бүр 20.3 ам.доллар буюу 73 мянга гаруй төгрөг төлдөг. Харин оюутнууд болон шинэ сувилагчид арай бага төлбөр төлдөг. Тус үйлдвэрчний эвлэлд нэгдсэнээр мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах боломж бүрддэг юм. 
24 настай сувилагч Жэйд Адам “Ажил хаялтад нэгдэхгүйгээр ажлаа хийж байгаа ч цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг дэмжиж байна. Мөн боловсон хүчний хомсдол тулгамдсан асуудал болсон. Тиймээс сувилагч мэргэжил миний сонирхлыг татахаа больсон. Одоогийн энэ тогтолцоог зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хэрэв ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бол цаашид ажиллаж чадахгүй” гэв. Тэрбээр сувилагчид COVID-19 халдварын үеэр илүү цагаар ажиллаж, зарим нь халдвар авч, гэрийнхнээсээ өөрсдийгөө тусгаарлан хүнд нөхцөлд ажилласан гэдгийг онцлов.

CNN: 47 МЯНГАН СУВИЛАГЧИЙН СУЛ ОРОН ТОО БАЙНА

Их Британийн сувилагчдын ажил хаях болсон эхний шалтгаан нь бага цалин, хоёрдугаар асуудал нь ажлын нөхцөл юм. Цар тахлын тархалт эхэлсэн сүүлийн гурав орчим жилийн хугацаанд сувилагчдын амьдрал эрс доройтжээ.
Энэ талаар “Nuffield Trust” судалгааны төвийн ахлах судлаач Билли Палмер “Сувилагчдын ажил хаялт бол шинэлэг зүйл. Тэдний цалин бага гэж өмнө нь олон жил ярьсан ч одоогийнх шиг олны анхааралд өртөж байсангүй. Өвчтөний аюулгүй байдал хамгийн чухал. Тиймээс зарим сувилагч ажил хаялтынхаа хажуугаар ажлаа үргэлжлүүлэн хийнэ” гэж “CNN”-д ярьжээ.
Их Британийн сувилагчдын үйлдвэрчний эвлэл байгуулагдсанаас хойших ихэнх хугацаанд ажил хаях журам байгаагүй. Харин 1995 онд тэд энэ дүрмээ өөрчилж өвчтөний яаралтай тусламж үйлчилгээг тасалдуулахгүй бол ажил хаяхыг зөвшөөрсөн билээ. Энэ удаагийн ажил хаялтад төмөр замын ажилтнууд, шуудан хүргэгчид болон түргэн тусламжийн жолооч нар нэгдэхээр болжээ. Тэд мөн цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газартаа тавьсан байна.
2010-2017 оны хооронд инфляцын өсөлттэй холбоотойгоор сувилагчдын цалин жил бүр 1.2 хувиар буурсан гэж Их Британийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хандивын байгууллага болох “The Health Foundation” мэдэгдэв. Үүнээс хойш сувилагчдын цалин нэмэгдсэн ч бүтэн цагаар ажилладаг сувилагчийн жилийн цалин 49 мянган ам.доллар буюу сард 14 саяыг авч байгаа нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад зургаан хувиар буурсан үзүүлэлт юм. Харин хувийн байгууллагын ажилчдын цалин энэ хугацаанд 0.6 хувиар өсчээ. Одоогийн Их Британийн сувилагчдын цалин нь Францаас их ч Автрали, Америкаас хэд дахин бага юм. 
Тиймээс нийт 47 мянган сувилагчийн сул орон тоо Их Британид байгаа нь цалингийн дараах нэг чухал асуудал юм. Нийт сувилагчдын 11 хувь нь буюу 40 мянга нь зургадугаар сард ажлаасаа гарч дахин 45 мянган сувилагч ажилд орсон ч сувилагчдын орон тоо хоосон хэвээрээ байгаа юм. Ихэнх сувилагч нар тэтгэвэртээ гарсан ч ажил, амьдралын тэнцвэр эрс алдагдсан нь сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь сувилагчдын ажлаасаа гарах хоёр дахь том шалтгаан болжээ. Үүнээс гадна ажлыг нь үнэлэхгүй байх, хэт их ажлаар дарах гэсэн шалтгаануудыг мөн дурджээ. Одоогийн энэ ажлын нөхцөл, цалингийн хэмжээг өөрчлөхгүй бол ажлаасаа гарна гэдгээ сувилагчдын 57 хувь нь илэрхийлснийг үйлдвэрчний эвлэлийн хорооны хийсэн судалгаа харуулсан байна.

THE GUARDIAN: ЦЭРГҮҮДИЙГ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЖОЛООЧООР СУРГАВ

Сувилагчид ажил хаях өдрөө эрт зарласан учир Их Британийн Засгийн газар 600 цэргийн албан хаагчийг түргэн тусламжийн машины жолоочийн сургалтад хамруулжээ. Тус улсын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч цэргүүдийг сургалтад хамруулсан нь оновчтой үйлдэл боловч эрүүл мэндийн үйлчилгээ тасалдах нь тодорхой гэдгийг анхааруулсан байна. Тодруулбал, түргэн тусламжийн утсанд хариу өгөх эмч нарын тоо ажил хаялтын үеэр буурах нь тусламж үйлчилгээний ачааллыг эрс нэмэгдүүлнэ хэмээн тэрбээр үзсэн байна.
Их Британийн Эрүүл мэндийн газар болон Хил хамгаалах газраас цэргүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцан ажиллана гэж мэдэгдсэн. Гэвч Засгийн газраас тэд ажил хаясан бүх ажилтны үүргийг бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй гэдгийг анхаарууллаа. Тиймээс Засгийн газар даваа гарагт яаралтай хурал зарлав. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын сайд Оливер Дауден сувилагчдыг ажил хаялтаа зогсоохыг дахин дахин уриалж “Ажил хаялт зарлах нь зөв, учир шалтгаантай үйлдэл гэж ихэнх хүн бодохгүй байна” хэмээн хэлсэн юм. 
Гэсэн хэдий ч сувилагчдын ажил хаялт товлосон ёсоор энэ сарын 15-ны пүрэв гаригт 08:00 цагт эхэлжээ. Үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрмийн дагуу тэд 12 цаг ажил хаях эрхтэй юм. Ажил хаях хоёр өдөр түргэн тусламжийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх бол бусад тусламж үйлчилгээ зогсох юм. Харин дараагийн ажил хаялт энэ сарын 20-нд болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?