БИД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ КРАНТНЫ УСАА Ч ХЭМНЭЖ АМЬДАРЧ БАЙНА, ТЭГЭХЭД ТА НАР ЯАЖ ИНГЭЖ ТОНОЖ ЧАДАВ АА

2022-12-21  

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нэлээд хэд хоногийн өмнө Сүхбаатарын талбайд үргэлжилж буй жагсаалд оролцогчид болон УИХ, Засгийн газрын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн дараа “Жагсагчид гол юмаа асуусангүй”, “УИХ, Засгийн газрын төлөөлөл ч гол юмаа ярьсангүй, аргацаагаад өнгөрлөө” гэсэн шүүмжлэл өрнөсөн. Мөн хэлэлцүүлэгт олон нийтийг төлөөлж оролцсон хүмүүсийг ч шүүмжлэл тойроогүй. Тэр дундаас хамгийн их шүүмжлэл хүлээсэн нь Дархан-Уул аймгаас ирж жагсаалд оролцож буй ногоон дээлтэй эмэгтэй. Түүнийг “Нүүрсний хулгай, хариуцлагын тогтолцооны талаар ярих гэж хэлэлцүүлэгт орсон биз дээ. Гэтэл ард түмэн хэцүү байна. Та нар бид нарыг хайрлаач. 30 жил зовлоо гээд уйлахыг завдсан” гээд л шүүмжилж сууна. Гэвч яг үнэндээ тэр буруу зүйл яриагүй юм шүү дээ. Түүний ярьсан бүгд үнэн. Амьдрал үнэхээр уйлах ч багадахаар байна. Тэр бүсгүй мөн “Бид эх орныхоо төлөө усаа хэмнээд гараа савандаж дууссаныхаа дараа крантаа нээж гараа угаадаг. Тэгэхэд та нарын идсэн уусан, зарсан, үрсэн арай дэндүү байна” гэсэн юм. Энэ бол Монголын ард түмний үнэн төрх, Ерөнхийлөгчөөсөө авахуулаад уих-ын гишүүд уих-ын дарга, Ерөнхий сайдуудын эх орноо тоносон увайгүй үйлдэл ард иргэдийх нь байгаа байдал мөн. Монголчууд бид ядуу хоосон, мөнгө муутай улс орон минь гэж яаж хэмнэж байгаа билээ дээ. Авсан цалингаа амьдралдаа хүргэх гэж ядаж байгаа. Цалин, тэтгэврээ нэмүүлье гэхэд төрийн зүгээс “Мөнгө байхгүй, бүсээ чангалахаас өөр арга алга” гэдэг л байсан. Ядаж багш, эмч нарынхаа цалинг нэмээч гэхэд мөн л мөнгөгүй гээд хөдөлдөггүй. УИХ-ын дарга нь зэвсэглэж очоод уурхай дээрэмдэж нэг удаа тэтгэврийн зээлийг тэглэснээс өөрөөр том дэмжлэг үзүүлээгүй. Бид ч ядуу орны иргэд гэдэг хувь заяандаа эвлэрээд уруу дорой дутуу гуцуу амьдарсаар ирсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар нэг удаа чуулганы хуралдаан дээр “Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай. Бидний олж байгаа орлого хязгаартай. Тиймээс нийт ард иргэд хэмнэлтийн горимд шилжиж, дэлхий даяар болж буй үйл явдлын Монголд туссан сүүдрийг ойлгож, улс төрийн хүчнүүд ч улстөржихгүй, асуудалд бодитой хандах хэрэгтэй” гэж хэлсэн удаатай. Бид үүнд нь үнэмшээд л МАН-ыг сонгуульд ялуулаад л дарга сайд гишүүдийхээ үгнээс гаралгүй өдий хүрсэн. Байгаагаа л хүргэх гэж мэрийхээс төр засгаас юм нэхэлгүй өдий хүрсэн. Иргэдийн ихэнх нь өнөө маргаашийг арай ядан аргацааж байна. Ард түмэнд одоо хэмнэе гээд ч хэмнэх юм үлдсэнгүй. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг “Өндөг бол тансаг хэрэглээ” гэж хэлж ч байсан. Үнэн хэрэгтээ ард түмэн амьдрах биш, амь зогоож байгаа юм шүү дээ. Ард түмэн чадлаараа хэмнэсэн. Улстөрчдөд ард түмэн өртэй юм шиг амьдарч яваа. Гэтэл юу вэ, та бүгдийн хулгайлсан энэ их эд таваар, мөнгө төгрөг гээд ард түмний ухаан санаанд ч орохооргүй их юм гарч ирлээ.

Ард иргэд ч төр засаг минь үнэхээр мөнгөгүй юм байна гэдэгт итгэж амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Гэтэл манай улсад ямар их нөөц боломж байсныг, байгааг нүүрсний хулгай хэлээд өглөө. Монгол Улсыг удирдаж байсан нам удирдлагууд нь хулгайч биш байсан бол бид ингэж амьдрахгүй л байж. Эрх баригчдын хулгайлсан 40 их наядаар хэдэн хүний тэтгэврийг хэдээр нэмэх вэ, хэдэн хүүхдийн мөнгийг өгөх вэ, цалинг хэчнээн удаа нэмэх вэ. Бодоод байх шаардлагагүй ойлгомжтой.

Ийм л их тоо. Иргэд цалингаа нэмүүлье гэж огт жагсдаггүй. Өгснөөр нь хүргээд л байдаг. Иргэд юуны төлөө ингэж амьдарч байв. Улстөрчдөө баян тансаг амьдруулах гэж л лав биш. “Эдийн засаг хүндхэн байна, мөнгө алга, бүсээ чангалъя” гэж гуйдаг улстөрчдөдөө итгэж бас эвлэрч амьдарсан нь энэ. Харин манай улстөрчид “Иргэд ядуу байж л бид баян тансаг байх ёстой” гэж боддог бололтой. Угтаа бид бүгдээрээ баян тансаг амьдрах ёстой. Нэг хэсэг нь хулгай хийгээд баян тансаг амьдраад байхаар яаж шударга ёс тогтож нийтээрээ хүн шиг амьдрах юм бэ.

Монголчуудыг ядуу амьдруулсных нь төлөө, хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлэх хэмжээнд хүргэснийх нь төлөө, аманд ч үгүй, хамарт ч үгүй цалин өгч амь зуулгасных нь төлөө хулгай хийсэн улстөрчдийг хатуу шийтгэх цаг болсон. Ингэж байж алдагдсан бүх боломж, мөнгөө олж авдаггүй юм аа гэхэд үнэн шударга байж байгаа юмаа тэнцүүхэн хувааж амьдарна.

Нүүрсний хулгайн хэрэг илрээгүй бол ус, цахилгаан гээд хэмнэж болох бүхнээ хэмнэж буй монголчуудыг хулгай хийж гаршсан улстөрчид энэ байдлаараа дарласаар байх байв. Хулгай нь сүүлдээ гаараад огт мөнгө орж ирэхгүй болсон тулдаа л илэрч байна. Мэдээж улс юм болохоороо цалин төлбөр төлөх гэтэл бүх гадаад валют нь орж ирэхээ байсан. Тэгээд яав ийв гэтэл тийм ч оффтейк гэрээ, ийм ч оффтейк гэрээнд өгч байгаа гээд хэдэн хулгайчууд нь хуваагаад авчихсан найрлаж байв. Ингээд ард түмнээ салхиар хооллож болохгүй болохоор л хүчээр хулгай илэрч байна. Иргэд нь улс орон ядуу, мөнгөгүй гэдэгт итгээд, эвлэрээд амьдарч байхад үүний цаана хэдэн хүн хулгай хийгээд, худлаа хэлээд амьдарч байж. Манай улсад мөнгө ч байна, боломж ч байсан л юм байна. Хэрэв ман-ын эрх баригчид хулгай хийж улс орноо тоноогүй бол бид дэлхийн хүмүүс шиг л амьдрах боломж байжээ. Бүгд эрх тэгш сайхан амьдрах боломж байсан л байж. Одоо энэ хулгайг зогсоож, хулгайчдыг шийтгэж, цалин, тэтгэврээ нэмье, хүүхдийнхээ мөнгийг нэмье. Цэцэрлэг, сургууль, эмнэлгээ нэмж барья. Яриад л өнгөрдөг, мартдаг, дахиад л итгэдэг, хүлээдэг улс үндэстэн баймааргүй байна. Бид жаахан хэрсүү болмоор байна. Бурууд нүд хурц байж, бүтэхгүй хулгайчид бууны сумнаас ч хурдан шийтгэлийг нь өгдөг баймаар байна. Энэ хулгайчуудаас алдсан боломж, алдсан мөнгөө гаргуулж авмаар байна. Хавар гэхэд долларын ханш хоёр мянга руу уруудаж үнийн галзууралт хазаарлагдаж, дэлхийн дэвшилтэд хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхмаар байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?