Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОДОО БИДЭНД ГУРВАН АРГА ЗАМ БАЙНА

2023-01-12  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн ололт амжилт, алдаа оноог эргэцүүлсэн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр, 1990-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцсэн бүх протоколыг 12 ботиор хэвлэснийг оролцогчдод үзүүлж, танилцуулав. Илтгэлдээ энэхүү 12 боть протоколыг эх сурвалжаа болгожээ. Л.Оюун-Эрдэнэ “Цаг хугацааны хувьд авч үзвэл 15-30 жилийн зайтай олон нийтийн дунд санал асуулга явуулан хуулиа өөрчилсөн байдаг. 1991 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний өдөр ард нийтийн санал асуулга явуулсан байна. Үүнд 7,000 гаруй байгууллага, 9,000 гаруй иргэн оролцож, тэднээс 200,000 гаруй санал ирүүлсэн томоохон хэлэлцүүлэг болсон. 

Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийн түүхийн эерэг ба сөрөг үр дүнг дүгнэж, эдийн засгийн макро үзүүлэлтүүд, экспортыг бүтэц, уул уурхайн голлох бүтээгдэхүүнийг жишээлэн, өнөөгийн улс төр, засаглал, нийгмийн үзүүлэлтүүд, тэр дундаа орлого, хөрөнгийн ялгаатай, тэгш бус байдал, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэргүүд зэрэг ард түмнийг бухимдуулж буй асуудлуудын суурь шалтгаан нь Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоонд оршиж байна. АИХ 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэх санал хураалтаар депутатуудын 186 нь Ерөнхийлөгчийн, 186 нь парламентын засаглалыг дэмжиж, 48 хувиар санал тэнцсэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч П.Очирбат хуралдааны танхимд орж ирээд Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, “Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж мэдэгдсэнээр манай улс парламентын засаглалтай болсон тухай сонирхолтой баримт бий. 

Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Бүгд үүргээ гүйцэтгэсэн.  Одоо бидэнд гурван арга зам байна. Нэгдүгээрт, шинэ Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгад тулгуурлаж батлах, хоёрдугаарт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, гуравдугаарт одоо байгаа эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж тулгамдаж буй асуудлаа шийдэх арга зам байгаа” гэдгийг онцоллоо. Мөн илтгэлийнхээ төгсгөлд, Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийж чадсан, энэ хугацааны ололт амжилт, алдаа дутагдалтай холбоотой бөгөөд шинэ 30 жилийг хэрхэн тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг хэмээн дүгнэсэн юм. Хоёр танхимтай парламент, гишүүдийн тоог нэмэх зэрэг реформын асуудлыг ҮХНӨ-өөр шийдэх боломжгүй, ард нийтийн санал асуулгаар парламентын бүрэн эрхийн хүрээнд шийдэх боломжтой. Үгүй бол хүн солигдлоо гээд нэмэргүй. Өнөөдрийн бүх асуудал ирэх 30 жилд хэвээр үлдэнэ. Арилахгүй. Сонгуулийн тогтолцооны эерэг сөрөг талыг харьцуулж сонгодог парламентын жишиг рүү явахын тулд яах ёстойгоо ярилцаж шийдье. Бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж чадсан хоёр Ерөнхий сайд байгаа. Бусад Засгийн газрын үйл ажиллагаа дундаа тасалдсан. Үүнээс болж сахилга хариуцлагагүй байдал төрийн албаны бүх шатанд нүүрлэсэн. Тэд удахгүй юм чинь гэж бодон ажилдаа хариуцлагагүй ханддаг.  

Төрийн өмчит компанийнхаа засаглалыг сайжруул, улс төрийн намуудын санхүүжилтийг ил болго гэсэн асуудлууд их яригдах болсон. Өнөөдөр төрийн өмчит компанийн "Хурган дарга"-ын гэрээс хэдэн төгрөг олдсоныг та бүхэн харж байгаа. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд дэг журамтай, эрх чөлөөнөөс илүү үүрэг хариуцлагатай байхыг өнгөрсөн түүх сургамж болголоо. Улаанбаатар хотод 586.000 иргэн байхад тавдугаар ДЦС болон бусад асуудлыг ярьж байсан. Харамсалтай нь энэ асуудлаа шийдээгүй үлдээсэн. Үүний улмаас эрчим хүчний хомсдолд орж, дэд бүтцийн асуудал, түгжрэл бий болоод байна. 2022 онд манай улсын эдийн засгийн ДНБ 44 их наяд төгрөг бол гадаад өрийн хэмжээ 96 их наяд төгрөг байна. Улсын төсвөөсөө 4-5 дахин их гадаад өртэй болсон гэсэн үг. Өр тавих нь буруу зүйл биш ч зарцуулалт нь зөв байх ёстой. 

Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн арван хувийнх нь зарцуулалт хэвийн бол 90 хувь тухайн зээлийг өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон.Түүнчлэн Төрийн ордны гадна талд байгаа өндөр оффист томоохон банкны эзэд цугларч, бусдыгаа дуудаж хурал хийдэг түвшинд очсон байна. Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна. Цаашлаад төмөр зам, газрын албанд гардаг асуудлыг цэгцлэхээс өөр аргагүй. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унахад манай улсад ид шидтэн байгаад ч нэмэргүй. Тиймээс бид энэ бүтцийг өөрчлөхгүй бол чөтгөрийн тойрогтоо амьдарсаар л байх болно гэсэн саналыг эрх баригч намын даргын хувиар илэрхийллээ. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?