Н.ЭРДЭНЭХҮҮ: УТААНААС ҮҮДЭЛТЭЙ ЭЛЭГНИЙ ЭСИЙН ХАВДРЫН ШИНЭ МУТАЦИ ИЛЭРСНИЙГ СУДАЛГААГААР ТОГТООСОН

2023-01-18  

“Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлэг АШУҮИС-д өнгөрсөн даваа гаригт болж өндөрлөлөө. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн онцгой байдлын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.


-Агаар, орчны бохирдол хавдрын эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаарх судалгааг хийсэн гэж байна шүү дээ. Судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу?

-Манай эмч нар дэлхийн Сингапур, Франц, Испани, АНУ-ын 14 байгууллагатай хамтран энэ судалгаа хийсэн. Энэхүү судалгаа нь элэгний эсийн хавдрыг үүсгэхэд геномын түвшинд ямар онцлог байна вэ гэдгийг судалсан. Геномын түвшинд үүсч буй мутаци өөрчлөлтийг АНУ болон Европын өндөр хөгжилтэй улс орнуудын иргэдэд үүсч буй элэгний эсийн хавдартай харьцуулж хийсэн. Ингэхэд ижил төрөлтэй мутациуд буюу гепатитын В, С, D вирусээр үүсгэгдсэн хавдар ихэнх нь гарсан ч орчны шалтгаантайгаар мутаци үүсч хавдар бий болсон гэх илэрц бас тодорхойлогдсон. Бүр тодруулбал нүүрсний утааны задралын үр дүнд бий болж байгаа хүхрийн давхар ислээс шалтгаалсан мутаци илэрсэн. Энэ нь монгол хүнд өвөрмөцөөр хавдар үүсгэж байгааг геномын түвшинд баталж дүгнэсэн. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутаци үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хүхрийн давхар ислээс хамааралтай мутацийг хавдар үүсгэж байна уу гээд барууны хөгжингүй орнуудын элэгний эсийн хавдрын мутацитай харьцуулан судалж үзэхэд нүүрсний задралаас үүсэлтэй ийм гажигшилийн илэрц нь зөвхөн монгол хүнд байна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн мутаци нь утаанаас үүдэлтэй хавдраараа өвддөг иргэдтэй Монгол Улс гэдэг нэрийг дэлхий дахинд тараачихаад байнаа гэсэн үг.

-Судалгааг ямар хугацаанд хийсэн бэ?

-Судалгааг таван жилийн хугацаанд хийсэн. Энэ хугацаанд хамгийн эхэнд сорьцуудаа авсан, манайх сорьц нийлүүлэхэд оролцсон. Үүний дараа Сингапур, Франц, Испани, АНУ дөрвөн улсын институтүүдээр геномын судалгаанууд нь хийгдсэн. Геномын судалгаануудын үр дүн нь сүүлийн хэдэн жилд бичигдэн хавдрын судалгааны сэтгүүлүүд дээр хэвлэгдэн гарч ирж байна.

Зарим улс орон агаарын бохирдлыг судлахдаа нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй тийм агаарын бохирдлыг судалж байгаа. Гэтэл бид нүдэнд харагдаж, хамарт үнэрлэгдэж байгаа зүйлийг агаарын бохирдолтой, агаарын бохирдолгүй гэж яриад сууж байгаа ард түмэн шүү дээ. Эдгээр агаарын бохирдлуудын судалгаанд манайх шиг утаатай ийм түвшинд буюу PM2,5 нь 300-аас дээш гарсан агаарын бохирдолтой улс оронд нэг хүн өдөрт 5-6 тамхийг уугиулан татаж буйтай ижилхэн гэж харьцуулсан судалгаа байдаг.

-Нүүрс байгалийн органик түүхий. Шахмал түлшийг ямар нэгэн бодистой хольсон учраас хортой байна уу?

-Би бол үүнийг хэлж мэдэхгүй, нотолгоотой л ярих ёстой. Гэхдээ нүүрс гэдэг бол ямар нэгэн бодистой холиогүй байхад ч хортой бодис ялгаруулдаг бүтээгдэхүүн шүү дээ. Нүүрсний задралаас гарч буй хар утаан дотор тугалга, хүхрийн исэл, азотын исэл гээд маш олон хортой бодисууд байгаа. Эдгээр хортой бодисууд нь хүний биед шууд болон дангаар нөлөөлдөг хортой бодисууд. Ер нь агаарын бохирдлыг бага, дунд, дан, шууд нөлөөлөлтэй гэж ангилдаг. Манай агаарын бохирдлын тоо хэмжээ бол шууд нөлөөлөлтэй гэдэгт орсон байгаа.

Ер нь аливаа зүйл урт болон богино хугацаанд нөлөөлж болно. Богино хугацаанд зүрх судасны эмгэгтэй, даралт ихсэлттэй, судас нь нимгэн байсан хүнд цус харвах болон инфакт өгөх, зүрх зогсох илэрцээр илэрч байгаа. Үүнийг бид тэр бүр агаарын бохирдлоос болжээ гэж дүгнэж чаддаггүй дээ л асуудал байгаа юм. Түүнээс хэрвээ агаарын бохирдолгүй байсан бол эдгээр хүмүүсийн өвчлөлийн тоо өнөөдрийнхөөс эрс бага байх ёстой байсан. Энэ бол шууд буюу богино хугацааны нөлөөлөл. Урт хугацаанд энэ өвчнийг бий болгох гэж нөлөөлж буй нөлөөлөл. Улмаар амьсгалын замын өвчнүүд болон хавдар, зүрх судасны өвчнийг үүсгэхэд гэнэт тархинд цус харвах нөлөөллийг бий болгож, эрүүл хүнд ч энэ үйл явц цаагуураа явагдаж байгаа нь л урт хугацааны нөлөөлөл.

-Таны бодлоор агаарын бохирдлоос иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

-Сүүлийн үед ажиглагдаж буй зүйл бол иргэдээс болж өөрсдийнх нь эрүүл мэнд нь муудаж буй мэт аль болох иргэдээ буруушаасан зүйлсийг ярьж байна. Ер нь бол агаарын бохирдлын үндсэн шалтгаан бол иргэн нүүрс түлж буйдаа ч биш, нүүрс түлэхгүй байх боломжийг нь хангаж өгөхгүйд байгаа юм. Тийм ч учраас иргэд өөрсдийгөө хамгаалах нь зүйн хэрэг боловч агаарын бохирдлыг арилгаж, бууруулахгүйгээр иргэд хичнээн хичээл зүтгэл гаргаад чадахгүй. Гэхдээ өрөөндөө агааржуулалт тавигч тавих боломжтой иргэд тавьж болох ч боломжгүй нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхэд боломжгүй хүмүүст хүрэх нийгмийн бодлого байх ёстой. Гэтэл хамгийн их утаатай байгаа Зурагт, Баянхошуу, Толгойт хавьцаа байгаа хүмүүс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал үүснэ. Машинтай хүмүүс хотоос агаарт гарч, зуслангийн байшиндаа очих боломжтой бол тийм боломжгүй хүмүүс нь хэрхэх гэдэг нь асуудал юм. Тэгэхээр иргэд ингэ тэг гэх нь өрөөсгөл ойлголт ч гэлээ үүнийг мэдэж байх хэрэгтэй. Агаарын бохирдлыг хичнээн мэдлээ ч гэсэн утаанаас тухайн хүн хэрхэн сэргийлнэ гэдэг миний хувьд тархинд буухгүй байна.

Агаарын бохирдол удаан хугацаанд нөлөөлсөн тохиолдолд зуны улирал бид хичнээн агаарт гарсан ч нэгэнт үүссэн эвдрэл эргээд тодорхой олон жилийн хугацаанд арилна гэхээс биш зуны гуравхан сарын хугацаанд арилахгүй. Эдгээр эвдрэл, гэмтлийн кодчилол хүний биед үүссэн байхад бие биенийгээ улам дэмжиж байдаг. Тодорхой агаарын бохирдол гарч ирлээ гэхэд тэр эвдрэл кодчилогдсон учраас цаашаа өөрчлөлт нь үүснэ. Тэгэхээр хүний биед нөлөөлөх нөлөө нь байнгын байж, түүндээ мэдрэг болчихдог юм.

-“Угаартсаар байх уу Улаанбаатарчуудаа” хэлэлцүүлгийн үр дүнг та юу гэж харж байна вэ?

-Маш олон удаагийн хэлэлцүүлэг явагдаж, зохион байгуулагдаж байна. Үр дүнг би юу гэж ойлгож байна вэ гэхээр Монголд эрүүл мэндийн чиглэлээр өөрсдөө санаачилга гарган мэргэшиж, тэр чиглэлийн бодит мэдээллийг нийгэмд болон шийдвэр гаргагчдад хүргэх чиглэлээр ажиллаж буй сэтгүүлчидтэй болсныг харж байна. Энэ сэтгүүлчид ингээд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь маш том алхам. Бид бүхэн өнөөдөр шууд утаа арилна гэдэгт итгэхгүй ч сэтгүүлчид болон иргэний нийгэмлэгүүд хамтран бодитой нотолгоотой зүйлийг ярьж, анхаарлаа хандуулж байгаа нь маш чухал. Үүний үр дүн бол иргэдэд болон Монгол улсдаа асар нөлөөтэй байх том алхам гэж харж байна.

Эх сурвалж Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?