КАЗИНОГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

2023-01-19  

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийг төслийг хэлэлцэн дэмжсэн.  Улмаар өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх товтой байна. 2015 онд УИХ Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн ч эцэслэн батлаагүй юм.

Казиногийн хуулийн төсөлд багтсан онцлох заалтуудыг танилцуулъя.

5.1. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газар олгоно.

5.2. Энэ хуулийн 5.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгосноос хойш таван жилийн дараа энэ хуулийн 5.1-д зааснаас бусад байршилд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар Засгийн газар Улсын Их Хуралд саналаа хүргүүлж болно.

5.3. Энэ хуулийн 5.1-д заасан тусгай зөвшөөрөл /цаашид “казиногийн тусгай зөвшөөрөл” гэх/-ийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. Төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ оролцогчдын санал болгосон үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлнэ.

5.4. Энэ хуулийн 5.3-т заасан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батална.6.1. Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар казиногийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид энэ хуулийн 5.4-т заасан журмын дагуу 30 жилийн хугацаагаар олгоно.

6.3. Казиногийн тусгай зөвшөөрөл бүхий этгээд /цаашид “казино эрхлэгч” гэх/-ийн казиногийн байгууламж барих, казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан хөрөнгө оруулалт нь 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байх бөгөөд тус хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулна.

6.4. Энэ хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч өөрийн хувьцааны 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ.

8.4. Казино эрхлэгч нь Монгол Улсын арилжааны банкаар төлбөр тооцоо хийж, өдөр тутмын орлогоо байршуулна.

9.2. Казино эрхлэгч энэ хуулийн 6.4-т заасан үүрэг болон хуульд заасны дагуу татвар төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар казиногийн тусгай зөвшөөрлийг 10 жилээр сунгана.

13 дугаар зүйл. Казиногийн үйл ажиллагаанд хориглох зүйл

13.1. Казино эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно:

13.1.1. Монгол Улсын иргэнийг, эсхүл 18 насанд хүрээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулах;

13.1.2. нийтэд хандсан зар сурталчилгаа явуулах;

13.1.3. зээл өгч, эсхүл тоглогчийн хөрөнгө, бичиг баримтыг барьцаалж тоглуулах;

13.1.4. шударгаар хожсон тоглогчид хонжворыг төлөхөөс зайлсхийх, татгалзах;

13.1.5. согтуурсан, мансуурсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон тоглогчийг нэвтрүүлэх, тоглуулах;

13.1.6. үйл ажиллагаагаа долоо хоногоос дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зогсоох;

13.1.7. тоглогчийг мэхлэх зорилгоор тоглоомын үр дүнг өөрчлөх, тоглоомын төхөөрөмжийн эд ангийг өөрчлөх, солих, тоглоомын төхөөрөмж болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах;

13.1.8. Зөвлөлийн баталсан жагсаалтад заагаагүй мөрийтэй тоглоом тоглуулах;

13.1.9. галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис үйлдвэрлэх, худалдах, хадгалах, хэрэглэх, дамжуулах гэж заажээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Н.УЧРАЛ ГИШҮҮНИЙ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?