НИСДЭГ МАШИН, УТАСГҮЙ ЗУРАГТТАЙ "CES 2023" ШОУ

2023-02-03  

Хүний амьдралыг илүү хялбар болгох шинэ технологи өдөр бүр гарч байна. Тэгвэл шинээр хүч түрсэн, биднийг гайхшруулах технологиудыг Лас-Вегаст болдог “CES 2023” электроникийн шоугаар жил бүр танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад тус шоунаас өндөр үнэлгээ авч, зөвшөөрөл хүлээж буй технологиудын талаар хүргэе. 

БИЕИЙН БҮХ ЗҮЙЛИЙГ ХЯНАДАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БӨГЖ

Эрүүл мэндийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Movano” компани тус шоуны үеэр “Evie” нэртэй ухаалаг бөгжийг танилцууллаа. Мэдээж эрүүл мэндийн үзүүлэлт хянадаг бөгж, бугуйвч олон болов ч “Evie” нь 
эмэгтэйчүүдийн эрүүл мэндээ хянахад туслах хамгийн найдвартай технологи болж, биеийн нарийн үзүүлэлтүүдийг тоочих чадвартай аж. “Movano” компани шоуны үеэр “Evie нь эмэгтэйчүүдийн амрах хэмнэл, зүрхний хэм, арьсны температур, сарын тэмдгийн мөчлөг, нойрсолтын түвшин болон бусад олон үзүүлэлтүүдийг хянаж чадна” гэж онцлов. Бөгж 300 ам.доллараар борлогдох юм байна.

ГАЗРААР БИШ ТЭНГЭРЭЭР АЖИЛДАА ЯВНА

Өдөр бүр ажил гэрийн хооронд явахдаа газраар биш тэнгэрээр нисэх мөч улам ойртсоор байна. Төсөөллийн загвар зохион бүтээгч “ASKA” компани шинээр гаргаж буй технологио танилцуулдаг “CES 2023” шоуны үеэр “А5” нэртэй нисдэг машиныхаа туршилтын загварыг танилцууллаа. Хэвлэлийн хурал дээр тус компани “А5 бол хамгийн анхны дөрвөн суудалтай нисдэг машин. Цахилгаан хөдөлгүүрээр газар дээгүүр хурдалж чадахаас гадна агаарт 250 метр өндөрт  нисч чадна” гэжээ. Бусад нисдэг машинуудтай харьцуулахад “А5” нь нисдэг тэргэнд зориулсан тавцан дээрээс эгц дээш хөөрөх болон буух чадвартай аж. Бусад цахилгаан автомашинуудын нэгэн адил түүнийг гэртээ цахилгаан станц дээр суурилуулж цэнэглэх боломжтой юм байна. Тус машины хувьд 789000 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах төлөвтэй байгаа аж. 

ХАНАН ДЭЭР БАЙРЛУУЛАХ УТАСГҮЙ ЗУРАГТ

Зурагт гэдэг цахилгаан төхөөрөмж бүтээгдсэн цагаасаа хойш өдгөөг хүртэл олон инновацид орж, улам төгөлдөржсөн ч цахилгааны утаснаасаа салалгүй иржээ. Тэгвэл цахилгаан утасгүй зурагтыг “CES 2023” шоун дээр танилцуулсан байна. Зохион бүтээгчдийн зүгээс “Displace” нэртэй зурагтаа “Дэлхийн анхны утасгүй зурагт” хэмээн ам бардам зарласан аж. Энэхүү зурагт нь цахилгааны залгуур болон холбох оролтгүй гэнэ. Мөн багтаамж өндөртэй, сольж болдог зайгаар ажиллах юм байна. Уламжлал ёсоор хавтгай зурагтыг хананд зориулалтын тогтоогчоор бэхэлнэ. Мөн “Displace” зурагтыг хана, цонхон дээр хүчирхэг бумбадагч резинээр наалдуулж тогтоох боломжтой. Үүнээс гадна зурагтыг удирдах удирдлага байхгүй, харин үзэгчийн биеийн хөдөлгөөнөөр удирдах боломжтойгоор зохион бүтээсэн ажээ. Зурагт энэ оны сүүлээр  худалдаанд гарч, 2999 ам.долларын үнээр зарагдах ажээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?