БИТҮҮЛЭХ ЁСОН ХИЙГЭЭД “ТАВГИЙН ИДЭЭ“ ЗАСАХ НЬ

2023-02-20  

Монгол түмний Их баяр – “Цагаан сар”

Монголчууд бид шинийн 1-ний өмнөх өдрийг "БИТҮҮНИЙ ӨДӨР" хэмээн нэрийддэг. Тэр ч утгаараа битүүний өдөр хагартлаа иднэ хэмээн үр хүүхэд, ач зээ нарыгаа цуглуулан залуу гэр бүлийндээ хамтдаа битүүрцгээдэг байна. Түүнчлэн эл өдөр тавгийн идээгээ засаж, шинийн нэгний гоёлоо бэлддэг.

Ирэх жилийн өнгө, эд баялаг, сайн сайхан явахыг бэлгэдэж, хавсай буюу ул боовоор тавгийн идээгээ засдаг. Зассан тавгийн дээр болон дотор чихэр, гурил, будаа биш харин дан цагаан идээ байрлуулах ёстой. Энэ нь малынхаа ашиг шимэнд талархаж, түүнийгээ харуулахын зэрэгцээ ирэх жил ч бас мал төл маань ийм хишгийг дахин авчраарай хэмээн дуудаж байгаа юм.

Залуу гэр бүлүүд 3 эсвэл 4 боовоор идээ зассан байх нь бий. Цагаан сарын жинхэнэ ёсонд тавгийн идээг зөвхөн 5 боовоор л тойруулан засдаг ажээ. Энэ нь хүний махан, ясан, цусан, сүнсэн, гэрлэн хэмээх 5 биеийг бэлгэдэж байгаа юм. Тойргийн тоо нь биеийг илэрхийлдэг бол, дээшлэх үеийн тоо нь гэрийн эзний насыг илэрхийлдэг.

Залуу гэр бүлүүд болон жарр хүртэлх насны гэрийн эзэнтэй айл гурван үеэр тавгаа засдаг. Харин жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг байна

 

Өвлийн адаг сарын хамгийн сүүлийн хоногийн үдэш сар харагдахгүй түнэр харанхуй болоход нэгэн жил битүүрэн дуусч буйн учир хэмээн үздэг.

Битүүний өдөр айл бүрт Лхам бурхан зочилдог

Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг.

Үүний учир нь Лхам бурханы хүлгийн ундааг мөс болно гэж харин будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ гэж үздэг.

Таван тансаг

Битүүний өдөр ууц тэргүүлсэн шүүс зоог, ааруул хурууд, айраг цэгээ, боов, тос, чихэр бал бурам тэргүүтнээр таван тансгаар таваг дүүрэн бэлдэж тавина.

Өвөрмөц идээг бурхандаа өргөдөг байв

Эрт үед Монголчууд бурхан тахилдаа хонины толгой өргөдөг байсан нь өнөө цагт өөрчлөгдөж, бурхны идээ засдаг болсон. Түүнчлэн нутаг нутагт өөр, өөрийн онцлогоор цагаалга засаж, шинийн нэгний өглөө айлд ороод идээ будаа амсахаас өмнө урьтаж цагаалга амсдаг байна.

Ахмад настныдаа бус залуу гэр бүлдээ битүүлдэг

Малчид малаа хотлуулж, гадуур ажлаа хийж дуусаад нэгэн хотныхон аль бага залуу айлдаа идээ будаагаа аван цуглаж, битүүрдэг заншилтай аж. Энэ нь залуу гэр бүлээ эд хөрөнгө, идээ ундаа, хүн бүлээр бүтэн дүүрэн болгох бэлгэ утга агуулдаг. Мөн Айлын битүүлгийн идээнээс хүртээд өөрийн идээнээс таваг, савыг нь дүүргэж өгдөг байна.

Битүүний өдөр хатуу дарс хэрэглэдэггүй

Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг байна.

Битүүний өдөр айлд хонож, үс угаахыг цээрлэдэг

Битүүнд үс угаахгүй. Үсний хар, усны хар, битүүний хар /харанхуй/ гурван их давхцал болох учир тэр. Мөн битүүнд айлд хонодоггүй. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?