Д.ГАНБАЯР: МОНГОЛЫН ТӨР ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИЙГ Б.БААТАР ДЭЭР ХЭРЭГЛЭЭГҮЙ ШАЛТГААН НЬ ОРОСЫН ДААЛГАВРААР АЖИЛЛАСАН ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

2023-03-14  

Цагаан сарын өдрүүдэд монголчууд хотол түмнээрээ баярлаж байх зуур “Чингис хаан” онгоцны буудалд, хилийн зурваст халимаг эр Бормагнайн Баатар гацаад байгаа тухай “Өдрийн сонин” сурвалжилсан билээ. Орос Украины дайныг эсэргүүцсэний улмаас дарамт, шахалтад орж элэг нэгтнүүдээ зорин ирсэн түүнийг манай улс босго давуулсангүй. Харин тэрбээр одоо эрх чөлөөт АНУ-д сэтгэл амар амьдарч байна. Б.Баатарыг тус улс руу гаргахад хамгийн том тус хүргэсэн хүн бол Олон улсын эрх зүйч Д.Ганбаяр юм. Баатар түүнийг АН-ын дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхийн хувьд хууль зүйн зөвлөгөө авах хүсэлт гаргаж Ардчилсан намаас тусламж хүссэн байна. Болсон үйл явдлын талаар түүнтэй дэлгэрэнгүй ярилцлаа.


-ОХУ-ын иргэн Б.Баатарын асуудалд хүний эрхийн өндөр мэдрэмжтэй ажиллаж, Монгол Улсын нэр хүндийг олон улсад авч гарч чадсан танд яалт ч үгүй алга таших ёстой гэж бодож байна.

-Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн улс болсон. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн олон улсын пактыг хүлээн зөвшөөрсөн ардчилсан Үндсэн хуультай улсын хувьд хүний эрхийг хамгаалах үзэл баримтлалтай Ардчилсан намын хувьд, хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд даргын хувьд зүдэрч яваа элэг нэгтэн монгол туургатандаа туслах ёстой гэж уулзсан өдөртөө шийдсэн.

“Чингис хаан” нисэх онгоцны буудалд, хилийн зурваст олон хоносон түүнд Монгол Улс хэрхэн гараа сунгахыг НҮБ болон олон улсын байгууллагууд, дэлхийн улс орнууд анхааралтай харж байсан. Баатарт туслах ажлыг Ардчилсан нам багаараа гүйцэтгэсэн.

-“Б.Баатарын паспортын хугацаа нь дууссан учраас хил давуулахгүй, тэгээд ч манай улс дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй учраас хүлээж авах боломжгүй. Ирсэн газар буюу Казахстан руу буцаана” гэх асуудал яригдаж байсан шүү дээ...?

-Б.Баатарын хувьд дайнаас зугтаж ирсэн дүрвэгч биш, Монголд улс төрийн орогнол хүсч, Монгол Улсаас албадан гаргахгүй байх хүсэлт гаргасан элэг нэгт монгол үндэстэн бөгөөд ОХУ-ын иргэн. Орост цэрэг татлага явагдаж байгаа энэ үед олон орос залуус Монгол руу хил нэвтэрсээр байгаа. Монголоос өөр тосоод авах газар байхгүй гэж итгэж, найдаж ирсэн юм билээ.

Гэтэл паспортын хугацаа нь дууссан, дайнаас зугтаж ирсэн дүрвэгч мэтээр ойлгуулж “Дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй тул Монгол Улс хүлээн авах боломжгүй” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдэгдэл хийж байсан. Олон улсын нийтийн эрх зүйн талаарх мэдлэг хомс ийм хүмүүс төр удирдаж байгаа нь үнэхээр харамсалтай санагдсан.

Монгол Улс дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй нь үнэн. Олноор дайнаас дүрвэж орж ирэх тохиолдолд Дүрвэгчдийн конвенцийн дагуу Засгийн газар үүрэг хүлээх болдог. Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн есдүгээр хавсралтын 5.9 дэх заалтад “...бичиг баримтын зөрчилтэй зорчигчийг тээвэрлээд ирсэн бол тухайн зорчигчийг харгалзан хамгаалах зардлыг хариуцан буцаах үүргийг нь тухайн компани хүлээнэ" гэж заасан байдаг. Энэ конвенц нь Казакстан улсаас авч ирсэн Б.Баатарыг ямар ч зардал гаргахгүй, албадлага хэрэглэхгүйгээр буцаах үүргийг “Хүннү Эйр” компанид хүлээлгэсэн заалт юм. Тэрнээс улсын хилээр шалгаж, нэвтрүүлэх чиг үүрэгтэй Хил хамгаалах ерөнхий газрыг, Тагнуулын байгууллагатай хамтран ирсэн онгоцонд нь хүч хэрэглэн албадан буцаах эрх олгоогүй. Нөгөөтэйгүүр энэ заалт нь энх цагийн буюу дайн дажингүй үед тухайн хүнийг буцаад очиход ямар нэг аюул занал учрахгүй байх тохиолдолд зохицуулдаг гэдгийг ойлгохыг хүсээгүйд асуудал байгаа юм. Гэтэл жирийн иргэнд зориулагдсан олон улсын конвенцийг ашиглаж Б.Баатарыг буцаана гэж муйхарласан явдал бол түүнийг ял авах, үхэл рүү нь илгээж байгаагаас өөрцгүй.

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид Монгол Улс 1984 онд нэгдэн орсон. Энэ конвенцийн 3-р зүйлийн 3.1-т “Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй” гэсэн заалтыг Баатарын асуудал дээр хэрэглээгүй нь Төрийн байгууллага Үндсэн хуулийн 10.2-т заасан Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байгааг нотлосон.

Иргэний болон улс төрийн олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2.1-т “...арьс үндэс, улс төрийн, бусад үзэл бодол ...бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй” гэж заасан байгаа. Гэвч Б.Баатарыг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 11:30 цагт Казакстан явах Хүннү Эйр онгоцыг 43 минут хоцроож албадан хүч хэрэглэсэн, гар утсыг нь булаах гэж үзсэн. Бид түүний яриаг нь бичиж байв. Бас Б.Баатар бусдаас тусламж гуйж хашхирч байсан учраас яалт ч үгүй буцааж чадаагүй.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.3-т Гадаадын иргэн МУ-ын нутаг дэвсгэрт улс төрийн орогнол хүсэх эрхтэй байдаг ч энэ эрхийг хангахгүйгээр гуравдугаар сарын 2-ны өдрийн онгоцоор буцаахаар шийдвэрлэсэн байсан нь яах аргагүй гуравдагч орон АНУ-д улс төрийн орогнол хүсэх боломжийг хангуулахаас өөр аргагүйд хүрсэн.

Хэрэв Б.Баатарыг бид буцаасан бол Монгол Улс НҮБ-ын болон олон улсын гэрээ конвенцуудыг зөрчөөд зогсохгүй, олон улсад хүний эрхийг дээдэлдэггүй, хүмүүнлэг бус, харгис орон гэж харагдах нөхцөл байдал үүсээд байсан юм. Үүнээс болж Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинаа навс унаж, олон улсын санкцид ороход нэг алхам урагшлуулах байв. Манай улс Орос Украины дайнтай холбоотойгоор НҮБ дээр гурван удаа түдгэлзсэн байгаа шүү дээ. Уг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг эсэргүүцэх нь Ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсын үүрэг баймаар. Харин өнөөдөр АНУ-д инээмсэглэн сууж буй түүнийг маш азтай нэгэн юм гэж олон хүн ярьцгааж байгаа нь тодорхой. Том зургаараа манай улс өөр дээрээ хүлээх эрсдэлийг зайлуулчихлаа гэж улс төрийн хүрээнийхэн надад хэлж байсан юм.

-Ингэхэд Б.Баатар яагаад Оросоос зугтах болов. Хэрэв түүнийг эх орондоо буцаж очвол ямар хувь тавилан хүлээж байсан бэ. Энэ тухай танд ярьж байв уу?

-ОХУ-ын Эрүүгийн хуульд 2022 оны есдүгээр сард өөрчлөлт орж дайн болон дайчилгааны ажиллагаанаас татгалзсан тохиолдолд хүнд гэмт хэрэгт тооцож 3-10 жилийн ял оноохоор болсон. Мань хүн эх орондоо буцаж очих юм бол шоронд хоригдох, улс төрийн гэмт хэрэгтэн гэж үзвэл цаазлуулах ял авах ч нөхцөлд хүрэх юм байна лээ. Түүнийг ийм шийтгэл амсана гэдгийг мэдсээр байж бид буцаасан бол олон улсын конвенцийг биелүүлээгүй асуудал гадаадын хэвлэл мэдээллээр цацагдах байсан. Б.Баатар бидэнд ярихдаа “Намайг Казахстан руу нисгэвэл тэндээсээ Орос руу явуулах нь тодорхой” гэж байсан. Орос Украины дайн дөнгөж эхэлж байхад Казахстан болон хуучин ЗХУ-ын харьяанд байсан дийлэнхи улсууд эсэргүүцдэг байлаа. Олон улсын харилцаа талаас нь харахад дайны байдал сунжраад ирэнгүүт Казакстан зэрэг орнууд нь Оросыг хүчтэй эсэргүүцэхээ больсон.

Тэрбээр Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгссөн, түүх судлаач юм билээ. Монгол, Халимагийн түүхийн чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэн. Оросын “Яблоко” гэдэг ардчилсан намын Халимаг дахь намын дарга бөгөөд Халимагийн парламентын гишүүн байсан хүн. Өмнө В.Путины засаглалыг эсэргүүцэж, үндсэн хуулиа сүрхий шүүмжилдэг байсан гэсэн. Анх Крымын хойгт болсон Орос Украины дайныг эсэргүүцэгчдийн нэг байж. Мөн Хятадын Засгийн газраас Өвөр монголчуудыг уйгаржин монгол бичгээр сурах асуудлыг хориглосны эсрэг хүртэл байр сууриа илэрхийлж байсан юм билээ.

Б.Баатар нь Орос оронд ардчилсан нийгмийг авчрахын төлөө өөрийн гэсэн үзэл бодлоо идэвхтэй илэрхийлж ирсэн юм байна. Энэ хүн монгол түмнээ гэсэн сэтгэлтэй. Хүссэн хүсээгүй тува, буриад, халимаг, өмнөд монгол гэдэг ч юм уу монгол үндэстнүүдийн хувьд Орос, Хятадын хавчлагад байдаг. Улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй нөхцөл байдалд байгаа. Тиймээс Б.Баатар дөнгөж дайн эхлээд удаагүй байхад буюу 2022 оны гуравдугаар сарын эхээр шууд Казахстан руу явсан гэсэн. Угаасаа түүнийг улс төрийн нөхөд нь “Явахгүй бол болохгүй, дайныг эсэргүүцэж байсан хүмүүсийг хорьж барьж байна” гэсэн болохоор явахаар шийдсэн тухайгаа ярьж байлаа. Тэрбээр Казахстанд байх хугацаандаа олон халимаг нөхдөө тус улсаар дамжуулан барууны орнууд руу дүрвэхэд, улстөрийн орогнол хүсэхэд нь тусалж байсан гэсэн.

-Тэгсэн хэрнээ өөрөө яагаад Монгол руу зүглэсэн юм бол. Барууны орнууд руу гарах боломж байгаагүй гэнэ үү?

-Ярианаас нь сонсоход загасчны морь усгүй гэдэг шиг зүйл болжээ. Казакстан улсад байхдаа олон монгол туургатныг баруун руу явахад Элчин сайдын яамдаар дамжуулан тусалж байсан гэсэн. Процессын хувьд европ уруу гаргахад ачаалал ихэссэн учир хүлээж байгаад яах аргагүй паспортын хугацаа дуусах дөхөхөөр нь Монголд ирсэн юм билээ. Монголыг ардчилсан нийгэмтэй улс болохоор тосоод авна гээд итгэсэн гэсэн.

Түүний паспортын хугацаа хоёрдугаар сарын 22-нд дуусах байсан. Тэгээд хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар 20-нд Казахстаны Алматтагаас Улаанбаатар руу нисэх тийзээ бичүүлж авсан. Гэтэл түүнийг Казахстаны хил дээр 48 цаг буюу хоёр хоног саатуулж байгаад 22-нд нь Хүннү Эйр онгоцоор Монгол руу явуулж. Монголд ирэхэд хоёрдугаар сарын 23-ны өдөр болсон тул Хил хамгаалах байгууллага Монголын хилээр нэвтрүүлээгүй юм билээ. Дээр хэлсэнчлэн тус улсын Оросын талд үзүүлж байгаа байр суурь нь суларсан болохоор Б.Баатарыг тэнд байхад нь барих гэж нэлээд оролдсоныг үгүйсгэхгүй. Эсвэл өөрсдөө бариад явуулчих гэхээр нэр хүндээ бодсон ч байж магадгүй. Ямартай ч паспортынх нь хугацааг дуусгаад Монгол руу явуулчихвал тэндээсээ баригдаад буцаад ирнэ гэсэн байдлаар хандсан байх гэж би хувьдаа хардаж байгаа.

-Паспортын хугацаа нь дууссан зорчигчдыг цагаан хуудсаар хил нэвтрүүлээд байдаг биш бил үү...?

-Монгол Улсын Хилийн тухай хуулийн 16.1-т “... агаараар нэвтрэх зорчигчийг хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр нэвтрүүлнэ” гэж бий. Нэгэнт дээр дурдсан Эрүү шүүлтийн конвенцийн дагуу Монголын төр буцаан явуулах эрхгүй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 13 дугаар зүйлийн 13.2-т “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотор эх орноо орхин явах эрхтэй...” гэсний дагуу Үндсэн хуулиар олгосон үүргийн хүрээнд болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22.3-ыг л зөрчөөгүй бол улсын хилээр нэвтрүүлэх боломжтой байсан. Тэр нь Монгол Улсад нэвтрэх зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй бол хилээр нэвтрүүлэхгүй байж болно. Улс төрийн орогнол хүсч байгаа хүнийг паспортгүй байхад хүртэл нэвтрүүлж, цагаан хуудсаар нэвтрүүлж байсан зөндөө л кэйс бий. Улс төрийн орогнол хүсч байгаа учраас паспортын хугацаагаа дууссан байх нь шалтгаан биш, нэвтрүүлэхгүй байх шалтаг юм даа. Миний олж харснаар цаанаасаа паспортын хугацаа нь дууссан хүнийг явуулж Монголд ирэнгүүт нь буцаана гэсэн улс төрийн захиалга байсан болов уу. Яагаад гэвэл болсон үйл явдлууд нотолж байгаа юм.

-Олон улсын болон Монголын хууль эрх зүйн талаар ойлгомжтой тайлбарласанд баярлалаа. Одоо хоёулаа болсон үйл явдлын талаар ярилцъя. Та анх Б.Баатартай яаж холбогдож, танилцсаныг сонирхмоор байна?

-Надад аливааг нуугаад байх ямар ч зорилго байхгүй. Удирдлагын академид 10 гаруй жил багшилж байсан нээлттэй хүн гэдгийг шавь нар маань мэднэ. Манай Булган гэдэг найз хоёрдугаар сарын 24-ний орой над руу холбогдоод, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монголын хилээр нэвтэрч чадахгүй ОХУ-ын иргэн, халимаг хүн ирсэн юм байна. Хөшигийн хөндий рүү яаж явахыг мэдэхгүй байна, хамт яваад өгөөч” гэж хань татсан. Би ч зөвшөөрч хамтдаа маргааш нь буюу бямба гаригийн өглөө очсон. Би хил хамгаалахын нөхөдтэй ярилцаж, бичиг баримтаа үзүүлэн даргаас нь зөвшөөрөл авч нэвтрэх үнэмлэх авч орсон. Булган унаган орос хэлтэй учир орчуулга хийж ярилцсан. Б.Баатартай хоёр цаг гаруй ярилцаж нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журмын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй юм байна гэж дүгнэсэн л дээ. Ингээд эрх чөлөөний төлөө ардчилсан үзэлтэй элэг нэгтэндээ туслах хэрэгтэйг ойлгосон. “Надад хууль зүйн зөвлөгөө хэрэгтэй байна. Та намайг итгэмжлэн төлөөлж чадах уу” гэхээр нь зөвшөөрсөн. Булган тэр өдөр очихдоо сим карт аваад очсон байсан тул ярилцаж байгаад надад албан хүсэлт ирүүлсэн.

-Таны найз Булган түүнийг онгоцны буудал дээр гацсан тухай мэдээллийг яаж авсан юм бол?

- Булганы Финляндад байдаг буриад найз нь холбогдсон юм билээ. Монгол туургатан халимаг хүн нисэх буудалд буугаад хоол ундгүй, холбоо барих боломжгүй байна. Тусалж өгөөч гэсэн юм байх. Б.Баатарыг хоёр хоног хил дээр байх хугацаанд биднээс өөр очиж уулзсан хүн байхгүй. Уулзсаны дараа Дэлхийн Монголчуудын холбоотой ярьж Б.Баатарт хамтран туслах талаар ярилцаж тэдний зүгээс НҮБ, Олон улсын хүний эрхийн байгууллага руу албан бичиг явуулах талаар хамтран ажиллахаар болсон.

-Та хоёрыг анх очиход Б.Баатар ямаршуу байдалтай байв. Холбогдох байгууллагуудтай уулзахад ямар хариулт өгч байсан бэ?

-Б.Баатарын бронхит нь хүндэрсэн, ханиад хүрсэн байдалтай ядруу байсан. Нисэх буудал дахь ХХЕГ-ын удирдлагатай холбоо барихад “Аль хэдийнэ ирсэн газар руу нь буцаах шийдвэр гарсан, ХЭҮК, холбогдох төрийн байгууллагад хандаад шийдвэр гаргавал буцаахгүй байх боломжтой” гэсэн. “Амралтын өдрүүд таарсан учраас даваа гаригт ажил эхлэнгүүт албан бичиг явуулж хөөцөлдье” гээд буцаахгүй байхыг хүссэн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн долдугаар зүйлд “Гадаадын иргэн хүн ямар нэгэн байдлаар гэмт хэрэг хийгээгүй бол Монгол Улсын иргэн адил Үндсэн хуулиар олгосон эрх эдэлнэ” гэж заасан. Тэгэхээр энэ хүн хилээр нэвтэрч чадаагүй ч гэсэн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангагдах ёстой. АНУ-ын хувьд гэхэд хилээр нэвтэрч чадаагүй хүмүүст түр байрлах de­tention center саатуулах байр байдаг. Тэнд бичиг баримтын зөрчилтэй, орогнол хүссэн иргэдийг байрлуулж эмчилгээ хийж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх, цагаачлах зэрэг үйлчилгээ авах боломжоор хангадаг. Харамсалтай нь Монголд ийм үйлчилгээ байтугай хилээр оруулж эмчилгээ, оношилгоо хийлгэх ч боломжгүй юм билээ. Б.Баатарыг өөрсдийн гаргасан шийдвэрээр албадаж магадгүй цаанаасаа захиалгаар буцаах гээд зүтгээд хүч хэрэглээд байсан нь Олон улсын конвенци, Үндсэн хууль зөрчсөн эмгэнэлтэй үйлдэл болсон.

-Даваа гаригийн нислэгээр Б.Баатарыг буцаах байсан гэлээ. Түүнд хүч хэрэглэн авч явахыг оролдсон тухай сошиалаар ч нэлээд явсан. Нислэгийг нь яаж хойшлуулсан юм бэ?

-Даваа гаригийн өглөө ХХЕГ, ХЭҮК-т албан хүсэлт өгсөн. Би намынхаа нөхөдтэй ч зөвлөлдөж улс төрийн эрсдэл, шийдэл гарц гаргалгаа байгаа талаар санал солилцсон. Б.Баатарыг тэр өдөр нь буюу хоёрдугаар сарын 27-ны 11:30 “Хүннү Эйр”-ийн нислэгээр буцаах нь хэвээр байсан учраас онгоцны буудал дээр цагийн өмнө очиж ХХЕГ-ын удирдлагатай уулзахад “Хэрэв Б.Баатар өөрөө хүсэхгүй бол албадан буцаахгүй” гэж хэлсэн. Түүнийг Монгол Улсаас улс төрийн орогнол хүссэн, надад хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хүсэлт гаргаснаа танилцуулсан ч Ардчилсан намынхан юм байна гэж шууд ялгаварлаж хандан ярилцаж дуусалгүй үл ойшоож хаяж явсан. Б.Баатартай ярьж нөхцөл байдлыг асуухад “Түүнд хүч хэрэглэж онгоцонд суулгах гэж байна” гэхээр нь “Утсаа салгахгүй, болж байгаа байдлаа хэлээрэй” гээд бид бичлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн.

“Хүннү эйр” компанийн менежертэй тэр өдөр нь уулзахад Б.Баатар “явахгүй гэж чанга хашхирч эсэргүүцэж байсан учраас нислэгийн аюулгүй байдалд хүндрэл учруулбал хэн хариуцлага хүлээх, хэрэв явуулбал 2-3 хүн авч явах хэрэгтэй” гэхэд болиулсан юм билээ. Тэгээд авч явж чадалгүй пүрэв гаригт Казахстан руу нисэх билет бичсэн байгаа юм. Тэр цагаас хойш Б.Баатарын дэргэдээс хүчний бололтой хоёр ажилтан салаагүй юм. Түүнийг хүчээр авч явах нь тодорхой болсон учраас асуудалд улс төрийн өнцгөөс хандаж, олны анхааралд оруулах нь зүйтэй гэж Б.Баатартай зөвлөлдсөн. Тэрбээр фэйсбүүктээ нөхцөл байдлын талаар англиар бичээд зурагтайгаа постолсон байсан. Үүнийг нь намын групптээ оруулж, манайхан олон нийтэд цацаж анхаарлын төвд оруулж чадсан.

-С.Одонтуяа гишүүн Б.Баатартай очиж уулзсан нь нийгэмд шүүмжлэл дагуулаад амжсан. Зарим нь попорлоо гээд л, нөгөө хэсэг нь Орос Монголын парламентын бүлгийн дарга гэдэг утгаараа түүнд тусалж чадах хүн мөн үү гэх асуудал ч хөндөгдөж байсан?

-Нам гэдэг бол хамтын ажиллагаа. Тиймээс Б.Баатар гэдэг хүний эрхийг хамгаалахын төлөө маш сэтгэлээрээ нэгдэж ажилласан. Ямар тактикаар яаж ажиллах төлөвлөгөөгөө ч боловсруулсан. Украинд сургууль төгссөн, дайныг эсэргүүцдэг Д.Ганбат гишүүний хувьд Солонгост ажлаар явсан байв. Ингээд С.Эрдэнэ даргатай ярилцаад Орос Монголын парламентын бүлгийн тэргүүн С.Одонтуяа гишүүнээр туслуулахаар болж утсаар холбогдсон.

“Хүннү эйр” компани түүнд хоол өгсөн юм билээ. Хүчээр авч явах гээд чадаагүй болохоор ч юм уу бүтэн өдөр Б.Баатарт хоол өгөөгүй байсан. Энэ талаар намынхаа группт бичихэд МоАХ-ын Рэнцэнтавхай, Батбаяр тэргүүтэй ах нар очиж хоол, эм, мөнгө өгсөн. Манай МоАХ-ныхан Б.Баатарыг таньдаг юм билээ. Урьд нь Оросын “Яблоко” намынхантай Халимагт очиж уулзаж байсан гэсэн. Тэр үед Б.Баатар бас Монголд ирж байсан, хуучны танил байна, тусалъя гээд очсон юм билээ.

-Б.Баатар “Өдрийн сонин”-д “Монгол миний эцсийн найдвар болчихоод байна” гэж ярьсан. Ерөнхийлөгчөөс улс төрийн орогнол хүссэн. Түүнийг Монголд үлдээх боломж байсан уу?

-Б.Баатар бол дайны түрэмгийлэл хийж байгаа Оросоос зугтаж Монголд улс төрийн орогнол хүсч ирсэн хүн. Гэтэл түүнийг Украин иргэн дайнаас зугтаад дүрвэгч болж байгаа юм шиг буруугаар ойлгуулахыг оролдсон нь үнэхээр харамсалтай. Уг нь Б.Баатар надад улс төрийн орогнол хүссэн хүсэлтээ өгсөн байсан. Тэрийг нь бид хоёрдугаар сарын 28-ны мягмар гаригт С.Одонтуяа гишүүнийг онгоцны буудал дээр ирэхэд нь албан ёсоор Ерөнхийлөгчид дамжуулаарай гээд өгсөн. Гэтэл түүнийг пүрэв гаригт буцаах нь тодорхой болсон талаар мэдээлэл авсан. Үнэндээ Б.Баатарыг Монголд үлдээх боломж хэзээ ч байхгүй. Оросууд үлдээхгүй шүү дээ. Үнэхээр улс төрийн орогнол хүссэн өргөдлөө өгч байгаа боловч тэрийг хэзээ ч шийдэхгүй л байхгүй юу.

Төрийн толгойд байгаа нөхөд орос ах нараасаа айгаад дарамтанд орсон гэдэг нь тодорхой юм билээ. Орос Украины дайныг түдгэлзсэн саналаа НҮБ-д гурван удаа өгчихөөд сууж байгаа нь үүний тод жишээ. Эрх баригч намынхан орос ах нараас айдаг үзлээсээ одоо болтол салахгүй байна. Ийм байгаа цагт Монгол хэзээ ч Үндсэн хуулиар тунхагласан тусгаар тогтносон, бие даасан, хараат бус улс болж хөгжиж чадахгүй. Монголчууд бид гадаад улсын дотоод асуудалд орж байгаа хөрш оросуудаас айгаад байх ямар ч шалтгаан байхгүй. Бид тусгаар тогтносон эх оронтой, газар нутагтай, туурга тусгаар бүрэн эрхт улс гэдгээ мартаж болохгүй.

-Та ярилцлагын эхэнд Б.Баатарыг буцаах захиалга үйл явдлуудаар нотлогдсон гэлээ. Оросууд захиалсан гэж хэлээд байна уу. Та бас түүнтэй үл таних этгээд очиж уулзаад, Монголоос явахыг зөвлөсөн тухай Б.Баатар албан хүсэлт дээрээ дурдсан гэсэн. Тэр ямар учиртай хүн байсан юм бэ?

-Хоёрдугаар сарын 28-ны 15:00 цагт “Хүннү Эйр” Улаан-Үүдийн нислэгийн хуваарьтай байсан. Тэрүүгээр Б.Баатарыг авч явж магадгүй гэж дүгнэлт гаргасан. Яагаад гэвэл биднийг хотод телевизэд ярилцлага өгөөд явж байх хооронд үл таних хүн өөрийгөө Гадаадын иргэн харьяатад ажилладаг гэж хэлээд Б.Баатартай унаган оросоор чөлөөтэй ярилцсан гэсэн. Дүр төрхийн хувьд монгол хүн шиг хэрнээ эрлийз гэж хэлсэн. Тэрбээр Б.Баатарын улс төрийн үзэл бодлыг нэлээд тандаж В.Путины дайн энэ тэр гэж ярьж байгаад Б.Баатарыг буцаж явах хэрэгтэй, Монгол Улс хэзээ ч улс төрийн орогнол өгдөггүй гэж ятгасан байгаа юм. Ингэхдээ ОХУ-ын Ростов, Буриад, Эрхүү гэсэн гурван хот руу та явах боломжтой гэж тулгасан юм билээ. Энэ хүний биеийн хэлэмж, гаднах төрх, үг ярианаас нь ОХУ-ын Элчингийн ажилтан гэж таамагласан бололтой. Тухайн нөхцөл байдлыг Б.Баатар надад бичгээр хүсэлт гаргаж өгсөн. Би тэрийг нь ХХЕГ-т өгөхдөө “Үнэхээр тэр үл таних этгээд Гадаадын иргэн харьяатад ажилладаг эсэхийг тодруулж Оросоос зугтаж ирсэн хүнийг яагаад элчингийнх нь (тагнуулын) хүнтэй миний зөвшөөрөлгүй, дур мэдэн уулзуулсан талаар бичгээр тайлбар гаргахыг хүссэн ч одоо болтол хариу өгөөгүй. Нөгөөтэйгүүр тэр хүн өөрийгөө худал танилцуулж Б.Баатарыг төөрөгдүүлж мэдүүлэг авч дарамталсан байна гэж үзэж байгаа. Энэ бол Эрүү

шүүлтийн конвенцийг зөрчсөн ноцтой асуудал. Баатарыг үхэл рүү нь явуулж байна гэдгээ ойлгож байгаа ч Монголын төр Оросын даалгавраар үүрэг гүйцэтгэдэг хэвээр гэдэг нь харагдаж байна. Тэр үл таних этгээд Б.Баатартай уулзаж байх үед бид АНУ-ын элчингийн хариуцсан хүнтэй уулзаж байсан. Энэ үйл явдлын талаар Булган надад хэлсэн. Нисэхийн лавлахаас асуухад тэр өдөр Хүннү Эйрийн Эрхүүгийн нислэг 15 цагт байсан нь бүр хардалт төрүүлж онгоцны буудал руу хурдалсан. С.Одонтуяа гишүүнтэй яриад Баатарыг эргэхийг хүссэн.

С.Одонтуяа гишүүнийг Б.Баатартай уулзах үеэр түүний бронхит нь хүндэрсэн байсан. Би гишүүнээс “Энэ хүний цээжний зургийг авахуулаад өгөөч” гэж гуйсан. Гэтэл гишүүнийг явсны дараа Б.Баатарт тариа хийж эхэлсэн. Тэгэнгүүт мань эр унтаад өгдөг байсан юм билээ. Одоо бодоод байхад унтуулж байгаад авч явах гэсэн санаа байжээ гэж хардаж байгаа. Ер нь бол маш том захиалгатай ажил гэдэг нь олон эх сурвалжаар батлагдсан. Ингээд пүрэв гаригт түүнийг авч явах нь баттай болсон гэсэн мэдээллийг гишүүнээс авсан. “Наад хүнийг чинь буцаана шүү. Сэтгэл зүйг нь бэлдээрэй” гэж хүртэл Казакстан руу хүчээр авч явах гээд чадаагүй хил хамгаалахынхан гарч ирээд надад хэлж байсан. Гэхдээ үүрээр сэм унтуулж байгаад Улаан-Үүдийн нислэгээр авч явах гэж байгаа талаар хардаад, сүүлд нь нээрээ тариа хийнгүүт унтаад байсан даа гэж бодоод сэжиг авсан. Лхагва гаригт буюу гуравдугаар сарын 1-ний 08:55 цагт УИХ-ын дарга Япон руу айлчлах нислэгийн хуваарьтай байсныг хэвлэлээр үзсэн. Мягмар гаригийн орой нь өөрийн фэйсбүүкээр лайв хийж УИХ-ын дарга, гишүүдэд хандаж Япон нисэхээс өмнө Б.Баатарыг эргэж түүнтэй ярилцахыг хүссэн. Тэрбээр айлчлалын өргөн бүрэлдэхүүнтэй явж байсан. Шөнө дунд намынхаа групп дээр пост оруулахад манай Ренцэнтавхай, Батбаяр, Ганпүрэв зэрэг МоАХ-ны ах нар маань “УИХ-ын эрхэм гишүүдээ Баатар тэнд байгаа, туслалцаа үзүүлээч” гэсэн постер бариад зогссон боловч УИХ-ын гишүүдийн хэн ч уулзаагүй, тоогоогүй юм билээ. Улмаар цагдаа ирж, тэднийг өрөөндөө дагуулан орж бичиг баримтуудыг нь шалгаж тэдний эсэргүүцлийг зогсоосон. Өглөө нь Д.Сосорбарам, Сүхбаатар, тэргүүтэй МоАХ-ны ах нар онгоцны буудал дээр ирсэн. Одоогийн Монголын төр яаж хүнийг хэлмэгдүүлж, зайлуулж, юу хийж болдгийг бодитоор харуулсан жишээ бол Б.Баатар гэдэг хүнд тохиолдсон явдал. Эрх баригчид арай дэндүү байна. Үнэндээ тэдэнд хэлэх ч үг олдохгүй юм. Оросууд эрх баригчдад заавар өгөөд байсан гэж дүгнээд хурдан маневр хийж, олон хүнтэй холбоо тогтоож багаар ажилласны үр дүн.

-ХЭҮК-оос хариу өгсөн юм уу?

-ХЭҮК-ийн Дондог гишүүнтэй хэдэн удаа ярьсан. Б.Хунан дарга нь гадаадад явж байгаа болохоор уг гишүүнд хариуцуулсан юм билээ. Ирэхээс нааш хуралдах боломжгүй гэж байсан учраас нэгэнт ХЭҮК-ийн шийдвэр гартал Б.Баатарыг буцаахгүй байх албан бичиг ХХЕГ руу явуулахыг хүсээд шийдүүлж чадаагүй.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гомдолтой байна. Монгол бол эцсийн найдвар гээд Оросоос зугтаж ирсэн элэг нэгтнээ босго давуулаагүйд үнэхээр гомдмоор. Монгол Улс бол Үндсэн хуультай. Хил хязгаар газар нутгийн халдашгүй бүрэн бүтэн байдалтай. Орос Хятад тэр байтугай АНУ хүртэл Монгол Улсын дотоод асуудалд ялангуяа төрийн халдашгүй бүрэн бүтэн байдалд халдах эрхгүй. Гэтэл оросууд өнөөдөр халдаад байна. Оросоос ирсэн даалгаврыг үг дуугүй биелүүлдэг нь Б.Баатарын кэйс дээр нотлогдсон.

-Б.Баатарыг АНУ руу гаргах санаа танд яаж төрөв. Энэ хүн өөрөө зөвшөөрсөн үү?

-Миний бие АНУ-д сургууль төгссөн. АНУ-д төгсөгчдийн холбооны гишүүн. НҮБ-д хандахад хамгийн хурдтай асуудлыг шийдэж болох улс бол АНУ юм билээ. С.Одонтуяа гишүүнд Б.Баатарын улс төрийн орогнол хүсэх өргөдлийг өгөхөөс өмнө би ХХЕГ руу яриад паспортын хуулбарыг нь авсан байв. Үүнийгээ бас АНУ-ын элчин руу явуулсан. Тэгсэн тулдаа энэ хүний АНУ руу явах асуудлыг хурдан шийдүүлсэн. Гуравдугаар сарын 1-ний өглөө АНУ-ын Элчин сайдын яамнаас “Таны хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хүн АНУ явах боломжтой боллоо. Та зөвшөөрөх үү” гэсэн. Б.Баатартай анх уулзахад надаас хууль зүйн зөвлөгөө өгөөч гэж хүсч байсан. Харин үл таних хүн ирээд явсных нь дараа “Би танд амь насаа даатгая. Та заримдаа надтай холбогдохгүй байж болно. Өөрийнхөө зөв гэсэн шийдвэрийг өөрөө мэдээд гаргаарай. Намайг Орост битгий буцааж өгөөрэй” гэж хүсч байсан. Түүнийг амьд гаргах нь миний туйлын зорилго байлаа. Ингээд Б.Баатарыг АНУ руу явах шийдвэрийг Булгантай ярьж бид бие дааж гаргасан юм. Харин Б.Баатар АНУ руу нисэхээсээ цагийн өмнө тийшээ явах гэж байгаагаа мэдсэн.

-Тухайн үед яаж хүлээж авсан бэ?

-Шоконд орсон л доо. Гадагшаа явуулахаас өөр сонголт бидэнд үлдээгүй. Тэгж байж энэ хүнийг аврах юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Би хоёрдугаар сарын 28-ны мягмар гаригт АНУ-ын элчингийнхэнтэй уулзахдаа Америк явуулж өгөөч гэж гуйсан. Тэгтэл маргааш өглөө нь асуудал шийдэгдсэн. Магадгүй би түүнийг АНУ руу явуулахаар бие даагаад шийдвэр гаргасан нь буруу байж ч болно. Харин явсныхаа дараа надад баярлах нь гарцаагүй гэж бодсон. Тэрбээр АНУ-д очсоныхоо дараа Халимагийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Дайн дууссаны дараа эх орон руугаа буцна. Мөн надад тусалсан Ганбаяр, Булган, Элбэгдорж, Одонтуяа болон Ардчилсан намынханд баярлалаа” гэж ярьсан байна лээ.

-Та сая Б.Баатарыг Америк гарах гэж байгаагаа нисэхээсээ ганцхан цагийн өмнө мэдсэн гэлээ. Түүнийг өөрийн хүсэлтээр гуравдагч орон руу явлаа гэж Гадаад харилцааны сайд мэдэгдээд байсан шүү дээ?

-Б.Баатарыг нисэнгүүт Б.Батцэцэг сайд араас нь яаран мэдэгдэл хийхдээ худал ярьсан. Яг үнэндээ Б.Баатар өөрөө ч хаашаа явах гэж байгаагаа мэдээгүй байсанЯагаад гэвэл Б.Батцэцэг сайд Баатар, бидний хэнтэй нь ч уулзаагүй. Нөгөөтэйгүүр түүнийг хаашаа явсныг бид 18 цагийн дотор нууцална шүү гэж тохирсон байхад С.Батцэцэг сайд, Онгоцны буудлын цагдаагийн дарга нь Сөүл явсан гээд нийтэд зарласан. Энэ бол хувь хүний нууцлалын тухай хууль зөрчсөн асуудал. Ингээд ярих юм бол хүчний байгууллагынхан өөрсдөө олон хуулийн заалт зөрчсөн юм шүү.

-Та хоёр сүүлд хэзээ холбогдсон бэ?

-Бид өнгөрсөн долоо хоногт зүүмээр уулзаж ярилцсан. Тэрбээр “Монгол Улсыг чинь хөгжүүлэхгүй байгаа том тээг бол Орос. Та нарыг албаар ядуу байлгаж байгаа шүү. Одоо би аюулгүй байгаа” гэсэн. Манай төр Орос Украины дайныг эсэргүүцэх юм бол Путин ах цахилгаанаа тасалчихна, шатахуун өгөхөө болино гэх айдастай байгаа нь үнэхээр харамсалтай. ОХУ-аас монголчуудыг, залуу үеийхэнийг тархи угаалтаар хүмүүжүүлэх гэж оролдож байгаа нь тусгаар улсын дотоод асуудалд орж байгаа ноцтой үйлдэл. Энэ талаар төр засаг мэдсэн ч мэдээгүй юм шиг чихээ таглаж байгаад харамсаж байна.

Мэдсээр байж хөрш орноороо Монгол Улсын дотоод асуудалд оролцуулж Үндсэн хуулиа сахихгүй байгаа Гадаад харилцааны сайд нь хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө Б.Батцэцэг сайдад хариуцлага тооцож чадахгүй бол Монгол Улсын Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн 66.1-т заасан эрхээ эдэлж Цэцэд өргөдөл гаргана.

Монгол туургатнууд дайныг эсэргүүцэж хүний эрхийн мэдрэмжтэй уриалга гаргах хэрэгтэй. Тэр утгаараа энэ сарын 18-нд “Дайны үр дагавар ба хүний эрх” сэдвээр дэлхийгээр тархсан монголчууд олон улсын цахим хурал зохион байгуулахаар санаачлаад эрх чөлөөний төлөө үзэл бодлоо илэрхийлдэг хүн бүрийг оролцуулахаар төлөвлөж байна. Орос ч байна уу, Украин ч байна уу дайнд хайран сайхан аавын хөвгүүд үрэгдэж байгаа нь үнэхээр харамсалтай.

Эх сурвал: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?