ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ДӨРВӨН ШАДАР ШИНЭЭР ТОМИЛОГДЖЭЭ

2023-03-14  

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/ шинэ Ерөнхий сайд Ли Цяны Засгийн газрын бүрэлдэхүүнийг ням гарагт баталлаа. Ли Цян таван жилд нэг удаа болдог халаа сэлгээгээр бямба гарагт Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон юм.

Ингээд даваа гарагт хаалтын хуралдаанаа хийсэн БХАТИХ-ын анхдугаар чуулганы үеэр хийгдсэн халаа сэлгээг танилцуулж байна.

Дөрвөн шинэ шадар сайд:

60 настай Дин Шюэшян. Тэргүүн зэрэглэлийн шадар сайд, мөн Хятадын эрх барих дээд байгууллага болох Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн юм. Тэрбээр Ши Жиньпиний итгэлт хүн бөгөөд 2006 оноос Шанхайд, харин сүүлийн 10 жил Бээжинд Ши Жиньпиний тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

68 настай Хэ Лифэн нь Лю Хэг залгамжлан эдийн засгийн асуудал хариуцсан дараагийн шинэ удирдагч болж байна. Тэрбээр Ши Жиньпиний эртний хамтран зүтгэгч бөгөөд өмнө нь төрийн төлөвлөлтийн том агентлаг болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороог тэргүүлж байсан юм.

58 настай Жан Гоучин. Эдийн засгийн ухааны доктор тэрбээр улс төрд орохоосоо, түүнчлэн Чунцин, Тяньжин хотуудад, мөн Ляонин мужид удирдах албан тушаал хашихаасаа өмнө батлан хамгаалахын корпорацуудад 20 жил ажиллажээ.

Өдгөө 60 настай Лю Гуожун нь Шаньси мужийн Коммунист намын даргаар ажиллаж байсан юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн таван шинэ гишүүн

Хятадын батлан хамгаалахын шинэ сайдаар өдгөө 65 настай Ли Шанфу томилогджээ. Хятадын хиймэл дагуулын хөтөлбөрт ажиллаж байсан тэрбээр ОХУ-ын зэвсгийн гол экспортлогч Рособороноэкспортоос байлдааны нисэх онгоц болон бусад тоног төхөөрөмж худалдаж авсан хэмээгдэж АНУ-ын хоригт орсон байгаа юм.

Өдгөө 65 настай Ван Шяохун мөн Олон нийтийн аюулгүй байдлын сайд буюу Цагдаагийн газрын даргын албан тушаалыг хашихаар болж байна. 1990-ээд оны эхээр Ши Жиньпинийг Фужоу хотын намын дарга байх үед тус хотын цагдаагийн даргаар ажиллаж байсан тул түүнийг Ши-гийн ойрын хамтран зүтгэгч гэж үздэг.

58 настай У Жэнлүн Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд тэрбээр өмнө нь Жянсу мужийн намын дарга байжээ.

Өдгөө 63 настай Шэнь Ичинь Хятадын хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй болжээ. Өнгөрсөн 10 дугаар сард 24 гишүүнтэй Улс төрийн товчоондоо нэг ч эмэгтэй хүн томилоогүй Коммунист нам уламжлалаа эвдсэн нь ажиглагчдын гайхширлыг төрүүллээ. 

Гуйжоу мужийн намын дарга асан тэрбээр Төрийн зөвлөлийн цорын ганц эмэгтэй гишүүн болж байна.

Чин Ган, 57 настай, Гадаад харилцааны сайдын албыг мөн хашина.  Өмнө нь АНУ-д Элчин сайдаар сууж байсан тэрбээр 2014-2018 онуудад Ёслол Протоколын албаны дарга байхдаа Ши Жиньпинтэй нягт хамтран ажиллаж байжээ. 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүд нь шадар сайд нараас доогуур зиндааны боловч Засгийн газрын сайд нараас дээгүүр эрэмбэлэгддэг. 

Засгийн газрын түвшинд халаа сэлгээг зөвхөн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Батлан хамгаалах яаманд хийжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?